Эмчийн тангарагтай, төрийн шагналтай эмч нарын баяр

2023 оны 03 сарын 31

Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээж чадсан. Тухайлбал,  20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авч одсон “цагаан цэцэг”-ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг” өвчнийг бүрэн устгасан Азийн анхны улс, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн есөн орны нэг болсон зэрэг амжилт нь эмч нарын гавьяа гэдгийг Дэлхийн эмч нарын өдөрт зориулан зохион байгуулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон олон хүн ярьж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн бүсийн захирал Др.Такеши Касай уулзах үеэрээ  Монгол Улсын төр, засгийн зүгээс Ковид-19 халдварт цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцолсон. ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүс болон төв оффистой хийсэн хурлын протоколд манай улсад хийгдсэн ийлдэс-тархварзүйн судалгаа бүсдээ тэргүүлэгч болсон төдийгүй Монгол Улс Ковид-19 цар тахалтай өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний замыг бий болгож, орны зохицуулалт хийх багийг томилон ажиллуулснаар эмнэлгийн орны хүлээгдлийг 7-9 хоног байсныг 0-1 хоног болгон бууруулж, гэрийн нас баралт бүртгэгдэхгүй болсон зэргийг олон улсад мэдээлж байсныг ч мэргэжилтнүүд дурдаж байв.

Эмч нараар бахархсан энэ өдрийн арга хэмжээний нэг гоё шигтгээ нь Эмчийн тангараг өргөх ёслол байлаа. Ковид-19 цар тахлын голомтод ажилласан резидент эмч нар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2022 онд “Улаан диплом”-той төгссөн эмч нар Төрийн ордонд хуран чуулсан 800 шахам эмчийн хамт "Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” гэсэн үгтэй хүний их эмчийн тангарагийг уншлаа.

Олон жилийн өмнө их сургууль төгсөөд эмчийн тангараг өргөж байснаа энэ өдөр олон ахмад эмч сэтгэл догдлон дурссан.



Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эмчийн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үнэлж төрийн одон, медалиар шагнасныг “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн ажиллагааны үеэр гардууллаа.



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Хүрээ” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Д.Цэцэгээ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Содбэлэг, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ү.Түвшинжаргал, “Алтан гадас” одонгоор Архангай аймгийн Хангай сумын ЭМТ-ийн дарга Я.Баясгалан, Өмнөговь аймгийн Өрхийн ЭМТ-ийн эмч А.Рэнцэн, Орхон аймгийн “Бадар хундага-рашаан” эмнэлгийн их эмч Д.Мягмарсүрэн, Хөдөлмөрийн хүндэр медалиар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн их эмч Ц.Мөнхнасан, Ховд аймгийн Манхан сумын ЭМТ-ийн их эмч Ж.Алтангэрэл, Нийслэлийн СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн поликлиникийн тасгийн эрхлэгч Э.Амартүвшин, Хэнтий амйгийн Жаргалтхаан сумын ЭМТ-ийн эрхлэгч Н.Түвшинжаргал, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ө.Анхболд нарыг шагнасныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нар гардууллаа.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top