Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд дэвшүүлж талархал илэрхийллээ. Сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах талаар хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг дүгнэн ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлон зөвлөлддөг уламжлалтайг онцлоод энэ уламжлал жилээс жилд улам өргөжиж, энэ онд сувилагчдын өдрийг угтан улс орон даяар “Сувилагчаа сонсоё” хэлэлцүүлэг, “Бидний сувилагч–Бидний ирээдүй” контент, фото зургийн уралдаан, “Эрдэнийн чагнуур” ёслолын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэнийг дурдлаа.
Тэрбээр “Үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж 3 дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн байна.
Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор “Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл”-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталлаа.
Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, жилдээ 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна.
Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор 6 жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж, энэ ондоо багтаан нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарсны үр дүнд 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр сувилагчдын сарын дундаж бодогдсон цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн нь албан ёсоор тогтоосон үндсэн цалингийн доод жишгээс 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд л гэхэд 13 эрүүл мэндийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчид үзүүлээд байна.
Мөн ЭМЯ, Худалдаа хөгжлийн банкны Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 121 сувилагч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, нийт 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болсон байна” хэмээн сувилагч нартай холбоотой эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм.
С.Чинзориг сайд илтгэлдээ сувилагч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цалингийн нарийвчилсан судалгаа гаргаж, эхний ээлжинд сумын ЭМБ-ын сувилагч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн урамшууллын хэмжээг үндсэн цалинд оруулан тооцож үндсэн цалинг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ сувилагч нарт ур чадварын нэмэгдэл болон гүйцэтгэлийн урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлнэ. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулж сум, тосгоны ЭМБ санхүүгийн үлдэгдлээ өөрөө захиран зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байгаагаа хэлсэн.
Тэрбээр “Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөн тэтгэмжид туслах сувилагчийг хамруулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчин бий болгоно.
Сувилахуйн сургалтын бодлогыг БШУЯ-тай хамтран тодорхойлж, чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн элсэлтийн тоонд хяналт тавьж, 1 эмч тутамд 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн айлчлалын хүрээнд 1000 эмч, сувилагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр эхлүүлсэн яриа, хэлэлцээг БШУЯ-тай хамтран үргэлжлүүлж, бодит ажил болгоно.
“Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг 2022-2025 онд суралцуулах чиглэл”-д яаралтай тусламжийн сувилахуй, хавдрын сувилахуй, эх хүүхдийн сувилахуй, настны сувилахуй, сувилахуйн боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлээд байна.
Энэ хүрээнд сувилагч нарыг гадаад улс оронд багаар нь сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба энэ оны 6 дугаар сараас эхний ээлжийн сувилагч нарыг 7-14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад явуулж эхэлнэ.
Тооны хувьд дутагдалтай ч сувилагч нар маань мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, улмаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад онцгой анхаарч байдгийн нэг илрэл нь хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 14 мянга орчим сувилагчийн тал нь бакалаврын боловсролтой, дөрөвний нэг нь мэргэшлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд сувилахуйн доктор, магистрын зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм.
Иймээс та бүгдийн суралцах, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих чин эрмэлзэл, идэвх зүтгэлийг дэмжиж, Сувилагчийн хөгжлийн төв байгуулна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Эхлээд хотоо нэмээч малгуудаа. Хотод хамгийн их ачаалал байна