Дэлхий дахиныг нөмөрсөн эсэргүүцлийн жагсаалын ЦУНАМИ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал, цуглааны давлагаа үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн улс гүрнүүдийн удирдагчдад ард иргэдийнхээ хүсэлт, хэрэгцээг анхаарч, сонсохыг уриалав.

“Бид Ойрх Дорнодоос Латин Америк хүртэл, Европоос Азийг хамарсан жагсаал цуглааны давлагааны гэрч болж байна” гэж тэрбээр мэдэгдээд Засгийн газрууд ард иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал хийх эрхийг хамгаалах үүрэг хүлээж буйг сануулав. Хэдийгээр янз бүрийн шалтгаан хүмүүсийг гудамжинд гарахад хүргэж байгаа ч бүх жагсаал цуглаанд нийтлэг зүйл байна. Гуттериш “Ард иргэд төрийн бүтцэд итгэх итгэл суларч, нийгмийн гэрээнд аюул учирч байна гээд хүмүүс хууль ёсны эрхээ хамгаалуулах, тэдний амьдралд нөлөө үзүүлж буй шийдвэр гаргахад өөрсдийн санаа бодлоо тусгахыг хүсэж байна” гэж онцолсон.

Латин Америк

Латин Америкт гэхэд хэд хэдэн улс орон олныг хамарсан жагсаалын “хөлд дарагдаад” байна. Эквадорын ард түмний уур хилэн дарагдаж амжаагүй байхад жагсаалын оч Чили болон Болив руу үсрэв. Энэ оны эхээр олон хоног, сар  үргэлжилсэн Гаити болон Венесуэлд Засгийн газрыг эсэргүүцсэн цуглаан болж байсан билээ. Энэ сарын 6-нд Чилид эхэлсэн жагсаал энэ сарын 25-ны өдөр оргилдоо хүрлээ. Энэ өдөр Чилийн нийслэл Сантьяго хотын гудамжинд тус улсын түүхэнд байгаагүй олон тооны буюу нэг сая орчим хүн гарч, Ерөнхийлөгч Себастян Пинераг огцрохыг шаардлаа. Онц байдал зарлаж, хөл хорио тогтоох хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн жагсаалын шалтгаан нь метрогоор зорчих тасалбарын үнийг 30 песогоор /50₮/ нэмсэн явдал байв. Болив Улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мөн л эсэргүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдалд хүрэв. Гол шалтгаан нь энэ сарын 20-нд болсон сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ево Моралесын ялалт байлаа. Тэрбээр сонгуульд ялахын тулд 50 гаруй хувь эсвэл өрсөлдөгчөөсөө 10 хувиар тасарсан 40 гаруй хувийн саналыг авах ёстой байв. Гэтэл Моралес 47.7 хувь, түүний өрсөлдөгч Карлос Меа 36.5 хувийг авсан нь Моралесын өрсөлдөгчдөд сонгууль будлиантуулсан гэх шалтаг гарч ирэв. ЕХ, АНУ болон Латин Америкийн зарим орнууд сонгуулийн хоёр дахь шатыг явуулж, асуудлыг шийдэхийг санал болгов. Эквадорт энэ сарын 2-нд эхэлсэн жагсаал цуглаан Засгийн газраа нийслэл Кито хотоос гаргахад хүргэв. Төсвийн хэмнэлтийн чиглэлээр авах арга хэмжээнд автомашины шатахуунд төсвөөс санхүүжилт олгохгүй болсонтой холбогдуулан түлшний үнэ огцом нэмэгдэж, бараа бүтэгдэхүүний үнэ дагаад хөөрсөн. Эрх баригчид энэхүү шийдвэрээ цуцалж, 12 өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг дарж чадсан.

Улс төрийн хөгжлийн загвараас гадна эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь Латин Америкт олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна. Газрын тос, байгалийн хий зэрэг эрдэс баялгийн экспортоос хамааралтай оршдог эдгээр улсад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унасан нь хүнд цохилт өгсөн. Хүнд хэцүү үед ч эдийн засгийн өсөлт нь тогтвортой байсан эдгээр улсын иргэд ирээдүйд ихээхэн найдвар тавьж хэвшжээ гэж Ассошэйтэд Пресс агентлаг онцолжээ. Ялангуяа дунд ангид эдийн засгийн зогсонги байдал таалагдсангүй. Засгийн газар ядуучуудад нийгмийн халамж олгон, баячуудад цэцэглэх боломж олгосноор тэд өөртөө л найдахаас өөр сонголтгүй үлдэв. Жагсаал бол өөрсдийнхөө тухай сануулах оролдлого юм.

Европ

Аль  2018 оны арваннэгдүгээр сарын 17-нд Францад эхэлж байсан “шар хантаазтнуудын” гэх тодотголтой жагсаал өнөө хэр үргэлжилсээр. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-нд болсон. Анх автомашины шатахууны үнийг нэмэхийг эсэргүүцсэн жагсаалд 282 мянган хүн оролцож байв. Нийгэм, эдийн засгийн шинжтэй шаардлага тавьж байсан жагсагчид Засгийн газар, Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эсэргүүцсэн хөдөлгөөн болж хувирсан.

Испанийн нийслэл Барселон хотноо  энэ сарын 26-ны өдөр олон зуун мянган хүн гудамжинд гарч, Каталон мужийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний тэргүүн нарыг суллахыг дэмжиж жагсав. Албан ёсны мэдээллээр, нийт 350 мянган хүн оролцсон жагсаал жагсагчид, хүчнийхний хооронд мөргөлдөөн гарснаар өндөрлөв. Хоёр долоо хоног үргэлжилж буй жагсаал 2017 онд  Каталон мужийн тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулга явуулсны төлөө тус мужийн эрх баригчдад 9-13 жилийн хорих ял оноосон шийдвэрийг Испанийн Дээд шүүх гаргаснаар эхэлсэн.

Ойрх Дорнод

Баялгийн тэгш бус хуваарилалт, авлига зэрэг ихэнх жагсагчдыг эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаа жагсагчдын уур хилэнг хүргэж байна. Үнийн өсөлт, татварыг нэмсэн нь хүмүүсийг гудамжиндаа гарахад хүргэжээ. Ливан Улсад сүүлийн 15 жил гарч байгаагүй олныг хамарсан жагсаал өнгөрсөн долоо хоногт болов. Засгийн газар нь WhatsApp болон бусад мессенжерийн дуудлагад татвар ногдуулах шийдвэр гаргаснаас үүдэлтэй. Тус улсын Засгийн газар энэ төлөвлөгөөнөөсөө удалгүй татгалзсан ч жагсаалыг зогсоож чадсангүй. Жагсагчид суурь үйлчилгээ болох цахилгаан, усан хангамжийг тасралтгүй хангаж,  ДНБ-ий 150 хувьтай тэнцэж буй улсын өрийг барагдуулж чадахгүй байна гэж Засгийн газраа шүүмжилж байна. Ням гарагт 170 мянга орчим хүн жагсаж, үндэсний эв нэгдлийн “амьд гинж”-ийг үүсгэж, улсын гол гол замуудыг хааж, Засгийн газраа огцрохыг шаардав. Банк, сургууль, томоохон үйлдвэрүүд хаагдсан хэвээр. Иракт өрнөж буй олныг хамарсан үймээнд 157 хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтэж, бэртээд байна. Аравдугаар сарын эхээр эхэлсэн жагсаалд голдуу залуу иракчууд оролцож байна. Тэдний уур хилэнг авлига, ажилгүйдэл, Засгийн газрын албан тушаалыг байгуулсан гавьяагаар бус шашны бүлгүүдэд квотоор хуваарилж буй нь хүргэжээ. Энэ сарын 1-нд эхэлсэн жагсаалыг цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэн дарсан ч  эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадсангүй. Өнгөрсөн пүрэв гарагт жагсаалын ээлжит давлагаа эхэлж, Иракийн бусад хотуудад хүрээгээ тэлсэн. Ерөнхий сайд Адил Абдул-Махди иргэдэд эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлнэ гэж амласан ч жагсагчид түүнийг огцрохыг шаардсаар.

Ази

Энэ хавраас хойш Хонконгд үргэл­жилж буй жагсаалыг гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хуулийн төсөл эхлүүлсэн. Бүхэл бүтэн Хятадын эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг нь байсан Хонконг Дэлхийн худалдааны байгууллагын бүрэн эрхт гишүүн. Өөрийн гэсэн худалдааны бодлого, санхүүгийн зохицуулалттай. Шинжээчдийн үзэж буйгаар эцэстээ үймээн самуун болж хувирсан жагсаалын ард улс төрийн шалтгаан гэхээсээ илүү нийгэм, эдийн засгийн шалтгаан нуугдаж байна. Сүүлийн 20 жил Хятад Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг Хонконг гүйцэхээ больжээ. Өөрийн онцгой гэх тодотголтой онцлогоо “нөөшилсөн” Хонконг Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотуудтай хурц өрсөлдөөнд оров. Үнэ цэнэ нь буурсан Хонконгийн ялангуяа оршин суугчдын өндөр цалинтай ажил олох боломж хомсдов. Нийгмийн байдал нь доройтох болсон нь жагсаал хийх гол шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэж байна. Бээжингийн хувьд Хонконгийн жагсаалыг дарахад ямар ч асуудал байхгүй ч онцгой бүсэд цэрэг оруулах нь тус улсын олон улсын тавцан дахь нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Хонконгийн эмх замбараагүй байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй л байна. Бээжин ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авахгүй, ажиглаж, хүлээх стратегийг баримталж буй нь илт байна.

Дэлхийн дулаарал

Аравдугаар сард Лондон, Парис, Берлин, Амстердам, Сидней зэрэг дэлхийн 60 орчим хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал болов. Жагсагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг Засгийн газруудаас шаардсан. Перу, Индонези, Израил, Герман гээд улс орон мөн л жагсаал цуглаанаас ангид үлдээгүй. Хүмүүс олон зүйлд дургүйцэж буй ч жагсаал цуглаанаас ажиглагдаж буй нийтлэг зүйл бол дэлхийн хэв журам үеэ өнгөрөөж, өөрчлөх цаг болсны дохио юм гэж зарим улс төр судлаачил үзэж байна. Хонконгийн жагсаал улс төрийн шинжтэй харагдаж буй ч бодит байдал дээр нийгмийн шинжтэй. Европ загварын ардчилсан Чилид эрх баригчид тогтмол солигддог ч нийгмийн байдал нь өөрчлөгдсөнгүй, хүн ардын амьдрал хүнд хэвээр. Дэлхийн улс төр дэлхийн эдийн засгийн хямралын нэгэн адил давтамжтай байдаг. Зарим ажиглагчдын үзэж буйгаар, эсрэгээр хүн төрөлхтөн байнга эсэргүүцлээ илэрхийлж байдаг. Нэг жилийн өмнөх байдлыг эргэн харахад нөхцөл байдал ийм л байсан. Дэлхийг хамарч буй жагсаал олон улсын улс төрд гол чиг хандлага болжээ. Гэхдээ энэ үзэгдлийн онцлог шинж, үр нөлөөг үнэлж, анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top