Дэлгэрмөрөн голоос 80 гаруй бог малын сэг зэм гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутагт орших Дэлгэрмөрөн голоор Цөм сүргийн үржлийн төвийн малчин В энэ сарын 11-ний өдөр 100 орчим бог мал тууж яваад голын мөс цөмөрчээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн нийт 22 хүн, дөрвөн автомашин, нэг завьтай ослын газар очиж, долоон цаг ажиллаж, голоос 81 бог малын сэг зэмийг гаргажээ. Малын сэгийг булж устгасан бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Болсон явдлын талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээс тодрууллаа. 


-Дэлгэрмөрөн голд олон тооны бог мал үрэгджээ. Малчид болон иргэдэд сэрэмжлүүлэг өгөх хэрэгтэй болов уу?

-Бэлчээрт нийт 400 гаруй бог мал байсны 81 бог мал голын харзанд орж осолдсон. Хонин сүрэг хариулгаатай явсан ч бог малын зарим нь бүрэн хөлдөөгүй голын харзанд орсноос ийм зүйл болжээ. Үхсэн малын сэг зэмийг голоос бүрэн гаргаж, устгалд оруулаад байна. Энэ өвөл олон жилийн дунджаас дулаан өвөл болж байгаа учраас голын ус бүрэн хөлдөөгүй, мөсний зузаан нимгэн байгаа. Тиймээс малчид малаа гол усанд услахдаа анхаарах хэрэгтэй. Иргэд автомашинаар аль болох гол, мөрөн дээгүүр зорчихгүй байх, гол дээгүүр зорчихдоо хэмжилт хийсэн газраар явахыг анхааруулж байна. Иргэд зам даваа товчлохдоо баталгаатай газраар зорчих шаардлагатай. Мөн чөлөөт цагаа өнгөрөөхдөө томоохон гол мөрний мөсөн дээр зорчихгүй байхыг анхааруулъя. 

-Үрэгдсэн хонь, ямаа нь Цөм сүргийн үржлийн төвийн мал байсан уу?

-Үрэгдсэн малын 50 орчим нь Цөм сүргийн үржлийн төвийн мал, үлдсэн нь тухайн малчных байсан. Үрэгдсэн малын тоо тодорхой ч хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас болсон явдлыг шалгаж, хялбаршуулсан журмаар шийднэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top