Сансар судлалд 2023 онд ямар дэвшил гарах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Сүүлийн үед сансар огторгуй 1960-аад онд дөнгөж эхэлж, сансрын томоохон хоёр гүрэн байсан ЗХУ, АНУ-ын дунд сансрын өрсөлдөөн ид ширүүн явж байсан шиг анхаарлын төвд орж байна. Хэдийгээр тэр үе шиг хүүхдүүд сансрын нисэгч болохыг мөрөөдөх нь багассан ч хэн, хэзээ, хаашаа нисэхийг бид бүгд сонирхон хүлээдэг. Өнгөрсөн онд “Artemis” хөтөлбөрийн хүрээнд “Orion” нисэгчгүй хөлгийг амжилттай хөөргөж, “Orion” хөлөг сарын тойрон нисэж, дэлхийн дагуул дээр хүн буулгах замыг засав. Харин 2023 онд бид сансрын судлалын салбараас юу хүлээх вэ?

Сарыг эзэмшихүй

“Orion” хөлгийн амжилттай нислэгийн дараа АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг амжилтаа бататган, шинэ нислэг үйлдэж, эрдэм шинжилгээний туршилтууд явуулж, холбогдох тоног төхөөрөмжийг туршихаар зорьж байна. Энэ бүгд 2025 онд саран дээр хүн буулгах амбицтай зорилгод хүрэх бэлтгэл ажил. Тухайлбал, НАСА агентлаг сар руу “Nova-C” анхны буултын аппаратыг илгээхээр зэхэж байна. Тус аппарат нь “Шуурган далай”-н бүсэд буун, сансрын нисэгчдийн хожим ашиглах тоног төхөөрөмж бүхий таван илгээмж хүргэх юм. Бага давтамжийн радио дамжуулагч, мэдрэгч, гэрэл зураг болон дүрс бичлэгийн камеруудыг нислэгийн горимд турших замаар эдгээр төхөөрөмжийн мэдээлэл цуглуулах, дамжуулах хүчин чадлыг нь шалгана.

Саран дээр хүн буулгах бэлтгэл ажлын хүрээнд “Vulcan Centaur” пуужин тээвэрлэгчийн тусламжтай “Peregrine” буултын аппаратыг мөн илгээхээр зорьжээ. Таван маневрын хөдөлгүүр бүхий эл аппаратыг сарны гадаргуу дээр ачаа хүргэхэд ашиглах юм.

Сансрын аялал жуулчлал

Арван хоног дэлхийн тойрог замд өнгөрүүлэхийн тулд халааснаасаа багагүй мөнгө гаргасан сансрын жуулчдын хоёр нислэгийг энэ онд Олон улсын сансрын станц руу хийхээр төлөвлөж байна. 60 сая орчим ам.долларын үнэтэй тасалбар бүхий энэ аялал Олон улсын сансрын станцын цонхноос сансар огторгуйг ажиглах гайхалтай боломж олгох нь маргаангүй. Японы тэрбумтан Юсакү Маэзава “SpaceX” компанийн сансрын “Starship” хөлгөөр сар руу хийх аялалдаа хамт үнэгүй авч явах найман азтаны нэрсийг хэдийн зарлаад байгаа билээ. 2021 онд дэлхийн тойрог замд аялсан Маэзава сансарт дахин зочилж, “dearMoon” төслийн хүрээнд сарны тойрог замд аялахаар төлөвлөж байгаа юм. Долоон хоног үргэлжлэх энэ аяллаар гэвч саран дээр буухгүй.

Олон улсын сансрын станц, дэлхийн хооронд

Сүүлийн жилүүдэд Илон Маскийн үүсгэн байгуулсан “Space X” компанийн “Crew Dragon” хөлөг Олон улсын сансрын станц, дэлхийн хооронд зорчдог “автобус” болоод байна. Тус хөлөг нарийн хуваарийн дагуу станц руу ачаа хүргэж, сансрын нисэгчдийн багуудыг ээлж солилцуулдаг болсон. “Луу”-ны хуваарь энэ онд өөрчлөгдөөгүй ба аялалд “Boeing CST-100 Starliner” гэх нэртэй дахин нэг хөлөг нэгдэж байна. “Starliner” нь Олон улсын сансрын станц руу хөлгийн баг хүргэх зориулалттай олон удаа ашиглах боломжтой сансрын хөлөг юм. Шинэ хөлөг үүргээ хэрхэн гүйцэтгэхийг бид 2023 онд ажиглана. Орчин үеийн хэрэгсэл, интернэтээр тоноглогдсон эл хөлгийг арав гаруй удаа хөөргөх боломжтой. Одоогийн хэмжүүрээр энэ нь хангалттай олон гэсэн үг юм.

Бархасбадийн мөсөн сарууд

Европын сансар судлалын ЕКА агентлаг өрсөлдөгчдөөсөө хоцрохыг хүсэхгүй нь тодорхой. Тус агентлаг ирэх дөрөвдүгээр сард “Jupiter Icy Moons Explorer /JUICE/” буюу Бархасбадийн мөсөн саруудыг судлах даалгавар бүхий хөлөг хөөргөхөөр төлөвлөжээ. 13 жил үргэлжлэх эл төслийн хүрээнд Бархасбадь гарагийн Ганимед, Каллисто, Европ гэх нэртэй гурван сарыг судална.

Эдгээр сарын хөрсөн дор усны ихээхэн нөөц бий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдгээр саран дээр хүн суурьших боломжтой гэсэн үг. Бүх зүйл төлөвлөгөө ёсоор болбол 2031 онд “JUICE” Бархасбадь гарагт хүрч, 2034 оны арванхоёрдугаар сард Ганимед саранд ойртон, өөр гарагийн дагуулын тойрог замд орсон анхны сансрын хөлөг болох юм.

Энэ хооронд НАСА агентлаг гар хумхин суухгүй. Илон Маскийн хувийн компанийн үйлчилгээг ашиглан, ирэх аравдугаар сард “Психеа” астероид буюу жижиг гараг руу “Falcon Heavy” хөлөг илгээхээр зэхэж байна. Хөлгийг 2022 онд хөөргөхөөр төлөвлөж байсан ч программ хангамж болон техникийн зарим асуудлаас болж хойшлуулсан билээ. Нэгэнт “Психеа” астероидод хүрч чадвал “Falcon Heavy” Ангараг гарагийг бүтэн тойрох боломжтой болох юм.

Маш нууц!

Сансрын шинэ хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэх хүсэл байв ч сансар огторгуйг зөвхөн энгийн иргэд төдийгүй цэргийнхэн сонирхдог тул олон тооны мэдээлэл маш нууц хэвээр байдаг. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчний цоо шинэ бие бүрэлдэхүүн болох Сансрын хүчин 2023 онд хэд хэдэн пуужин хөргөхөөр бэлтгэж байна. Гэвч эдгээр пуужин сансарт юу, ямар зорилгоор хүргэх нь нууц.

Гэхдээ зарим мэдээллээсээ хуваалцах нь бий. Жишээ нь, 2022 онд АНУ-ын Сансрын хүчин “X-37B” цэргийн сансрын хөлгийн туршилтын нислэг үйлдсэн. Тус хөлөг дэлхийн тойрог замд 908 хоног өнгөрүүлж, дээд амжилт тогтоожээ. Тиймээс энэ хөлгийн талаар 2023 онд дахин мэдээ сонсогдох магадлал өндөр.

Үүнтэй зэрэгцэн өөрийн Цэрэг, сансрын хүчнийг АНУ-аас урьтаж, байгуулсан ОХУ 2024 онд Олон улсын сансрын станцаас гарах тухай мэдэгдсэн. “Роскосмос” корпорацын шинэ тэргүүн Юрий Борисовын мэдээлснээр, тус монопол корпорац өдгөө Оросын эдийн засагт хувь нэмэр оруулахад гол анхаарлаа төвлөрүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amirlan(202.55.188.35) 2024 оны 11 сарын 27

mash goy

2  |  0
Amirlan(202.55.188.35) 2024 оны 11 сарын 27

mash goy

2  |  0
А(103.212.116.15) 2024 оны 11 сарын 27

Сансар огторгуй \n

2  |  0
Top