Трансжендер тамирчин Токиогийн олимпод оролцох нь

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Шинэ Зеландын хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард Токиогийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн төрөлд оролцох боллоо гэсэн мэдээ спортын ертөнцийг доргиолоо. Учир нь Лорел бол трансжендер. COVID-19 цар тахлын улмаас Олон улсын хүндийг өргөлтийн холбоо олимпын эрх олгох дүрмээ өөрчилсөн. Харин Лорел шинэ дүрмийн шалгуурт тэнцэж чаджээ.

Хаббард 87 кг-ийн жингийн тамирчин бөгөөд жиндээ чансаагаар 16-д бичигдэж байгаа. Хаббардын амжилт 285 кг. Хэдий Шинэ Зеландын тамирчин чансааны 16-д бичигдэж байгаа ч түүний дээр бичигдсэн зургаан тамирчин допингоор эрхээ хасуулаад байгаа.

2016 онд ОУОХ-ноос трансжендер тамирчдыг хүйсээ солиулалгүй олимп зэрэг бүх тэмцээн уралдаанд оролцох эрх олгосон. Харин жилийн турш бие дэх тестостероны хэмжээ нь литрт 10 наномолиос бага байх ёстой. Энэ шаардлагыг Хаббард хангаж чаджээ.

Ийнхүү 43 настай Хаббард олимпын наадамд оролцсон анхны трансжендер, мөн олимпын наадамд оролцсон хамгийн ахмад хүндийг өргөлтийн тамирчин болох мөч улам ойртлоо. Тэр Шинэ Зеландын эрэгтэйчүүдийн шигшээ багт байсан ч зодог тайлсныхаа дараа 35 настайдаа хүйсээ солиулж, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож эхэлсэн. 2017 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн юм. 2020 оны Дэлхийн Цомд түрүүлснээр Токиогийн олимпод алтан медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм.

Жендерийн асуудал их спортод тун эмзэг асуудал. Байгалиас төрөхдөө л хүч чадал огт өөр байхад жендерийн тэгш байдал гэж ярих утгагүй. Гэхдээ дэлхий дахин бүх салбарт жендерийн тэгш байдал тогтоохоор хичээж, зүтгэсээр байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден жендерийн ялгаварлан гадуурхах явдлын эсрэг шинэ журам батлахдаа транс тамирчдад өөрийнхөө хүссэн хүйсийн тэмцээнд оролцох эрх олгосон билээ. Энэ журам улсаас санхүүждэг бүх сургуульд үйлчилнэ гэж заасан байгаа. Охидын эцэг эхчүүдэд шинэ журам таалагдаагүй нь мэдээж. Өөрийгөө эмэгтэй гэж бодож мэдэрлээ гээд хөвгүүний байгалиас заяасан хүч чадал нь өөрчлөгдөхгүй хэвээр байх нь ойлгомжтой. Эрэгтэй хүний зүрх, уушги хэмжээ том, яс нягт, цус нь илүү хүчилтөрөгчтэй байдаг. Олимпын түүхэн дэх хамгийн их цомтой хөнгөн атлетикийн тамирчин бүсгүй Эллисон Феликс 400 метрт 49,26 секунд гүйсэн рекорд амжилттай. Тэгвэл 2018 онд зөвхөн АНУ-д л гэхэд  дунд сургуулийн 300 сурагч хөвгүүн түүнээс хурдан гүйсэн байдаг. Ингэхээр Байдены журам трансжендерүүдийн эрхийн хамгаалаад харин эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн болж таарч байгаа юм. Спортын цом, алдар нэрээс гадна коллеж, их сургуульд тэтгэлэг олох гэсэн олон америк охидын мөрөөдлийг трнасжендерүүд булаан авна. Тэдэнтэй өрсөлдөж чадахгүй охидууд их спортоо орхих үр дагавартай.  Бөх, тулаан, багийн спортод трансжендер тамирчинтай өрсөлдсөн эмэгтэй тамирчид гэмтэл авах магадлал маш өндөр.  

Харин ОУОХ яагаад зөвшөөрөв?

Яг одоо ОУОХ-ноос энэ талаар баримталж байгаа зарчмыг таницуулья.

1. Эрэгтэй төрөлд өрсөлдөхөөр шийдсэн эмэгтэй тамирчин ямар ч хязгаарлалтгүй оролцож болно.

2. Харин эрэгтэйгээс эмэгтэй болж хүйсээ өөрчилсөн тамирчин дараах шаардлагыг хангасан байх ёстой.

• Хэрэв тухайн тамирчин өөрийгөө эмэгтэй гэж зарласан бол доод тал нь дөрвөн жил энэ мэдэгдлээ өөрчилж болохгүй.

• Бие дэх тестостероны хэмжээ тэмцээнээс өмнөх 12 сарын турш литрт 10 нанамолиос бага хэмжээнд байх ёстой.

• Тэмцээний турш тестостерон дээрх хэмжээнд байна.

• Хэрэв энэ дүрмийг зөрчвөл түүний эмэгтэйчүүдийн тэмцээнд орох эрхийг 12 сараар хасна.

Энэ дүрэм 2016 оны Риогийн олимпод үйлчилж байсан ч тэр олимпод нэг ч трансжендер тамирчин ирээгүй.

Хэрэв Лорел Хаббардын өрсөлдөгч нар шүүхэд хандвал яах вэ гэсэн асуултын хариу алга. Тэд ч мөн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхлаа гэж заргалдах эрхтэй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
k(202.131.225.197) 2021 оны 05 сарын 07

buzaruud l ch dee..iim baij bolohgui ee.

0  |  0
Top