Хайр цорын ганц шийдэл нь...

2023 оны 04 сарын 04

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 03-ныг “Олон улсын уран бүтээлчдийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тэгвэл өчигдөр /2023.04.03/ Монголын урлаг соёлын салбарын 200 гаруй зочид төлөөлөгч оролцсон Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ “Хайр цорын ганц шийдэл нь” уриан дор Чингис хаан музейн их өргөөнд боллоо.
 


Энэ өдрийн урлагийн тоглолтыг Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Дуурийн театр, Монгол Улсын консерватор зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид хамтран толилуулсан юм.
 


Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн тухай товч:

Энэ өдрийн утг ань эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын уран бүтээлчдэд хайр хүндэтгэл, талархлаа илэрхийлж, тэднээр бахархан, дэмжихэд оршдог байна.

Баярын энэ өдрийг дэлхийн нэрт уран бүтээлч, хүмүүнлэгийн үйлстэн, оюун санааны багш, төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн дөрөвдүгээр сарын 03-ны өдрийг “Олон улсын уран бүтээлчдийн өдөр” хэмээн дэлхийд зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргажээ. Түүнээс хойш таван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудад тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин манай улсад энэ өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн Олон улсын нийгэмлэг, Монголын органик хүнсний холбоо ажилладаг. Энэхүү баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, утга учир нэмэгдэхийн хэрээр  Монголын мэргэжлийн урлаг, соёлын байгууллагууд хамтрах болжээ.
 


ХАЙР ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ НЬ

Мөн үеэр энэхүү өдрийн арга хэмжээний гол уриа, агуулга шингэсэн, Олон улсад шилдэг тодотголтой “Хайр цорын ганц шийдэл нь” номын Монгол дахь албан ёсны нээлт боллоо. Уг номыг дэлхийн нэрт уран бүтээлч, оюун санааны багш Чин Хай бичсэн юм.

Дэлхийн олон оронд нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсийн ухамсар, оюун санаанд ухаарлыг өгсөн “Хайр цорын ганц шийдэл нь” номд өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан бүхий л асуудал цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дайн, зөрчил тэмцэл, байгалийн гамшиг зэргийн цаад үндсэн шалтгааныг шинжлэх ухаан хийгээд, энерги, ертөнцийн хуулиар тайлбарлаж, шийдвэрлэх арга зам, шийдлийг гарган тавьжээ.
 

Номын зохиогч “Амьдрал хийгээд бүхий л ертөнцийн хамгийн аугаа зүйл нь хайр. Гэвч энэ цаг үед ихэнхэд хайр дутмаг байна. Хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө ч илүү хайраар дүүрэн байх хэрэгтэй. Бид хөршүүдээ, амьтдыг, хүрээлэн буй байгаль орчноо, тэр бүү хэл дайснуудаа ч хайрлах ёстой. Ингэж л бид өнөөгийн дэлхийн нийтийн хямралыг давж, энх тайван амьдарна” гэж уг номдоо онцлон тэмдэглэжээ.


Амьтай бүхний амийг хамгаалж "веган" амьдралын хэв маягт уриалж, бүхнийг хайрлахад хөтөлсөн энэ өдрийн бас нэгэн чимэг нь их багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэн байв.

Уран зураг, яруу найргийн цоморлогууд, дэнлүү зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээлүүд нь тайлбарлагч нар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж байсан нь зочдын таашаалд илүү нийцэж байгаа нь харагдсан.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top