Кобигийн алдагдсан өмсгөлийг Хятадын цуглуулагч буцаан өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Кобигийн өмсгөлийг дахин байршуулах үеэр. /Доод Марионын ахлах сургууль/

Домогт сагсанбөмбөгч Коби Брайант Доод Марионын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байх үеийн өмсгөл гурван жилийн өмнө хулгайд алдагдсан ч нэгэн цуглуулагч эргүүлэн өгчээ.

БНХАУ-ын залуу бизнесмэн Лиу Же гэгч нэрт сагсанбөмбөгчийн өмсгөлийг төрөлх сургуульд нь буцаан өгсөн байна.

Кобигийн өмсгөл 2017 оныг хүртэл Доод Марионын ахлах сургуульд өлгөөтэй байсан ч 2017 оны сүүлээр үл мэдэгдэх шалтгаанаар алдагдсан юм. Тухайн үед цагдаагийн газраас хэрэг үүсгэн мөрдөн шалгасан ч хэргийг илрүүлж чадалгүй хаасан билээ.

Харин 2019 оны гуравдугаар сард нэр нь үл мэдэгдэх нэгэн хүнээс хятадын залуу бизнесмэн Лиу Же худалдан авч цуглуулгадаа нэмсэн тухай нийгмийн сүлжээний хуудаст тавьсан нь олон нийтийн анхааралд өртсөн юм.

Нэрт сагсанбөмбөгч Коби Брайант нэгдүгээр сарын 26-ны өдөр нисдэг тэрэгний ослоор 13 настай охины хамт амиа алдсаны дараа Лиу Же өмсгөлийг төрөлх сургуульд нь буцаан өгөх талаар бодож эхэлжээ.

 

 

Улмаар Доод Марионын ахлах сургуулийн удирдлагуудтай холбогдож энэ сарын 01-нд албан ёсоор өгсөн байна. Коби Брайантыг амиа алдсаны дараа Доод Марионын ахлах сургууль сагсан бөмбөгийн танхимаа "Брайант Гимназиум" гэж хүндэтгэн нэрлэсэн юм. 

Хулгайд алдагдсан ч АНУ-даа эргэн ирсэн нэрт сагсанбөмбөгчийн өмсгөлийг Голден Стэйт Уорриорз болон Филадельфи 76 багийн тоглолтын үеэр талбай дээр гаргаж хүндэтгэл үзүүлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top