2019 оны сүүлийн өдөр гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөө тооцсондоо хүрэхгүй гэдгийг өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байсан билээ. Хэдийгээр төсвийн үзүүлэлтүүд ая таатай байгаа ч гэлээ бодит боломжоо зөв үнэлж, цаасан дээр буулган, баталж хэвших нь хөршийн эрэлтээс хамаардаг манай улсад чухал учраас л байн байн яриад байгаа юм. Түүнчлэн нүүрсний экспорт ЗУРГАА орчим сая тонноор тасалдах төлөвтэй байгааг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тодотгон мэдээлж байв.
Сүүлийн гурван сарын давтамжид тулгуурлаад, арванхоёрдугаар сарын экспортыг өнгөрсөн сарынхаас 25 хувиар бууруулаад тооцож үзэхэд 1.5 сая тонн орчим нүүрс л гаргаж чадах байх гэсэн таамаг бүхий бичвэрийг Zindaa.mn өмнө нь хүргэж байсан.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр таамаг баталгаажлаа.
Монгол Улс 2019 оны арванхоёрдугаар сард 1.56 сая тонн нүүрс экспортолж, нийт хэмжээ нь 36.5 сая тонноор хэмжигдэж байна. Тэгэхээр төсөвт тооцсон хэмжээнээс 5.5 сая тонноор бага хэмжээний нүүрс Хятад руу гаргасан байна.
Тооцож байсанчлан зургаан сая тонн гэсэн тоог шүргэжээ гэж харахад болох байх. Үнийн дүнгээр нь тооцож харвал нааштай тоонууд байна л даа. Жилийн өмнөхөөс экспорт 608 сая ам.доллароор өссөний бараг тэн хагас нь нүүрсний экспортоос орж ирсэн мөнгө байгаа юм. Экспортод гаргасан нүүрсний хэмжээг өмнөх онтой харьцуулах юм бол 340 гаруй мянган тонноор л илүүг гаргасан байна. Харин сар тутмын экспортын хэмжээг харвал найм болон аравдугаар саруудад тус тус дөрөв орчим сая тонн нүүрс экспортолсон байна.
Ер нь бол 2018, 2019 онуудын сүүлээр БНХАУ нүүрсний импортоо хумих бодлого барьж, бид эндээс хэчнээн түрж давхиад ч нэмж өгөхөд хэцүү гэдгээ мэддэг болсон. 2019 онд гэхэд өмнөд хөрш 300 сая тонн нүүрс импортоор авах төлөвлөгөөтэй байсан. Австралитай гэхэд хэмжээ хязгаараа тогтоосон гэрээ байгуулчихсан тул яадаг ч байсан л авна гэснээ авч байгаа юм. Харин манайхаас бол авсан ч авахгүй байсан ч болох тийм л нөхцөл байдал байдаг л даа. Тэгэхээр Монголын Засгийн газар төсөвтөө тусгасан тооны хэмжээгээр экспорт хийхийн тулд боомтын хүчин чадлаа сайжруулахаас гадна өөр анхаарах зүйлс бийг Австралийн жишээнээс харж болж байна.
Нүүрсний экспортын хэмжээ зургаан орчим сая тонноор тасалдсан ч нүүрсний хилийн дундаж үнийн өсөлт зургаан ам.доллар байсан нь төсвийн тооцооллыг аварсан. Тэгвэл энэ 2020 онд ч Монгол Улсын Засгийн газар 42 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн гурван жилийн үзүүлэлтүүд болоод БНХАУ-ын эрэлт, нүүрсний салбар дахь бусад өрсөлдөгчдийн нөхцөл байдал бидэнд тийм боломж олгоно гэдэгт итгэл дүүрэн байх боломж бага юм. Нүүрсний салбар дахь манай өрсөлдөгчдийн нэг нь ОХУ. Тус улс БНХАУ руу гаргах нүүрсээ 55 сая тоннд хүргэх бодлого баримталж байгаа. 2019 оны экспорт нь өмнөх оныхоос гуч орчим хувиар өссөн.
Сануулахад, энэ сарын 13-ны өдөр Энэтхэгийн Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан Энэтхэг улс Австралиас авдаг коксжих нүүрсний импортоо бууруулж, Монголоос илүү сайн чанарын коксжих нүүрс авч, гангийн үйлдвэрлэлдээ ашиглана хэмээн мэдэгдсэнийг "Колката" уламжилсан. Тэрбээр “Энэтхэг улс коксжих нүүрсний импортоо цөөн улс орноос хараат байлгахаас татгалзаж байгаа. 2030-2031 он гэхэд 300 сая тонн металл үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжсон нүүрсийг боломжийн үнээр импортлохоор ажиллаж байна. Австралийн нүүрсний чанар сайн. Гэхдээ илүү өндөр чанарын коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлохын тулд Монголын засгийн газартай хэлэлцээ хийж байна. Энэтхэгийн Засгийн газар уг асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх боллоо” гэсэн юм. Хэдийгээр Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөл ийнхүү мэдээлсэн ч далайд гарцгүй Монгол Улс Энэтхэгийн зах зээлд нүүрсээ хүргэнэ гэдэг ярьсны зоргоор шийдэгдэх асуудал биш гэж эдийн засагчид хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )