[БИДНИЙ НЭГ] 15 насандаа АППЛИКЕЙШН бүтээсэн Г.БАТМЭНД ХҮҮ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Г.Батмэнд: Хүний санаа дуусч болох ч программын хөгжил дундаршгүй

Томчууд бид ядарч, зовж байна. Хүнд, хэцүү нийгэмд амьдарч байна гэж юмнаас өө хайхдаа гаргууд болжээ. Тэгвэл өнөөгийн нийгмийн гол өнгө төрхийг тодорхойлох ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид юу хийж, бүтээж, мөрөөдөж байна вэ. Тэдний хүсэл, сонирхлыг бодолцож үздэг томчууд байдаг болов уу. Дэлхий өөрчлөгдөж байхад өөр өөрийнхөө цаг үеэр өнөөгийн залуусыг тодорхойлох зөв үү гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Өнөөгийн нийгмийн төлөөлөл болсон сурагч Г.Батмэнд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүнсалаан дахь зэлүүд, буйд, гэр хорооллын 104 дүгээр сургуульд сурдаг. Гэсэн хэдий ч тэр зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, дэлхийг тольдсон асар том мөрөөдөлтэй. Тэрбээр латин болон кирилл үсгийг монгол бичигт хөрвүүлдэг “Гэгээ” программыг бүтээсэн юм.


-Миний дүү өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс энэ сургуульд сурч байгаа вэ. Хэн хэнтэйгээ хамт амьдардаг вэ?

-Би 2003 онд төрсөн. 16 настай. Нэгдүгээр ангиасаа 104 дүгээр сургуульд сурсан. Ц.Алтанцэцэг багштай Монгол хэл, уран зохиолын арванхоёрдугаар ангид сурдаг. Аавыг маань Ганбаатар гэдэг. “Улаанбаатар төмөр зам”-д сантехникийн инженерээр ажилладаг. Ээжийг Алимаа гэдэг. Ээж гурван дүүг маань харж байгаа.

-Айлын ууган хүү байх ямар вэ?

-Би айлын ууган хүү учраас ээж, аав, дүү нартаа тустай байхыг эрхэмлэдэг. Гэхдээ ээжийнхээ ачаар гэрийн ажил бараг хийдэггүй дээ. 

-Тэгвэл хичээлдээ л анхаараад байна уу?

-Тийм ээ. Би нэгдүгээр ангидаа нэг болон хоёрдугаар ангийн хичээлийг хамт үзэж, улмаар нэгдүгээр ангиас шууд гуравдугаар ангид ахиж суралцсан.

-Багаасаа  л сүрхий хүүхэд байсан бололтой. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө уншиж, бичиж сурсан хүүхдүүд байдаг шүү дээ?

-Би ч гэсэн сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж, бодож сурсан. Ерөнхийдөө хүнээр заалгахгүйгээр дуртай зүйлсээ өөрөө сурчихдаг. Программ зохиохоос гадна photoshop дээр ажиллана. Төрөл бүрийн зурган, зохиомжтой мэдээллүүдийг бэлтгэж чадна.

-Чиний хийж байгаа “Гэгээ” программыг монгол бичгийнх гэж ойлгож болно шүү дээ. Монгол бичгийг яаж сурсан юм бэ?

-Монгол хэлээрээ ярьж, монгол бичгээрээ бичиж сурах бол монгол хүний хийж чадах энгийн л зүйл байх ёстой. Манай ангид гэхэд долоо, найм, есдүгээр ангид монгол бичгийн хичээл орж байгаад гэнэт орохоо больчихсон. Энэ жилээс хичээлийн программд монгол бичгийг оруулна гэж ярьж байгаа боловч хэрэгжих эсэхийг мэдэхгүй юм. Тийм л учраас би өөрөө хичээж байгаад монгол бичгийг сурсан.

-Монгол бичгийн программ зохиох санааг яаж олсон бэ?

-Анх фэйсбүүкт монгол бичгээр “Story” хиймээр санагдаад байсан юм. Гэтэл монгол бичгийг таньдаг программыг би олоогүй учраас тийм программ хийж болох юм байна гэсэн санаа төрөөд шөнө нь суугаад нооргоо гаргасан. Удаа ч үгүй хоёр сарын хугацаанд л программ дээрээ эрчимтэй ажиллаад энэ хүрсэн. Би гэхдээ зөвхөн хүссэн үедээ л ажилладаг. Харин хүссэн бол өдөр, шөнөгүй хийж байгаад л хийе гэсэн ажлаа дуусгачихдаг.

-Программаа хэзээнээс бичиж эхэлсэн бэ?

-Би өнгөрсөн гуравдугаар сард “TMSG” гэсэн нэртэйгээр анхны хувилбараа гаргасан. Энэ үед утсан дээрээс орох боломжгүй, зөвхөн компьютероос ашиглаж болдог байсан. Харин одооны ашиглагдаж байгаа байдлаараа өнгөрсөн долдугаар сарын 23-наас эхлэн гарч байгаа.

-Чиний хийсэн программаас нь хэрэглэгч ямар үйлчилгээ авч болох вэ?

-Апплейкишн биш. Gegee.fun гэж google дээр хайхад л миний хийсэн программ уруу шууд орох боломжтой. Үндсэн хэрэглээ нь бичвэрийг зураг болгоно. Латин болон кириллээр галигласан бичвэрийг монгол бичигт хөрвүүлнэ. Галигаар бичихгүйгээр шууд бичих байдлаар хийж болох ч гэсэн хүүхдүүдийг монгол бичгээ сураасай гэж бодсондоо программын туслах хэсэгт монгол бичгийн галигуудыг мөн оруулж өгсөн байгаа. Жишээ нь, чоно гэдгийг чину-а гэж галиглаж бичихэд шууд монгол бичигт хөрвүүлэх боломжтой. Ингэж хөрвүүлэхдээ бичвэрийн хэмжээг тохируулах, арын дэвсгэр зургийг янз бүрээр солих, текстийн өнгийг өөрчлөх, зураг нэмэх зэрэг үйлдлийг давхар хийх боломжтой. Цаашид ч гэсэн нэмж хөгжүүлэх зүйл олон байгаа.

-Ойрын хугацаанд программаа яаж сайжруулна гэж бодож байгаа вэ?

-Яг ойрын хугацаанд нэмж хөгжүүлж амжихгүй байх. Яагаад гэвэл хийхийг хүссэн зүйл маань одоо байгаа мэдлэгээр хэмжигдээд байна. Элсэлтийн шалгалтдаа сайн бэлдээд программистаар сурна. Суралцах хугацаандаа их зүйл сурна гэсэн хүлээлттэй байна. Тэгээд сурсан зүйлсдээ тулгуурлаад программаа бодсон шигээ хөгжүүлнэ.

-Программаа бодсон шигээ хөгжүүлнэ гэхээр их зүйл боддог байх нь ээ?

-Программыг хөгжүүлээд л байвал дуусдаггүй гэж би боддог. Тэгэхээр хүний санаа дуусч болох ч программын хөгжил дундаршгүй. Одоо хийсэн программ маань долоо дахь хувилбар нь шүү дээ. Би АНУ-д программистаар сурна гэж боддог. Чадвал тэтгэлгээр сурна.

-Гадаадад сурах сургуулиа судлаа юу. Америкт тэтгэлгээр сурахад хэцүү байх?

-Сургуулиа судлаагүй. Гэхдээ гадагшаа явахад мэдээж англи хэл хэрэгтэй. Ялангуяа Америкт тэтгэлгээр сурна аа гэвэл англи хэлний өндөр оноо шаардлагатай. Тиймдээ ч сургуульдаа англи хэлний ярианы клубийн үйл ажиллагааг найзтайгаа хамтраад зохион явуулдаг. Бид одоогоор арван хоёулаа. Гадаад хүнтэй ойлголцох хэмжээнд англиар ярьдаг. Ялангуяа хотын захын сургуульд хэл сурна, хөгжинө гэдэг аль ч талаасаа хэцүү гэдгийг та мэдэх байх. Сурах орчин ч хэцүү. Наанадаж манай сургуульд цайны газар байхгүй. Интернетийн сүлжээ байхгүй. Энэ асуудлыг хэн шийддэгийг бид мэдэхгүй.

-Чиний амжилтад мэдээлэл зүйн багш нь бас нөлөөлсөн байх?

-Намайг наймдугаар ангид байхад Х.Ууганжаргал гэж мэдээлэл зүйн багш маань мэдээлэл зүйн олимпиадад оруулахаар бэлдсэн. Би Сонгино хайрхан дүүргийн мэдээлэл зүйн олимпиадад наймдугаар ангидаа дэд байр, есдүгээр ангидаа хоёрдугаар байр, аравдугаар ангидаа нэгдүгээр байр, арваннэгдүгээр ангидаа хоёрдугаар байрт орж байсан. Харин нийслэлийн олимпиадад дандаа 14 дүгээр байрт орчихдог л доо. Тэгээд багш маань программ бичдэг С хэлийг надад зааж өгсөн. Html гэж веб сайт хийдэг, css, js зэрэг программчлалын болон загварчлалын хэлний талаарх мэдлэгээ өөрийнхөө сонирхолд тулгуурлан дээшлүүлсэн. Янз бүрийн технологи, программын тухай болон шинжлэх ухааны мэдээллийг олж унших дуртай.

-Намайг сургуульд сурч байхад нотебүүк хэрэглэж мэдэхгүй багш хүртэл мэдээлэл зүйн багш болж байсан үе бий. Одоо цаг үеэ дагаж хөгжил иржээ. Өөрөө хүсвэл сурч, боловсрох эрх нь нээлттэй байгааг чи харуулж байна. Тэгэхээр чиний мэддэгийг багш нар бүгд мэднэ гэдэг өрөөсгөл болсон. Чиний авч байгаа боловсролын чанар ямар байна. Ялангуяа мэдээлэл зүйн багш нар туршилтын мэдлэгийг хангалттай олгож чадаж байна уу?

-Би хүүхэд учраас бодож саналгүй шууд хэлчихье. Миний үеийнхэн бол энэ боловсролын системийн золиос болж байгаа хүүхдүүд. Намайг сурах хугацаанд хэчнээн ч удаа сургалтын программ өөрчлөгдөв. Үнэндээ учраа ч олж чадахгүй төгсөж байгаа хүүхэд олон.

-Манай улсад өсвөр насныханд чөлөөт цагаа өнгөрөөх газар бараг байхгүй. Гэсэн хэдий ч байгаа орчин, нөхцөлөөсөө үл хамааран хүссэнээ хийж, авьяасаа хөгжүүлэхийн төлөө явж байгаа чамаар бахархаж байна?

-Баярлалаа. Би өөрийнхөө бодсоноор л явж байгаа жирийн нэг хүү. Надад сурахыг хүссэн зүйл их байдаг.


Сонгино хайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн 12а ангийнхнаас Г.Батмэндийн талаар болон мэргэжил сонголтын тухайд асуулаа.

Б.Энхсайхан: “Гэгээ” программыг манай ангийнхан ашиглаж байгаа

-Батмэнд авьяаслаг, сонирхсон зүйлдээ тууштай, үлгэр жишээ сурагч. Их сониуч. Бүхий л хөгжмийн зэмсгийг тоглодог. Түүний зохиосон “Гэгээ” программыг манай ангийнхан ашиглаж байгаа. Миний хувьд Дотоод хэргийн их сургуульд орж, Орос Улсад сураад тагнуулч болно. Би бүх спортоор хичээллэдэг. Сайн сэлдэг учраас усан цэрэг болохыг хүссэн. Гэтэл саяхан 10 хүүхдийг усан цэрэг болгохоор гадагшаа сургуульд явуулсан чинь Хөвсгөл аймгийн хүүхдүүдийг л сонгочихсон.

Б.Өлзийхүү: Батмэндийн зохиосон программыг бүх хүүхэд хэрэглээсэй

-Батмэндийн зохиосон “Гэгээ” программ нь мартсан монгол бичгийг санаж, сэргээхэд чухал хэрэгтэй. Тиймээс өөр сургуулийн найзууддаа хэлэхэд их сонирхдог. Найзынхаа хийж байгаа зүйлийг бид хамгийн сайн дэмжих хэрэгтэй. Би прокурор эсвэл цагдаа болно. Гэхдээ мэргэжил сонголт дээр гэр  бүл, найзууд, багш нарын зөвлөгөө хэрэгтэй санагдаж байгаа.

 

Top