СУДАЛГАА: “Монгол Улс цахим аюулгүй байдлын эрсдэлтэй”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Олон улсын харилцаа холбооны байгууллага болон Касперски компанийн боловсруулсан хоёр ч судалгаанд Монгол Улсыг цахим аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй орон гэж дүгнэжээ. Олон улсын харилцаа холбооны байгууллагын судалгаанд Монгол Улс сүүлийн жилүүдэд Үндэсний дата төв, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг Цагдаагийн газартаа байгуулсан ч кибер аюулгүй байдлыг хангах технологийн нөхцөл бэлэн бус гэж дүгнэнэ гэсэн байна. Хэрэв ойрын хугацаанд кибер аюулгүй байдлыг хангах талаар бодлогын түвшинд арга хэмжээ авахгүй бол тусдаа байгууллага байгуулаад тэмцэх нь учир дутагдалтай гэж үзэж буй аж.

Харин Касперски компанийн судалгааны тайланд дурдсанаар цахим аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй, хариуцсан байгууллага байдаг ч стандартын түвшинд ажиллаж чаддаггүй гэж дүгнэжээ. Өндөр эрсдэлтэй улсын тоонд Монгол Улстай хамт Мьянмар, Мадагаскар, Лаос, Того, Кот Дивуар, Сенегал, Конго, Камерун, Тажикстан зэрэг буурай хөгжилтэй улсуудтай хамт багтсан байна. Учир нь дээрх улсуудын цахилгаан холбоо болон шилэн кабел нь хөрш зэргэлдээ улсуудын халдлага орох боломжтой, интернэт, хувь хэрэглэгчидтэй холбоотой халдлага үүсгэх өндөр нөхцөлтэй гэж дурджээ.

Монгол Улс цахим аюулгүй байдлын эрсдэлтэй орны тоонд сүүлийн 10 жил дараалан бичигдэж байна. Монгол Улсын тухайд 2009 онд Үндэсний дата төвийг байгуулж цахим аюулгүй байдлаа хангах болсон юм. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим хэлбэрт шилжсэн томоохон халдлагууд удаа дараалан гарах болжээ. Ялангуяа дэлхийн ихэнх бизнесийн байгууллагууд ухаалаг гар утас, андройд төрлийн утас, таблетуудын сүлжээнд давших шинэ хаягжилт суурилуулж, мэдээллийн аюулгүйн тоног төхөөрөмжтэй байгууллагуудын тоо ч асар хурдацтай нэмэгдэх болсон. Харин жижиг буурай хөгжилтэй улсуудад технологийн аюулгүй байдлыг хангах технологи нэвтрүүлэх боломжгүй гэдгээрээ голлох халдлагын бай болдог байна. Одоогоос яг зургаан жилийн өмнө буюу 2013 онд мэдээллийн технологийн салбарт виртуалчлал буюу хийсвэрлэл рүү шилжиж, мобайл төрлийн цахим халдлагууд ихсэх болжээ. Тиймээс хувь хүн албан байгууллага гэлтгүй төхөөрөмжийнхөө аюулгүй байдал, нууцлалын системээ хамгаалалттай болгох нь ус агаар мэт чухал байна.

                Өндөр эрсдэлтэй улсын тоонд Монгол Улстай хамт Мьянмар, Мадагаскар, Лаос, Того, Кот Дивуар, Сенегал, Конго, Камерун, Тажикстан зэрэг буурай хөгжилтэй улсуудтай хамт багтсан байна.

Кибер буюу цахим аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрх зүйн орчин маш чухал байна. Манай улс 2005 онд “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр боловсруулж мэдээлэл, харилцааны холбооны технологийн салбарт төрөөс баримтлах дунд хугацааны хөгжлийн бодлогоо тогтоож байлаа. Үүнээс яг таван жилийн дараа Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр баталсан юм. Уг хөтөлбөрөөр Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын цахим мэдээллийн сан, мэдээлэл дэмжих дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, үүнтэй холбоотой тулгамдаж буй арга хэмжээ авах талаар тусгаж байлаа. Үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр жилийн дараа 2012 онд “Цахим Засаг” үндэсний хөтөлбөр батлагдав. Үүгээр төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, иргэдийн оролцоог идэвхжүүлэх тухай зааж байлаа.

Үндэсний хөтөлбөр баталж, Эрүүгийн хуульдаа хүртэл оруулж зохицуулж байсан ч хувь хүн, төрийн байгууллагын аюулгүй байдлыг хэрхэн хангах, дэд бүтцийг хэрхэн зохион байгуулах тухай дээрх үндэсний хөтөлбөрүүдэд нэг ч үг үсэг алга. Тийм учраас цахим халдлага болсон тохиолдолд ямар нэгэн бэлтгэл Монгол Улсад байхгүй гэсэн үг. Хоёр хоногийн өмнө баригдсан 800 гаруй хятад иргэн Монгол Улс мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах ёстой гэдгийн хамгийн том дохио боллоо. Монголчууд бид ялангуяа эрх баригчид яам, тамгын газар, тэдгээрийн салбар агентлагуудад мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ яаралтай хийх шаардлагатай байна. Төрийн байгууллагуудын ажилчдад зориулсан сургалтыг улирал бүр тогтмол явуулбал болзошгүй аюулаас хэрхэн хамгаалах тухай ерөнхий ойлголттой болох юм. Түүнчлэн төрийн болон олон нийтийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгон интернэт орчныг халдлагаас хамгаалах нь зайлшгүй хийх ёстой ажил юм. Кибер аюулгүй байдлыг хариуцсан тусдаа байгууллага байгуулж байж халдлагаас урьдчилан сэргийлэх бодит нөхцөл бүрдэх юм.

Хэрэв бид тодорхой шийдэл гаргаж, зорилготой алхам хийхгүй бол бидний хаяанд цахим халдлага ирчхээд, илрээд байж байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарах, улс орныг хамарсан эрсдэл үүсгэхийг үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(150.129.143.67) 2019 оны 10 сарын 31

Medehgui zuilee bitii bich l dee kk

0  |  0
Top