ЗИНДАА 2019.08.20 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 08 сарын 20

#1 СУРВАЛЖИЛГА: НЭГ СУРАГЧИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛД ХАГАС САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд арав хүрэхгүй хоног үлдлээ. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх гээд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьдог. Бид эцэг эхчүүдийн анхаарлаа хандуулдаг сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар “Баялаг-Ундраа”, “Нарантуул” худалдааны төвүүдийг зорилоо.

Бид эхлээд “Нарантуул” худалдааны төв орж сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхов. Наймдугаар сарын сүүлч болоод ч тэр үү өдрийн 12:00 цагт л хөдөлгөөн их байв. Үүдээр нь ороод тав алхаад л дүрэмт хувцасны цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх бөгөөд нь тод цэнхэр нь 15 мянга, бүдэг цэнхэр нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хүүхдэдээ таарах дүрэмт хувцасны үнийг асуухдаа, “Материал нь ямар вэ, ямар компани үйлдвэрлэсэн бэ, хүүхдэдээ өмсүүлж үзэж болох уу” гэх мэт асуултыг худалдагчид тавина. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа бүх сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс иржээ. Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцасны дөрвөн хос 40 мянган төгрөг, охидын гурван хос 30 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 45 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүдийнх 50 мянган төгрөг, охидынх 60 мянган төгрөгөөр зарагдаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#2 БОАО ФОРУМ: АЗИЙН ХҮН АМЫН 82 ХУВЬ НЬ АГААРЫН БОХИРДОЛТОЙ АМЬДАРЧ БАЙНА

"Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал өнөөдөр /2019.08.20/ Улаанбаатар хотноо болж байна. Тус форум нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. "Азийн төлөөх Боао форум" нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож иржээ. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр дээд албаны хүмүүс оролцож байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#3 НЭГ СУРАГЧИЙН "ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРТ 900 ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгасан байдаг. Харин үүнийг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож 2020 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгаа аж.

Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү мөнгөн дүнг  гаргасан бөгөөд ирэх 2020 оноос эхлэн бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 900 төгрөг болж нэмэгдэх нь ээ.

Харин дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардал 2315-3475 төгрөг болон нэмэгдэх гэнэ. Ийнхүү сурагчдын цай, хоолны зардлыг нэмэгдүүлснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн БСШУСЯ-аас өнөөдөр мэдээллээ.

 

#4 МӨНГӨНИЙ ӨМНӨ СӨХӨРСӨН ХАТГАЛЫН УСАН ЗАМ

Хөвсгөл нуурын эрэгт амрахаар очсон хэн бүхний заавал дайрч гардаг суурин газар нь Хатгал тосгон билээ. Хатгалын төв зам хатуу хучилттай болж, гоёмсог модон байшингууд нэмэгдсэн харагдана. Хүн зоны амьдрал ч бас сайжирсан буй за хэмээн найдъя.

Ердөө хориодхон жилийн өмнө эль хульхан, цахилгаан ч үгүй байсан энэ суурин далайн эргийн Усан замаасаа эхлээд танигдахын аргагүй өөрчлөгджээ. Зочид буудал, зоогийн газар, кафе, дэлгүүрийн барилга завсар зайгүй баригдаж, зах ажиллах учир өглөө эртээс эхлээд л түм түжигнэн бум бужигнаж байна. Засмал замын нэг талын эгнээг дүүртэл машин тавьсан байх нь эмх замбараагүй баригдсан байшингуудтай давхцаад далайн үзэмжийг гутааж юу ч үл үзэгдэнэ. Алдарт Сүхбаатар хөлөг онгоц маань дүүрэн хүн суулгаад хөдөлж буйг арайхийн хагас хугас олж харав. Хатгалын Усан замд шавааралдуулан барьсан олон байшингаас хөгжил гэхээсээ илүү бодлогогүй төрийн нүүр царай, газрын наймааны үр дагавар, нэгдсэн төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын хор уршиг л харагдаж байлаа. Усан зам дээрээс гайхалтай гоё харагддаг байсан далайн үзэгдэх орчин үгүй болжээ. Зураг авах юм бол гэр хороолол гэж андуурахаар дүр зураг л ажиглагдана. Сайхан санагдсангүй.

Яг энд нов ногоон зүлэгтэй далайн эрэгт цэнгэг уснаас нь ундаалж, нутгийн иргэдийн зарж байгаа загаснаас аваад ахмад завьчдын хуучийг сонсон ярилцаж суусан сайхан дурсамж бодогдов. Зөрж өнгөрөх хүмүүс дундаас тэднийгээ хайлаа. Харагдсангүй...

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#5 “РИО 2016” НААДАМД ЭСЭРГҮҮЦЭН ТЭМЦСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ШИЙТГЭЛ ДУУСЛАА

Одоогоос гурван жилийн өмнө Бразилын Рио-де-Жанейрод болсон Зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр дэлхийг гайхуулсан нэгэн үйл явдал болсон билээ.

Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан манай бөх Г.Мандахнаран олимпын медальд хүрээд алдсан тэр барилдааны дараа энэ явдал болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө оноо илүү явсан манай бөх ялалтаа тэмдэглэн гүйж, дасгалжуулагч нар маань ч далбаагаа гарган, баярлаж байлаа. Гэвч удалгүй Узбекистаны дасгалжуулагч нар баярлаж эхэлсэн. Учир нь манай бөхийг цаг барьж, зугтсан хэмээн нэг оноогоор торгосон байв. Үүнээс болж сүүлийн оноогоор Узбекистаны И.Наврузов ялалт авч, олимпын хүрэл медалийн эзэн болсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top