“Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын Ерөнхий сайдын төлөөх тэмцлийг хүмүүс хэлж байжээ...”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

“Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” номд дурдагдсан баримтуудын талаарх Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор О.Батсайханы  байр суурийг хүргэе.


-Намын Төв хорооны 1956 оны Бүгд хурлын тэмдэглэлийг олон нийтэд ил болгожээ. Хүмүүсийн, ялангуяа залуусын тэр бүр мэдэхгүй ямар баримтууд багтсан бол?

-Тэр үед, жишээ нь 1920 оноос эхлээд 1950-аад оны эхэн үед И.В.Сталин гэж хүн ЗХУ-ын тэргүүн байсан. Энэ хүн Зөвлөлтөд “Эцэг Сталин” гэж тахин шүтэгдэж хүндлэгдсэн байсан юм. Монголд мөн адил Х.Чойбалсан гэж удирдагч байлаа. Тухайн үед хашиж байсан албан тушаал нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын цэргийн яамны сайд, гадаад яамны сайд, дотоод яамны сайд, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын маршал, өрлөг жанжин гээд маш олон албан тушаалтай нэг хүн байлаа.

Монголчууд “Эцэг Чойлбалсан” гэж нэрлэж байсан. Бүх юм түүний нэртэй холбогдож, хүн болгон түүнийг өөрсдийн эцэг өвгөдөөс илүүтэй шүтэж байсан. 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Х.Чойбалсан таалал болсон. И.В.Сталин 1953 онд нас барснаас гурван жилийн дараа ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны 20 дугаар их хурал болсон.

Энэ хурлын төгсгөлд буюу сүүлийн өдөр 1956 оны хоёрдугаар сарын 25-нд ЗХУКН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг, үр дагавар” гэсэн дэлхий дахинд сүр дуулиан сенсац болсон илтгэлийг дөрвөн цагийн турш шүүмжлэн тавьсан байдаг. Энэ бол дөнгөж саяхан эцэг мэт, оройн дээдэд шүтэгдэж байсан И.В.Сталиныг шүүмжилж, түүнийг тахин шүтсэний хор уршгаар олон мянган гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн байна гэдгийг анх удаа хэлж, дэлхий дахиныг цочирдуулсан ийм илтгэл болсон.

Тус хуралд суусан МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар тэргүүтэй төлөөлөгчид буцаж ирээд, 1956 оны дөрөвдүгээр сард ердөө сарын дараа хурал хийсэн. Бүгд хурал нэртэй энэ хуралд мөн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” нэртэй Д.Дамба гуайн илтгэлийг тавьсан байдаг. Тэгэхээр энэ бол анх удаа Монголын түүхэнд “Монголд улс төрийн талаар хэлмэгдүүлэлт болсон байна” гэдгийг хэлсэн баримт. Гэхдээ өнөөгийн өнцгөөс үзвэл бүрэн нэг талд нь гарсан бус ч гэлээ анх удаа Монгол Улсын түүхэнд гэмгүй хүмүүсийг яргалсан айхтар хор уршигтай зүйл болжээ гэдгийг хэлсэн илтгэл болж, тухайн Бүгд хуралд 74 хүн үг хэлэхээр нэр өгч 40 нь үг хэлсэн. Энд 1956 оны тэр хурлын тухай, үг хэлсэн хүмүүсийн үгийг бүгдийг дэлгэрэнгүйгээр энэ номд оруулсан. Өнөөдөр Монголд цагаатгах ажлын Улсын комисс гэж бий. Энэ цагаатгалын ажлын эхлэл 1956 оны Бүгд хурлаар тавигдаж, анх удаа буюу 36 хүнийг дараа жил нь цагаатгасан байдаг.

 -Бүгд хуралд үг хэлсэн хүмүүс юу ярьсан бол?

-Ер нь бол нэлмэгдүүлэлтэд өртөөгүй нэг ч монгол хүн, өрх айл үлдээгүй гэдэг. Энэ номыг уншвал бид ямар айхтар үйл явдлыг туулсан бэ гэдэг талаар мэдэх болно. Сүүлд хэлдмэгдсэн хүмүүсээс Ц.Лоохууз, Д.Сурмаажав нарын үг энэ номд бий.

Жишээ нь, И.В.Сталиныг сохроор шүтсэний гайгаар 200 сая малтай болох гэж дааж давшгүй айхтар дарамтад Монголын малчдыг учруулсан тухай, Дотоод яамны хүмүүсээр хэлмэгдүүлэлт хийлгэчихээд араас нь барьсан тухай, Зөвлөлт рүү ачуулсан тухай, Төв Хорооны нарийн бичгийн дарга Баасанжав, Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга Сэнгэдорж тэргүүтэй хүмүүсийг баривчилсан талаар, хэн хэнтэй нүүрэлдүүлж, хэрхэн тарчлаан тамласан тухай гэхчлэн айхтар зүйлүүдийг, тэр явдлаас 2-3-хан жилийн дараа Х.Чойлбалсанг таалал болсны дараа шүүмжилсэн нь баримт болж үлджээ.

-Үе үеийн Ерөнхий сайд болохын төлөөх тэмцэл 1950-аад оноос эхтэй юм байна гэж номын танилцуулгыг хараад бодсон. Энэ номд Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил, далд тэмцлийн талаар мэдээлэл орсон гэсэн. Тэр үеийн нөхцөл байдал ямар байсан юм бол?

-1952 оны нэгдүгээр сарын 26-нд битүүний өдөр Улсын маршал, БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан Москвад таалал болсон. Ингээд 1953 онд үндсэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын төлөө тэмцэл ил, далдаар үргэлжилсэн байдаг.

Ерөнхийдөө бол Монголын удирдагч хэн байх вэ гэдгийг Москва шийдэж байсан үе шүү дээ. Тиймээс Москвагийн шийдвэр ил биш юм гэхэд далд тодорхой байсан. Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ю.Цэдэнбалыг болно гэж. Гэтэл маршал Х.Чойбалсангийн нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав гуай Ерөнхий сайд болох санаа өвөрлөж л дээ, тэр үед. Тэгээд энэ асуудлаар санал зөрөлдөж, улс төрийн товчоон дээр санал хураахад дөрөв, дөрвөөр тэнцэж байсан тухай хурал дээр үг хэлсэн хүмүүсийн үгэн дотор байгаа, энэ бүхэн номд бүрэн эхээрээ орсон.

Улс төрийн товчоо хуралдах гээд Ч.Сүрэнжав гуай ирэхгүй, Зөвлөлтийн Элчин дээр очоод байсан гэх мэт санал зөрөлдөөнтэй олон үйл явдал болж байсан гэдгийг хүмүүс ярьсан байх юм. Ер нь бол Улс төрийн товчоо нь хуралдаж шийдээд, дараа нь Төв хорооны Бүгд хурал хуралдаж шийдвэр гаргадаг процесс Монголд байсан юм. Энэ бол тухайн үеийн социалист гэгдэж байсан улс орнуудын явж ирсэн замаар явж байсан хэрэг байх. Тэр замаар Ерөнхий сайдын төлөөх тэмцэл өрнөж байсныг энэ номоос үзэж болох юм.

-Ном цуврал байдлаар гарах уу?

-1956 оны Бүгд хурлын баримтыг бид эхлэл болгож гаргаж байгаа. Цааш 1959 оны хурал, 1962 онд Төмөр-Очир гуай Чингис хааны ойг тэмдэглэсэнтэй холбоотой Бүгд хурлын материал тухай, 1964 оны Ц.Лоохууз, Сурмаажав нарын “Намын эсрэг бүлэг” гэж нэрлэгдсэн түүхтэй хурлын бүх материаыг бүрэн эхээр нь, хэлсэн үгээр нь үзэх юм бол  Монголынхоо төлөө дуугарч байсан, шүүмжилж байсан, эсрэг явж байсан зэрэг түүхийн хар, цагааныг ялгаж ойлгоход дөхөмтэй болно. Тиймээс  ямар ч байсан эхлэл болгож 1956 оны Бүгд хурлын материалыг гаргаж байгаа юм. Дараагийн удаад боломж гарвал цувралаар гаргах байх гэж бодож байна.

-Энэ материалууд одоо болтол ил болоогүй байсан нь ямар учиртай вэ. Улсын нууцтай холбоотой байсан уу?

-Энэ бүх материал архивт бий. Судлаачид бол үзэж л байсан. Энэ хаалттай материал биш. Харин бүтнээр нь, бүрэн эхээр ил болгосон нь энэ ном юм. Ер нь бол 30-аад жилийн өмнө миний бие хэвлүүлэхээр бэлдсэн байсан, цаг үеийн нөхцөл байдал, боломж гараагүй энэ хүрсэн. Ном болгож гаргаснаар цааш цаашдын судлаачид, өргөн олон түмэн мэдэх, судлахад хэрэгтэй юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.21.225) 2023 оны 04 сарын 07

Намын түүхийн институтын ажилтан байсан О.Батсайхан гэгч этгээд түүхийг их гуйвуулж бичиж байна.

0  |  0
Зочин(86.111.136.127) 2023 оны 03 сарын 31

Та тэр үед төрсөн хүн биш юугаамэдэх вэ?Монголын тусгаар тогтнолыг үгүысгэж Оросын 16 дахь муж болгох гэсэн хүн бол Сүрэнжав байсан, Цэдэнбал амьд мэнддээ Монголынхоо төлөө маш их зүйл бүтээж ёадсан хүн.Огт алдаа оноогүй бгаагүй нь мэдээж.Пилатова гуай ч Монголын хүүхдүүдийн төлөө маш их зүйл хийсэн хүн шүү.Цэдэнбал гуай Эрдэнэтийг хүртэл 51% нь Монголдоо үлдэээ чадсан хувьдаа хурааж идэж уусан юу ч үгүы маш их ном хэдэн мөнгөн аяга байсан гэж одоо ч хүмүүс ярилцдаг шүү.Маш хэцүү цаг үе Монгол улс ямар бгаад ямар улс болгон та бидэнд үлдээсэн юм вэ гэж харин чиг бахархан боддог.

0  |  1
Зочин(103.212.117.173) 2023 оны 03 сарын 30

Ардын Хувьсгал, Маршад Х.Чойбалсан нарын гавъяаг мартаж болохгүй юм шүү

1  |  0
зочин(64.119.30.210) 2024 оны 03 сарын 24

Ер нь бол Цэдэнбал энхийн цагаан тагтаа байгаагүй юм шүү. Новшийн дөрвөд байсан гэдэг юм билээ

2  |  1
энн(64.119.27.118) 2024 оны 03 сарын 24

эрхэм ”түүхч” та Ардын хувьсгалыг үгүйсгэхгүй шүү

2  |  0
Top