Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт ажлаа орхисны дараа түүний үнэнч албат, сайд нарын танхимынх нь тэргүүн нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга нэрээ дэвшүүлсэн нь гэнэтийн явдал байлаа.
Гэвч тэр эрх баригч намын томчуудын дэмжлэгийг хүлээж, Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдож чадсан. Өөрөөр хэлбэл Японы Ерөнхий сайд болж байна гэсэн үг.
Гүзээлзгэний талбайгаас ЕРӨНХИЙ САЙДЫН СЭНТИЙД
Японы Ерөнхий сайд хоёрыг төрүүлсэн Абэгийн элит гэрбүлээс ялгаатай нь Ёшихидэ Сүга жинхэнэ ард түмнээс гаралтай. Тэр 1948 оны 12 дугаар сарын 6-нд төрж, хоёр эгч, дүүгийн хамт хөдөө өсөн торнижээ. Аав ээж нь гүзээлзэгний аж ахуй эрхэлж байв.
Аав нь түүнийг хөдөө аж ахуйн коллежид сургаж, ажлаа өвлүүлэх гэж бодсон ч залуу хүү нийслэлд азаа үзэхээр шийдэн, картон цаасны үйлдвэрт ажилд орсон байна. Хоёр жилийн дараа Сүга тэр үеийн хамгийн хямд хувийн сургууль болох Хосэй их сургуулийн улстөрийн ангид элсэв. Хажуугаар нь Цүкижи загасны зах дээр ажил хийж, амьдралаа залгуулна. Сургуулиа төгсөөд жирийн компанид ажилд орсон ч Сүга амьдралаа улстөртэй холбохоор шийджээ. Ингээд Либерал Ардчилсан намын Төлөөлөгчдийн танхимын гишүүний нарийн бичгийн даргаар 11 жил ажилласныхаа дараа их улстөрд зүтгэж эхэлсэн юм.
1987 онд тэр Ёкохама хотын зөвлөлд сонгогдож чадлаа. Залуу улстөрч өөрт нь санал өгөхийг гуйн, иргэдийн гэрээр тойрохдоо зургаан гутал элээсэн гэдэг. 1996 онд Японы парламентын доод танхимд сонгогдож, 9 жилийн дараа Ерөнхий сайд Коизүми Жюничирогийн танхимд Дотоод хэрэг, харилцаа холбооны тэргүүн дэд сайд боллоо. Коизүми Жюничирогийн удирдлага дор Шинзо Абэ ч улстөрийн алхмаа хийж байлаа. 2006 онд Шинзо Абэ Японы хамгийн залуу Ерөнхий сайдын нэг болоход Сүга Дотоод хэрэг, Шуудан хувьчлал гэсэн хоёр сайдын албыг хүлээн авсан юм. Гэвч жилийн дараа Абэ мөн л эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байлаа.
Дараагийн Ерөнхий сайд Ясүо Фүкүдагийн Засгийн газарт түүнд байр олдсонгүй. Гэхдээ депупат хэвээр үлдсэн юм. Сүга нам дотор үйл ажиллагаа явуулж, Абэтэй дотно нөхөрлөж байв. 2012 онд Сүга Шинзо Абэг намын даргын сонгуульд дахин өрсөлд гэж ятгаж чадсан гэдэг. Ялалт байгуулсан Абэ түүнийг мартсангүй, сайд нарын танхимын тэргүүн нэрийн бичгийн даргаар томилсон юм.
Абэгийн баруун гар
Шинэ ажилдаа ороод тэр Ерөнхий сайдын баруун гар болсон. Өглөө, орой болгон тэр хэвлэлийн хурал хийж, улс орны дотоод, гадаад бодлогын талаар ярьж, Абэгийн хэвлэлийн төлөөлөгч шиг л ажилласан. Гэхдээ тэр нам, Засгийн газарт томилгоо хийхэд нөлөөтэй, Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаан авчрах асуудлыг хариуцаж байлаа.
Гэвч ихэнх япончуудад тэр Абэд үнэнч гэдгээрээ бус “Рэйвагийн өвөө” нэрээрээ алдаршсан юм. 2019 оны дөрөвдүгээр сард Эзэн хаан Нарүхитогийн шинэ үеийг зарлах хүндтэй үүрэг түүнд оногдсон. “Рэйва” гэсэн ханз бичгийг өргөн, ард түмэнд харуулж байсан Сүгагийн дүр япончуудын тархинд хоногшин үлдсэн билээ.
Энэ үеэс эхлэн гадаад, дотоодын шинжээчид Сүгаг ирээдүйн Ерөнхий сайд хэмээн үзэж, анхааралтай ажиглах болсон билээ. 2019 оны эцсээр тэр АНУ-д айлчилж, дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзсан нь Абэгийн залгамжлагч гэсэн яриаг улам баталж өгсөн юм. Шинзо Абэ 2021 оны намар бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан ч эрүүл мэндийн байдлаас нэг жилийн өмнө суудлаа орхихоос өөр аргагүй болсон. Ёшихидэ Сүга Ерөнхий сайдын албыг ганц жил хашна. Жирийн үеийн сонгууль байсан бол Сүга сонгуульд ялагдах магадлалтай байсан ч санал хураалтын онцгой дүрэм, 2020 оны цар тахал түүнд давуу тал авчирсан билээ.
Сүга Либерал Ардчилсан намын дотоод ямар ч фракцтай холбоогүй. Гэхдээ ихэнхийнх нь дэмжлэгийг хүлээсэн. Магадгүй түүнийг богино хугацааны Ерөнхий сайд болгоход хамгийн тохирсон нэр дэвшигч гэж үзсэн байх. Мөн COVID-19, олимп хойшилсон, эдийн засгийн хямралын энэ үед засгийн эрхийг гартаа авах хүсэлтэй улс төрч бас цөөхөн байлаа. Харин Ёшихидэ Сүга олон жил хамт ажилласан тул Абэгийн засгийн газрын бодлогыг сайн мэднэ, энэ бодлогыг үргэлжлүүлэхэд түүнд хүндрэл учрахгүй.
Абэгийн бодлогыг үргэлжлүүлнэ
Нэрээ дэвшүүлэхдээ л тэр Шинзо Абэгийн гадаад, дотоод улстөр, эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан.
“Би удаан бодсоны эцэст сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн. Улстөрч, Шинзо Абэгийн засгийн газрын нэг гишүүний хувьд би ард түмнээ айх аюулгүй амьдрах өдрийг аль болох хурдан авчрахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ бодсон. Цар тахлын үед иргэдийг ажлын байраа алдахаас хамгаалж, бизнес эрхлэгчдэд тусламж үзүүлэх болно”
Түүний хэлсэн энэ үгс Сүгаг Абэгийн ганц жилийн сэлгээ биш улстөрийн дээд тавцанд удаан ажиллах хүсэлтэйг нь харуулсан юм. Yomiuri Shimbun-д ярилцлага өгөхдөө тэрбээр зарим яам, тамгын газарт өөрчлөлт хийж, эрүүл мэндийн системийг өөрчлөнө гэж мэдэгдсэн. Энэ бүхнээс үүдэн, Сүга Ерөнхий сайд болоод парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах бодолтой байна гэсэн хар олон хүнд төрсөн. Бие даан шийдвэр гаргах гэж буй мэт боловч үнэндээ Сүга Абэгийн бодлогыг залгамжлах нь тодорхой. Цар тахлын хүнд үед ганцхан жил ажиллах түүнд бүрэн хэмжээний шинэчлэл хийх цаг байхгүй. Шинзо Абэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Японыг Зэвсэгт хүчинтэй байж болно гэсэн заалт оруулах хүсэлтэй байлаа. Энэ асуудлыг шийдэхэд бүх ард түмний санал асуулга явуулах ёстой. Харин цар тахлын үед энэ нь боломжгүй юм. ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудал дээр ч тэр Абэгийн бодлогыг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдээд байгаа. Ганц жилийн дотор Курилийн арлыг буцаан авна гэдэг ч боломжгүй.
Гадаад бодлогын хүрээнд том, бие даасан бодлого явуулахад Сүгад туршлага, харизм дутна. Дэлхийн томчуудтай нөхөрлөх биш юм гэхэд ойр харилцаатайгаа харуулж чаддаг Шинзо Абэ шиг зан түүнд үгүй. Трамптай гольф тоглож, Путинийг төрсөн хотдоо урьж тэр чадахгүй, түүнд зохихгүй. Энэ нэг жилийн дотор тэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй харилцаж эхлэхээс гадна маргаантай бүс нутагт Хятадтай ярилцах ёстой.
Ганцхан жил ажиллах Ерөнхий сайд энэ олон асуудлыг нэг мөсөн шийдэх аргагүй. Гэхдээ тэр найман жил Засгийн газарт ажилласан, гадаад бодлогын нарийн бүхнийг мэдэх тул үзээд алдахаар шийдсэн байж болох юм. Энэ нэг жилд сайн ажиллаж байж л ирэх жилийн сонгуулиар Ерөнхий сайд хэвээр үлдэнэ гэдгээ тэр ойлгож байгаа. Түүний ойрын зорилго нь Либерал Ардчилсан намын сонгуульд бэлтгэж, улстөрийн оноо түүх явдал байх болов уу. Харин шинжээчид түүнийг Шинзо Абэгийн сүүдэр дороос хэзээ ч гарч чадахгүй гэж үзэж байгаа юм. Чадах эсэхийг нь цаг хугацаа харуулна.
Сэтгэгдэл ( 0 )