Гэр бүлийг төрөөс дэмжвэл...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 26

Улс байхын үндэс нь өрх гэр. Даанч манай улс гэр бүлийг дэмждэггүй. Ипотекийн зээл нь цэвэр мөлжлөг, хүүхдийн тоогоор олгож буй 100 мянган төгрөг нь иргэдээ ялгаварлаж, сонгууль дөхөхөөр өгнө өгөхгүй гэсэн талцлын бай болдог.

Дэмжлэггүй учраас залуу гэр бүлүүд сөхөрч, салж сарниж, түүний золиос нь хүүхдүүд болдог.

Төрд гарсан хүмүүс нь иргэдээсээ хол тасарсан амьдралаас тэр өндөрлөгт очдог учраас амьдрал мэддэггүй байх. Аргагүй шүү дээ, албан тасалгааны цонхоор бүх юм сайхан л харагдана. Хэдэн давхар хамгаалалттай, хар шилтэй машины зөөлөн суудалд тухалж, эргэн тойронд нь холливуд смайл хийлгэсэн хүмүүс инээж мэхэлзэж байхад зовлон гэж юу болохыг огоорч, тэр бүү хэл тийм үг байдаг, эсэхийг толь бичгээс хайхад хүрэх нь аргагүй. Тийм хүн зовж, ядарч яваа иргэдийг яаж ч ойлгох билээ.

Гаргаж буй хууль нь амьдралтай яаж ч нийцэх вэ дээ. Тиймээс өнөөдөр гэр бүлийн болоод хүүхдийн хүчирхийлэл газар авлаа. Халуун дулаан байх ёстой гэр бүлийн орчинд хүйтэн зэвсэг хэрэглэсэн онц ноцтой гэмт хэрэг, үр хүүхдээ хүчирхийлсэн хүний ёсноос гажууд бузар хэргүүд үйлдэгдэх боллоо.

Саяхан гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч хүчирхийлсэн жигшүүрт гэмт хэрэг гарсан. Эмнэлэгт олон хоног ухаангүй байсан хүүгийн төрсөн эцэг хүрч ирээд “Хүүгээ Туркт эмчлүүлэхэд 150 сая төгрөг орохоор байна” гээд ард түмнээс хандив гуйлаа. Эхнэрээсээ салснаас хойш бага хүүгээ эргэж уулзсан уу гэхэд “уулзаагүй”, тэтгэмж өгч байсан уу гэхэд “салсан эхнэрээ мөнгө гуйхаар хааяа 100, 200 мянган төгрөг өгч байсан” гэж. Хамгийн ноцтой нь тэд зургаан жил хамтран амьдрахдаа ч, хоёр сайхан үртэй болохдоо ч гэр бүлээ батлуулаагүй байжээ.

Гэр бүлийн хоёр хүн нэг зүг харж, нэг зорилгын төлөө зүтгэж, үр хүүхэдтэй болж, өөрийн үргэлжлэлийг өсгөж өндийлгөх ёстой биш юм уу. Хамтын хариуцлага, үр хүүхдүүддээ тавих хайр халамж хаачив аа. Хувь хүнд буруу байгаа ч энд төрөөс анхаарлаа чиглүүлж, хяналтаа тавих ажлууд дутсаных. Хүн төвтэй хуультай, хүнээ хамгаалдаг, хүүхдээ багаас нь  зөв хөгжүүлдэг улс орон л хөгжинө. Гэр бүлээ төрөөс дэмжвэл...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.224) 2023 оны 03 сарын 26

Эмнэлэгээс хүүг нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийгээд хүчирхийлсэн байдал тогтоогдоогүй гэсэн байсан шүү. Яагаад ийм нийгмийн бухимдуулсан худлаа мэдээлэл нэмж хачирлаад давслаад бичээд байдаг юмбэ дэ. Угаасаа л эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас салалт бий болж байгааг бүгд харсаар мэдсээр байж салаад л байгаа биздээ. Өөрсдийгөө хичээцгээ Монголчуудаа. Энд худлаа бичдэг гарууд эхнэр хүүхдээ хаясан юмнууд байж л байгаа да.

0  |  0
Зочин(192.82.77.224) 2023 оны 03 сарын 26

Гэр өүлийн тухай хууль дээр үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага, тэтгэмжийг нт маш хатуу оруулж өнөх хэрэгтэй. Эр, эм гэлтгүй гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон болж салах юм бол буруутай этгээд хариуцлагыг 100% үүрэх тийм хууль гарга. Энэ хуулиа мөрдөж байж Эх орон гэр бүл тогтвортой хариуцлагатай болно шүү. Улсын хөгжил гэр бүлээс

0  |  0
Хатуу(150.129.140.138) 2023 оны 03 сарын 26

Хатуу үнэнийг бичсэн бна энэ бол монголын нийгэм нүдэнд харагдтал бичиж

0  |  0
Top