Үлэг гүрвэлийн талаар биднийг төөрөгдүүлдэг ЗУРГААН ДОМОГ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Үлэг гүрвэлийн талаар шинжлэх ухааны бүтээлд анх дурдагдсан XIX зуунаас хойш эдгээр амьтдын талаар бид олон зүйл мэдэж авсан. Гэхдээ өргөн олон нийт гол төлөв алдарт “Юрийн галавын цэцэрлэг” уран сайхны кино зэргээс ойлголттой болсон байдаг.

Палеонтологичид эрт галавын үед дэлхийг эзэгнэж байсан амьтдын талаарх биднийг төөрөгдүүлсэн домгийн учгийг тайлж, тэдний талаарх өөрсдийн ойлголтоо эргэн харахыг оролдсоор иржээ. ВВС агентлаг үлэг гүрвэлийн тухай түгээмэл дэлгэрсэн зургаан домог үнэн эсэхийг тодруулсан байна.

Дэлхий дээр солир унахад үлэг гүрвэлүүд бүрэн мөхсөн

Ойролцоогоор 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийн хувьд хар өдөр тохиосон нь үнэн. Тухайн үед 10-15 км диаметртэй солир дэлхий дээр унаж, орчин цагийн Мексикийн буланд асар том тогоо үүсгэж, “цөмийн өвлийн” нөлөөг бий болгожээ. Эрдэмтдийн тооцоолсноор, энэ явдлаас хойших олон мянган жилд уур амьсгал өөрчлөгдөж, хоол тэжээлийн хомсдол бий болсны улмаас дэлхий дээр амьдарч байсан амьтдын 75 хувь нь шинэ нөхцөлд дасан зохицож үл чадан мөхжээ. Тухайлбал, 25 кг-аас дээш жинтэй дөрвөн хөлтэй бараг бүх амьтан устаж, үгүй болсон байна. Гэсэн хэдий ч зарим төрлийн үлэг гүрвэл амьд үлдэж чаджээ.

Лондонгийн байгалийн ухааны музейн палеонтологич Пол Барретын ярьснаар, өдөөр бүрхсэн харьцангуй  бага хэмжээний амьтад  үлдсэн бөгөөд үр удмыг нь өнөөдөр харж болно. Тэдний нэг нь шувуу. Тэд бол орчин цагийн үлэг гүрвэл юм.

Газар дээрээ хөдөлгөөнгүй зогсож, тираннозавраас аврагдаж болно

Хоёр хөлт Tyrannosaurus Rex үлэг гүрвэл уртаараа 10-13 метрт хүрч, 8-9 тонн татдаг түүхэн дэх хурай газрын хамгийн том араатан амьтан. Энэ төрөл зүйл 1993 онд “Юрийн галавын цэцэрлэг” анх гарснаас хойш алдаршсан. Кинонд тирранозаврыг сул хараатай, олзоо зөвхөн хөдөлгөөнөөр нь олж илрүүлдэг аймшигт амьтан мэтээр дүрсэлсэн байдаг. Ийм шинж чанар зарим төрлийн газар уснаа амьдрагч амьтдад байдаг ч тираннозаврт ямар ч хамаагүй гэж профессор Баррет онцолжээ.

Үнэн хэрэгтээ үлэг гүрвэлүүд хурц хараатай байжээ. 15 жилийн өмнө нийтэлсэн судалгаанаас үзвэл, тираннозавр нь манай гараг дээр амьдарч байсан амьтдаас хамгийн хурц хараатай нь гэнэ. Тиймээс газар дээрээ хөдөлгөөнгүй зогсож, амь гарна гэж санах нь ухаангүй хэрэг болно.

Тираннозавр машиныг гүйцнэ 

“Юрийн галавын цэцэрлэг” кинонд тираннозавр жийп машиныг гүйцдэг. Эрдэмтдийн тооцоолсноор, энэ төрөл зүйл олзоо хөөхдөө үнэхээр 50 км/ц хурдтай гүйх чадвартай байжээ. Гэвч компьютерын загвар дээр явуулсан дэвшилтэт туршилтуудаас үзвэл, олон тонны жинтэй аварга амьтад 20-30 км/ц хурдтай гүйдэг байжээ. Тиймээс автомашинтай уралдахад хаана нь ч хүрэхгүй. Ингэхдээ богино зайд авах хурд, урт зайд гүйх хурдны хооронд асар их ялгаа бий гэж Йелийн их сургуулийн дэргэдэх Пибодийн нэрэмжит Үндэсний түүхийн музейн ажилтан, доктор Марианна ди Жакомо онцолсон байна. Жишээ нь марафон гүйгчид спринтерүүдээс удаан гүйдэг бол харин спринтерийн хувьд богино зайд гүйдэг. Тиймээс тираннозавр богино зайд их хурд гаргах чадвартай ч автомашинтай холын зайд өрсөлдөх сачий хүрэхгүй.

Үлэг гүрвэлийн клончилж болно 

Үлэг гүрвэл эртний хүн үүсэхээс  олон сая жилийн өмнө устаж үгүй болсон. Алдарт кинонд гарч, Майкл Крайтоны номд бичсэн шиг үлэг гүрвэлийг клончлохыг бид ойрын ирээдүйд үзэхгүй байх. Гол учир нь ДНХ тийм ч удаан хадгалагддаггүй байна.

Чулуужсан олдворуудад илэрсэн ДНХ-ийн хэсгүүд хоёр сая жилийн настай ч нян, мөөгөнцөр зэргийн ДНХ-ийн хэсгүүд байдаг. Амьтны ДНХ-ийн хамгийн эртний дээж 50 мянга жилийн өмнөх үед хамаарна гэж Баррет тодруулжээ. Үүнээс өмнөх үед хамаарах амьтан, ургамлын ДНХ өнөөг хүртэл олдоогүй л байна. Үлэг гүрвэлийн ДНХ-ийн хувьд бүр ч найдвар муу гэж профессор Баррет ярьжээ.

Доктор ди Жакомо мөн түүнтэй санал нэг байна. Үлэг гүрвэлийн генетик судлалд асар том үсрэлт гарсан ч практик дээр амжилт олно гэдэгт баталгаа байхгүй гэж тэрбээр тодруулсан байна. Геологийн асар олон эрин үеэр алслагдсан төрөл зүйлийг клончлох нь туйлын хүндрэлтэй. Мэдэхгүй зүйл маш олон байна гэж тэрбээр ярьжээ. Үүн дээр мөн ёс зүйн асуудал ч гарах аж.

“Юрийн галавын парк” кино ийм зүйлийг хийх хэрэггүйг бидэнд хэлж байна. Кино бүтээгчид энэ санаа хүмүүст ямар их аюултай үр дагавар авчрахыг онцлон харуулдаг. Үлэг гүрвэлийг ч гэсэн огт дасаагүй ертөнцөд авчрах нь мөн л хэрцгий үйлдэл байх болно.

Үлэг гүрвэл нь дутуу хөгжсөн тархитай тэнэг амьтан

Орчин үеийн технологийн ачаар үлэг гүрвэл хэрхэн амьдарч, яаж авирладаг байсан тухай олон шинэ мэдээлэлтэй болсон. Үлэг гүрвэл бүр онцгой овсгоо, самбаатай эсвэл тэнэг, маанаг байгаагүй гэж ди Жакомо өгүүлжээ. Тэд амьдралын нөхцөл байдалдаа тохирсон ухамсартай байжээ. Профессор Барретын ярьснаар, ихэнх үлэг гүрвэл, ялангуяа жижиг биетэй нь харьцангуй ухаалаг байсан гэнэ. Том биетэй араатнуудтай өрсөлдөхгүйн тулд зарим нь шөнөөр ан хийдэг байжээ. Үүнд дасахын тулд мэдээллийг боловсруулахад хангалттай тархи, сайн сонсгол, хараа, үнэрлэх чадвар шаардлагатай.

Үлэг гүрвэлүүд муу эцэг, эх байсан 

Зуу гаруй жилийн турш үлэг гүрвэлийг хэрцгий, ганцаараа амьдардаг, үр төлөө хайхардаггүй араатнууд байсан гэж үздэг байв. Гэсэн хэдий ч 1970-80-аад оны үед тэдний нийгмийн нарийн харилцааны талаар мэдээлэл авчээ. Ойролцоогоор 77 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлтэй төрөл зүйлийг майазавр буюу  сайн ээж, гүрвэл гэж нэрлэв. Өнгөрсөн оны аравдугаар сард “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл 1983 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүд сүрэглэж, үр төлөө асран хамгаалдаг байжээ. Үлэг гүрвэлийн талаар ихийг олж мэдэх тусам тэдний ихэнх нь сайн эцэг, эх байсан нь тогтоогдож байна. Мэдээж хэрэг, бүгд биш гэж Баррет онцлов. Аллозавр зэрэг зарим үлэг гүрвэл эцэг, эхийн хайр, халамжийг мэддэг байсан гэж ди Жакомо тодруулжээ. Түүний хэлснээр, Citipati osmolskae үлэг гүрвэлийн эмийг “Том ээж” гэж эрдэмтэд нэрлэжээ. Учир нь түүний чулуужсан араг ясны байрлалаас үзвэл “том ээж” өндгөө дарж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top