Өмнөд туйлаас олдсон нууцлаг чулуужсан олдворыг шинжилсний дүнд 68 сая жилийн өмнө гарсан өндөг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн зүгээс “зүйл” гэж нэрлэгдсэн энэхүү хөлбөмбөгийн бөмбөгийн хэмжээтэй буюу манай гараг дээр олдсон хамгийн том хэмжээний энэ өндөг эрт галавын үеийн усны могой эсвэл гүрвэлийнх гэж таамаглаж байна.
“Nature”сэтгүүлд мэдээлснээр, зөөлөн хальстай өндөг чулуужиж, ийм сайн хадгалагдан үлдэх нь туйлын ховор гэж Тахсын их сургуулийн судлаачид онцолжээ. Олдворыг анх Өмнөд Туйлд ажиллаж байсан Чилийн эрдэмтэд 2011 онд илрүүлжээ. Чулуужсан өндөг 18-28 см диаметртэй. Олон жилийн туршид эрдэмтэд энэ “зүйл” юу болохыг тогтоож чадаагүй бөгөөд 2018 онд палеонтологичид өндөг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Химийн шинжилгээгээр энэ олдвор амьд эс байсныг тогтоосон байна. Судлаачид энэ өндөг үлэг гүрвэлийнх биш гэж үзэж байна. Учир нь Өмнөд туйлд тухайн үед амьдарч байсан үлэг гүрвэлүүд ийм том хэмжээний өндөг гаргахаар том биетэй байгаагүй аж. Тиймээс эл бүс нутагт олноор амьдарч байсан мозазавр төрлийн хэвлээр явагчийн өндөг гэж эрдэмтэд үзэж байна.
Энэ олдвор мөн бас нэг оньсны түлхүүр болох боломжтой гэж судлаачид найдаж байна. Олон жилийн туршид эрдэмтэд эрт галавын хэвлээр явагчид хатуу хальстай өндөг гаргадаг байсан гэж үзсээр иржээ. Гэтэл Монголоос олдсон протосератопс үлэг гүрвэлийн чулуужсан үр хөврөл АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич Марк Нореллийн эргэлзээг төрүүлсэн байна. Тэрбээр дэлхий дээр зөвхөн Мезозойн үеийн үлэг гүрвэлийн өндөг олддог нууцыг үүнээс өмнөх үеийн үлэг гүрвэлүүд хатуу бус зөөлөн хальстай өндөг гаргадаг байсантай холбон тайлбарлажээ. Зөөлөн хальстай өндөгнүүд амархан устаж, чулуужиж үлдээгүй байна. Энэ онолоо батлахын тулд Норелл багийн хамтаар Монголын газар нутгаас олдсон протосератопын арга ясыг шинжилж үзжээ. Химийн шинжилгээгээр балар эртний үеийн үлэг гүрвэлүүд зөөлөн хальстай өндөг гаргадаг байсан болох нь тогтоогджээ. Ирээдүйд үр хөврөл нь дотроо хадгалагдан үлдсэн олдвор олдож, энэ нууцыг тайлж, баталгаажуулна гэдэгт эрдэмтэд итгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )