Зам талбайд 251тн бодис, 56тн давс цацжээ

2023 оны 04 сарын 02

Нийслэлд өчигдөр үдээс эхлэн орсон цас өнөө өглөөг хүртэл үргэлжиллээ. Их хэмжээний цас орсноос авто зам дээр цацсан бодис хайлалт муу байгаа ч холбогдох алба шуурхай арга хэмжээ авч, шөнийн турш ажилласан байна.

Ням гарагийн өглөө 07:30 цагийн байдлаар гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас нийт 236 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын  65 машин техниктэй ажиллаж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 251тн бодис, 56тн давс зарцуулаад байна.

Үргэлжлүүлэн хариуцсан зам талбай гүүрнүүд рүү өгсүүр уруу замуудад нэмэлтээр бодис цацаж, зам талбайн үйлчлэгч, зам цэвэрлэгээний бичил машинаар явган зам автобусны буудлыг цэвэрлэнэ.

Түүнчлэн цаг агаарын өнөөдрийн урьдчилсан мэдээгээр Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурахаар байна.

Та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоорой.

2023 оны дөрөвдүгээр сарын 03-07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 4, 6-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн өмнөд хагаст дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top