Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 84 Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвөөс мехатроникч бэлтгэдэг нь цөөхөн. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш Г.Цогбадрах цахим хэрэгслийн засварчин мэргэжлээр 2.5 жилээр суралцан үргэлжлүүлээд мехатроникч мэргэжлээр 1.5 жил суралцаж төгсөөд, өнгөрөгч намраас сургуульдаа багшилж байгаа шавилхан хэрнээ шаггүй бүтээлч, одоо 18 настай.
Түүнтэй нэг үеийнхэн нь дөнгөж их сургуулийн II курсийн оюутнууд. Балчир байхаасаа зохион бүтээгч, инженер болохыг мөрөөддөг байсан түүнд аав Галынх нь ажилсаг хичээнгүй, хөдөлмөрч, бусдыг хайрладаг зан чанар хамгийн их нөлөөлсөн үү гэлтэй. Зургаахан настайдаа хөрш айлынхаа эвдэрсэн ус буцалгагчийг засаж өгчхөөд, тогонд цохиулахаас ч айгаагүй баатарлагаар бахдалтайгаар аавыгаа догдлон угтсан бяцхан хүү коллежид суралцах хугацаандаа “Оны шилдэг зохион бүтээгч оюутан”, “2018-2019 оны хичээлийн жилд сургуулийнхаа оны шилдэг оюутан”-аар шалгарч байжээ. Үүгээр зогсохгүй улс даяар их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийг хамран зохион байгуулдаг “Автомат робот” тэмцээнд сонирхолтой амжилтууд гаргаж байжээ. Дөрвөн жил дараалан оролцохдоо анхны жилээ амжилт гаргаж чадаагүй ч нэлээд туршлага хуримтлуулсан нь дараагийн жилүүдэд оролцсон үр дүнгээс харагдана. Оролцсон хоёр дахь жилээ буюу 2017 онд зураас дагадаг машинан робот зохион бүтээж хоёрдугаар байрт орсон гэнэ. Ер нь “Автомат робот” тэмцээнд бүрэн автомат роботоор оролцдог онцлогтой. Робот шүгэлэн дохиогоор шууд гараан дээрээс автоматаар өөрөө явж эхлээд аль болох хурдан хугацаанд замаас гарахгүй явсаар барианд орохдоо мөн л автоматаар зогсох ёстой. Ямар нэгэн удирдлагагүй роботын өөрөө ажиллах зарчмаар үйл ажиллагаа явагддаг байна. Ийм роботыг хийхэд хамгийн чухал нь хар, цагаан зураасыг мэдрэх мэдрэгч, хурд тохируулах программыг зөв зохион бүтээх юм. Шулуун замаар 12 метр урт үргэлжлэх зайд уралддаг бол тойрог зам нь бартаа саад ихтэй. Дэлхийн улсуудад ч мөн зохиогддог уг тэмцээний Монгол Улсынхд нь 2018 онд шулуун замын төрөлд I байр, тойрог замын төрөлд III байр, 2019 онд дөрөв дэх удаагаа орохдоо шулуун замын төрөлд III байр, тойрог замын төрөлд I байр эзэлж байсан нь түүний уйгагүй оролдлогын нэгэн илрэл гэлтэй. Түүний хийсэн А5 хэмжээтэй робот гэхэд л 140 мянган төгрөгийн өртгөөр боссон гэнэ. Роботын эд ангийг нь Монголд гурван газарт оруулж ирдэг. Ингэхдээ Хятад, Америкт үйлдвэрлэснээрээ ялгагдана. Г.Цогбадрах сургуулиа төгсөөд зургаан сар л болж байгаа учраас сурагчид нь түүнийг багш ч гэнэ, “Ах аа” ч гэж дуудна. Тэрбээр хоёр мэргэжлээр таван төрлийн ур чадвар эзэмшээд, ээлжит ур чадварынхаа гараанд багшилж буй нь энэ. Багшлах эрдэмд суралцаж буй түүнээс ямар багш байхыг хүсч байна гэж асуухад “Сурагчдад аливааг хийх хүслийг нь төрүүлж өгдөг багш баймаар байна. Тэднийг яаж зөв хүн болгох вэ, өөрөө хэрхэн үлгэрлэх вэ гэж цаг үргэлж бодох юм” гэж хариуллаа.
“Хэрвээ тууштай суралцаж чадвал мехатроникч мэргэжлийн амтанд эрт ордог боловч нэг жил сураад өөрийгөө болчихлоо гэж үзээд сургуулиа орхидог оюутан мэр сэр байдаг” гэдгийг Электроникийн багш Г.Энхамгалан хэлж байна. Мехатроникч гэх нарийн мэргэжлийг эзэмшихэд хандлага бараг л номер нэгт чухал ажээ. Хийж бүтээе гэсэн арвин их хүсэл тэмүүлэлтэй байхаас гадна хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хандлага сайтай хүн л нягт нямбай биелүүлдэг жамтай. Та бодоод үзээрэй. Дөрвөн төрлийн мэргэжилтний үүргийг нэг хүн гүйцэтгэнэ гэхээр өндөр чадамжтай, тэр хэрээр үүрэг хариуцлагатай мэргэжил бол мехатроникч. Мехатроникч хүн цахилгаанчин, механикч, программист, электроникийн инженер байх ёстой. Бидний өдөр тутмын ахуйн хэрэглээнд ашигладаг хүчдэлүүд 220 вольт байдаг бол тэдний ажил дээрээ, сургуулийн лабораторид ашигладаг хүчдэлүүд 380 вольт байдаг учраас хүний амь настай холбогддог.
Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн механикийн лабораторид “CNC” буюу компьютерийн удирдлагатай автомат токерийн машинууд дээр ажиллаж сурна. Программ бичээд эдгээр токерийн машин руу бэлдцийг нь хийхэд л үйлдвэрт хэрэглэх эд, ангиуд эрэг, боолтоос эхлээд шатар, цомыг бэлдэх боломжтой. Программчлалын лабораторид ахуйн зориулалттай лифт, автомат угаалгын машин гээд л бүх төрлийн цахилгаанаар ажиллах машинуудын программ, дотоод зохион байгуулалт, бүтэц дээр туршилт хийж болох нь ээ. Харин электроникийн лабораторид зурагт, радио, гар утас гээд бүгдийнх нь суурийг хэрхэн бүтээх, юугаар яаж засдаг зэргийг туршдаг. Цаашлаад томоохон хүнсний үйлдвэрүүд, уул уурхайн компаниудад ашигладаг тоног төхөөрөмжүүд дээр ажиллах хий, шингэний лаборатори ч байна. Коллежийн сурагчид ийм гайхалтай туршилтуудыг өндөр хүчин чадалтай, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж дээр биечлэн хийх боломжтой гэхээр их сургуулийн ширээний ард дөрвөн жилийг элээсэн бидэнд гайхалтай санагдана.
Дөрвөн төрлийн мэргэжилтний үүргийг нэг хүн гүйцэтгэнэ гэхээр өндөр чадамжтай, тэр хэрээр үүрэг хариуцлагатай мэргэжил бол мехатроникч. Мехатроникч хүн цахилгаанчин, механикч, программист, электроникийн инженер байх ёстой. Бидний өдөр тутмын ахуйн хэрэглээнд ашигладаг хүчдэлүүд 220 вольт байдаг бол тэдний ажил дээрээ, сургуулийн лабораторид ашигладаг хүчдэлүүд 380 вольт байдаг учраас хүний амь настай холбогддог.
Коллежид IX болон XII анги төгсөгчид 1.5-2.5 жилийн хугацаанд суралцаж төгсдөг. Г.Цогбадрахыг суралцаж байх хугацаанд буюу 2016 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл коллеж, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж олгож байсан бол одоо сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох болсон. Сургуульдаа төлбөргүй сурна. Дээрээс нь тэтгэмж авна. Дадлага хийхдээ 600-800 мянган төгрөгийн цалин авна. Оюутны байр нь эхний курсэд үнэгүй. Хоёр дахь хичээлийн жилээсээ жилийн 200 мянган төгрөгийн төлбөртэйгээр оюутны байрандаа амьдардаг. Суралцагчдын 70-аас илүү хувь нь шууд ажилтай болно. Мэргэжилтэй болно. Ерөнхий боловсролын гэрчилгээгээ ч авна. Хамгийн гол нь хаана ч очсон нүүр бардам байх бодит чадвартай болно. Ялангуяа мехатроникч зэрэг нарийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг ажил олгогчид бүр их сонирхдог. 2019 онд гэхэд Л.Цогбадрахын ангийг найман хүүхэд төгсөхөд бүгд ажилтай болсон. Тэд “Улаанбаатар хивс” компани, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн “Чиглэл” үйлдвэр, эмийн үйлдвэрүүдэд ажиллаж байна. Анх 2012 онд Мянганы сорилтын сангийн төслөөр Герман Улсын мэргэжилтнүүдээс сургалт аван эхлүүлж байсан мехатроникчийн мэргэжлээр зөвхөн Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийг гэхэд 100 гаруй оюутан төгсжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж байгаа XXI зуунд мехатроникч мэргэжилтэн нь дөрвөн хүний хийх ажлыг ганцаараа хийгээд зогсохгүй ажиллаж буй байгууллагынхаа үйлдвэрлэлийн ашгийг нэмэгдүүлж, зарлагыг хэмнэх төгс мэргэжил гэлтэй. Үйлдвэрийн шат дамжлага дөрвөн хүний дөрвөн өөр бодол, сэтгэлгээгээр явж байснаас ганц цогц сайн мэргэжилтний хяналтад явах нь илүү үр дүнтэй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байна.
Үе дамжсан засварчид
Хүнд машин механизмын машинист мэргэжлээр техникум төгссөн Гал гуай Цогбадрахын аав нь. Гал гуай гагнуур хийнэ. Цахилгааны эвдрэл, гэмтлийг засна. Байшин барина. Хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, телевиз гээд гэр ахуйн барааг бүгдийг засна. Цогбадрахын дүү Г.Мөнхбадрах ч ахынхаа адил коллежид цахим хэрэгслийн засварчин мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байна. Тэд гэр бүлээрээ бүх төрлийн цахилгаан барааг засч чадна. “Чаддаг юмтай байх үнэхээр сайхан. Цогбадрах их сониуч. Юм юмыг цуглуулаад эвлүүлж угсраад ямар нэг юм бүтээчихнэ. Дүү Мөнхбадрах нь ахаасаа дутахааргүй нямбай. Аливаа зүйлийн учрыг нь олж байж л салдаг зантай учраас мехатроникч мэргэжилд ихээхэн тохирно” хэмээн Г.Цогбадрах, Г.Мөнхбадрах нарын багш Э.Оюунчимэг хэлж байна. Говь-Алтай аймгийн Цээл сумын дунд сургуулийн тав болон гуравдугаар ангийн сурагчид байхад нь хайрт ээж нь тэнгэрт хальж, аавтайгаа гурвуулаа үлджээ. Ингээд аавыгаа ажлаас тарж ирэх бүрт нь өдөр бүр гурилтай шөл хийн угтдаг байжээ. Гал гуайн хоёр хүү Улаанбаатар хотод хоёулахнаа байгаа ч Цээл сумынхан нь тэр чигээрээ тэдний хамаатан гэж хэлцгээгээд инээмсэглэнэ.
Мэргэжлийн боловсролыг сонгосон нь Л.Цогбадрахын хувьд амьдралынх нь одоогоор тохиолдоод байгаа хамгийн зөв шийдвэр гэнэ. Дунд сургуулийн хичээлүүдээс онцгойрч дурласан нь үгүй ч гэсэн “Сайнтай нөхөрлөж, эрдэм номоо шамдан сураарай” гэсэн аавынхаа захиасыг сэтгэлдээ тээсээр яваа аж. Гал гуай тамхи татдаггүй. Үүнтэй адил хоёр хүү нь ч тамхи татдаггүй. “Бусдыг гомдоохгүй юм сан л...” гэж аав нь үргэлж хэлдэг учраас хүүхдүүд нь ч тийн боддог гэлээ.
Тэгвэл Г.Цогбадрахын мэргэжлээ хэрхэн сонгож байсныг дор өгүүлье. Дунд сургуульд байхаасаа л “Робокон” тэмцээнийг шимтэн үздэг хүү байжээ. Долдугаар ангидаа DVD тоглуулагчийн моторуудыг нь ашиглаад удирдлагатай машин хийжээ. DVD тоглуулагчид диск гарахад түлхэж өгдөг мотор, дискийг маш хурдтай буюу секундэд 1000-1500 удаа эргүүлэх хүчийг бий болгодог өөр нэг мотор байдаг гэнэ. Ингэж хийсэн удирдлагатай машиныг нь үе тэнгийн хүүхдүүд ихэд сонирхжээ. Аавынх нь ажил мэргэжил, хувь хүний үлгэр дуурайллаас ч тэр, аливааг засварлаж, зохион бүтээсний дараа бусдын баярлаж байгааг харсан ч тэр ерөөсөө л “засварчин” болно гэж долдугаар ангидаа зориг шулууджээ. Есдүгээр ангиа төгсөх жилээ Улаанбаатар хотын дөрвөн коллежид шалгалт өгөөд эхэнд тэнцсэн мэдээг илгээсэн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийг сонгож, дөрвөн жил сурч, хөгжиж, багшилж байгаа нь энэ. Коллежид орохын тулд Монгол хэлний шалгалт өгөөд, хандлага тодорхойлох эссе бичихдээ гол оноонуудаа авчээ. Шалгалтад 60 гаруй хүүхэд оролцсоноос 30 нь тэнцэж, балмагдан баярлаж байсан гэдэг. Үнэхээр хүсч байсан мэргэжлээрээ сурахаар болсондоо л тэр шүү дээ.
Одоо багшлахаас гадна хувиараа дуудлагаар явж цахилгаан бараа засдаг, амралтын өдөр ч өглөө 06.00 цагаас босч, завгүй л байх тусмаа жаргалтай байдаг болжээ. Оюутан байх хугацаандаа “Шинэ харцага” дохиолол хамгааллын компани, “Эрхэт ундарга” цахилгаан холболт, монтаж хийдэг компанид “River Garden” зэрэг хотхоны цахилгааны холболт дээр ажиллаж байжээ. 18-хан настай ч гэсэн Ц.Цогбадрах таван төрлийн мэргэжлийн ур чадварыг эзэмшээд, зургаа дахь буюу багшлах чадварыг эзэмшихээр зориг шулуудсан нэгэн. Сургуульдаа таван жил багшлаад өөрийн хүртсэн боломжуудыг бусдад түгээснийхээ дараа Япон Улсад технологи эсвэл инженерийн чиглэлээр сурч, мэргэжил дээшлүүлээд Цахиурын хөндийд очиж ажиллах хүсэл эрмэлзлийг сэтгэлдээ тээж буй. Мэдээж робот хийх санаанууд ч байгаа гэнэ. “Юунд дуртайгаа мэдээд, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэхэд бэрхшээл тулгарахгүй. Ямар нэг саад бэрхшээл тулгарсан ч гэсэн хангалттай давж чадна. Зарим хүүхэд мэргэжилдээ дуртай эсэхээ ч мэдэхгүйгээр шууд л их сургуульд ордог. Харин зарим нь их сургууль л төгсчихвөл шууд удирдах ажил хийх ёстой гэж боддог. Хамгийн гол нь юм багаасаа эхэлдэг” гэж Г.Цогбадрах надад хэлсэн юм. Та түүнийг гаднаас нь хараад хэрхэн дүгнэж болохыг мэдэхгүй ч түүний дотор дориун бодолтой, аавдаа, дүүдээ хайртай, энгийн хирнээ сайхан зорилготой, хэний ч өмнө бардам инээмсэглэх ур чадварууд, хамгийн гол нь зөв хүн байгаа гэдэгт би итгэж байна. Дэлхийд математикийн салбарын агуу суутан Архимед бүх нээлтээ одоогоос 2000 гаруй жилийн өмнө технологи гэх ойлголт үүсээ ч үгүй байхад хийж байсан бол гуравхан сарын хугацаанд сургуульд сурсан Томас Эдисон, АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин ч агуу зохион бүтээгч байлаа. Тэд бүгд авьяастай, сэтгэн бодох, уйгагүй оролдлогынхоо ачаар дэлхийн энтэй дуурсагдан танигдсан. Зуу зуу, мянга мянган жилд гавьяа нь түгсэн. Тэдний хэнд нь ч боловсрол, хөрөнгө санхүү чухал байгаагүй.
Сэтгэгдэл ( 6 )
Мундаг юмаа.. амжилт
Ямар мундаг хүү бэ сайн явааг нь сонсоод бахархаж бна. Ээжийг нь очиж үзэж өгдөг байж билээ. Улам их амжилт хүсье.\n
2 mundag hvvd amjilt hvsiy
Mini hvv chin ystoi mundag avystai shv tsashdin ajil hudulmurt n ulam ih amjilt gargara gj huse
Мундаг шүү амжилт хүсье дүү минь
Mundag shvv ta min\n