Ц.Энхтүвшин Таван Цагариг сонин
“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадам эхлэхэд сар гаруйхан хугацаа үлдлээ. Олимпийн эрхийн тэмцээнүүд ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпийн сонгон шалгаруулалтаа хийж дуусах тун дөхөж байна. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид спортын долоон төрөлд эрх аваад байгаа. Тухайлбал чөлөөт бөх 9, буудлага 4, бокс 3, хөнгөн атлетик 3, ширээний теннис 2, байт харваа 1, мөн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг.
Өнөөдөр Олон Улсын Хүндийг өргөлтийн холбоо ( International Weightlifting Federation) “Токио-2020” Олимпийн наадамд оролцох тамирчдын жагсаалтыг гаргалаа. Туйванчид Токиод эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх ба нэг жинд 14 тамирчин оролцох журамтай.
Дэлхийн чансаагаар жин тус бүрийн эхний наймд бичигдсэн туйванчид эрхээ шууд авна. Үүн дээр тив бүрийн төлөөлөл болгон тивийн чансаанд хамгийн дээр бичигдсэн 5 туйванч нэмэгдээд 13 нь тодорхой болох бөгөөд үлдсэн нэг эрхийг зохион байгуулах оронд, эсвэл ОУОХ, ОУХӨХ, “Токио 2020” ЗБХ гурван талт комиссын шийдвэрээр олгох юм. Өнөөдөр зарласан жагсаалтаар +87 кг-ийн жинд манай Эрдэнэбатын Билэгсайхан “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ ( тивийн квот) авлаа. Монголын эмэгтэй хүнд жингийн туйванчдаас ОУХМ цолыг анх хүртсэн Э. Билэгсайхан нь Дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын 3 мөнгө, 3 хүрэл медальтай, Монгол Улсын рекорд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон, энэ жил 23 настай, манай шилдэг залуу туйванчдын нэг билээ.
Хэдийгээр өнөөдрийн гаргасан жагсаалтад өөрчлөлт ( допингийн асуудалтай байгаа орны асуудал хэрхэн шийдэгдэх, Япон ямар жинд тамирчнаа оролцуулах , гурвалсан комиссын квот гээд) орох боловч Билгээгийн хувьд “айдаггүйгээ авдрандаа” хийгээд авсан гэсэн үг.
Харин -87 кг-ийн жинд Мөнхжанцангийн Анхцэцэг маань чансаагаар эрхээ авч чадсангүй,11 -т ( Тивийн квотод 2-т) бичигдлээ.
Гэхдээ Анхаагийн жинд Колумб болон Венесуэл гээд допинг зөрчилтэй орны тамирчид бичигдсэн, мөн Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, мөнгө, хүрэл медальт, энэ жил 36 настай, Испанийн алдарт туйванч Лидия Валентин Перес энэ жинд тэмцээнд оролцоогүй мөртлөө чансаанд орсон гэх мэт тодорхойгүй асуудлууд бий.
Колумбын хүндийг өргөлтийн баг тамирчид “Токио-2020” олимпод оролцох эрхээ бараг л хасуулах байх. Учир нь тэд допингийн зөрчлийн талаар Спорт, арбитрын шүүхэд (CAS буюу Сourt of Arbitration for sport ) хандсан ч дөнгөж өчигдөр шүүх дээр ялагдсан мэдээ байгаа. За тэгээд бас Гурвалсан комиссын нэг квот бас бий. Эцсийн найдлага бас ч гэж тасраагүй байна, Анхаагийн хувьд.
64 кг-ийн жинд Ганзоригийн Ануужин маань жагсаалтын 18-д бичигдэж. Азийн квотод Филиппиний тамирчин өмнө нь орчиж. Чансаагаар эрх авсан Колумб, Румын гээд допингийн асуудалтай байна. Гэхдээ гол нь Филиппин зөрчилтэй эсэх чухал. Филиппин хасагдвал Ануужин тивийн квотоор эрх авчих боломжтой. Баталгаа байхгүй ч бас хүлээх л болж, эцсийн шийдвэр гартал.
Товчдоо 1972 онд анх олимпийн дэвжээнд оролцож эхэлсэн Монголын туйванчдын олимпийн буухиа үргэлжлэх нь.
Ингээд Монголын олимпийн баг тамирчид спортын найман төрөлд (23+4) 27 тамирчнаа сойх нь тодорхой боллоо. Одоо жүдо зургадугаар сарын 16-нд олимпийн чансааг зарлана. Манай жүдочид хамгийн багаар 10 эрх баттай авах байх.
Мөн усанд сэлэлтийн төрөлд 2 хүртэл тамирчин “цагаан хуудсаар” оролцох боломжтой.
Сэтгэгдэл ( 4 )
Munadag busguichuuded amjilt husie.\n
olimp iin erhgui hund gavyat ogj yaanaa ter erh awsan ohind ni gavyat ogooch
Ингэж Олимпод ороод хэрэг байдаг юм уу, Ялах нь бус оролцох нь чухал гээд лозунг чинь хуучирцан, олимп ддоо буцаад баяр биш тэмцээн болж байгаа шүү
Туйванчдын хувьд эзнээ олоогүй шагнал, олимпод орох эрхээ ч авч чадаагүй гавьяат төрсөн жил байлаа. Спорт бол лобби дээр бус бодит амжилтын үзүүлэлт дээр тулгуурласан байх ёстой. Цөөхөн тамирчин оролцсон тэмцээнээс өрсөлдөгчгүй шахам хүрэл медаль зүүж цол хүртсэндээ ичих хэрэгтэй. Энэ бол буруу жишиг тогтоож байна. Амжилт гаргагчидад шударга бус хандаж байна. \n