Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 29 дэх жилдээ зохион байгуулж байгаа хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.



Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуаси Комлан болон ЭМЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцов. 
Эрүүл мэндийн  сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээлэлдээ 2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд 2023 оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангола, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улс оронд улаанбурхан өвчний 45256 тохиолдол бүртгэгдэж ихсэх хандлагатай байгааг онцлоод “Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдсэн, ялангуяа зүүн Европын улс орнууд, ОХУ, Филллипин, БНХАУ, Энэтхэг улсад өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь тархвар судлалын хувьд уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай.
Монгол Улсын шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд Эрсдэлийн үнэлгээг хамтран хийхэд улаанбурхан өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн.
Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд эхний үед өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэн, улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цартахлын улмаас улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон дархлааны түвшин харьцангуй сул байгаа 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах, мөн энэ сарын 29-нөөс эхлэн арав хоногийн хугацаанд арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон” хэмээн нэмэлт дархлаажуулалтын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Манай улсад 1973-1989 онд улаанбурхан өвчний нийт 58,981 тохиолдол бүртгэгдэж 3-4 жилийн зайтай дэгдэлт гарч байсан бол 1989 оноос хойш 1992,1995, 2000-2002, 2015-2016 онд нийт дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан. 
Улаанбурханы эсрэг вакцинаар 1994,1996, 2000, 2007, 2012, 2015, 2016 онд 3-39 насны хүн амыг нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2017 онд улаанбурхан өвчний 17 тохиолдол, 2018 онд 1 тохиолдол, 2019 онд 2, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаанбурханы батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг мэргэжлийн хүмүүс ярьж байв.



Хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскаланте улаанбурхан, улаанууд өвчний зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөртэй байгаа тохиолдолд эрүүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалтыг цаг алдалгүй сайн хийхэд нэн шаардлагатай лабораторийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм.



Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнуудад заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, хамрагдалтын хувь буурсан, улмаар зарим оронд товлолт  вакцинжуулалтын үйл ажиллагаа зогссон зэргээс үүдэлтэй тарилгатай халдварт өвчин түүн дотроос халдварлалтын зэрэг маш өндөртэй улаанбурхан өвчний дэгдэлт вакцинд хамрагдаагүй хүн амын дунд бүртгэгдэж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч төлөөлөгч Эваристе Коуаси Комлан олон улстай харьцуулахад дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийн тоо харьцангуй цөөн хэдий ч  улаанбурхан хаалга тогшиж буй энэ цаг үед хаа хаанаа онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг хэлээд 2019 оны дэгдэлтийн эсрэг Хүүхдийн сан ЭМЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж чадсаны үр дүнд улаан бурхан өвчнөөс олон хүүхдийг хамгаалж сэргийлж чадсан туршлагадаа үндэслэн энэ удаад ч мөн вакцины хангалт, дархлаажуулалт хийх орчин нөхцөл, хяналтыг сайжруулах, вакцины хүйтэн хэлхээг дэмжихэд онцгой анхаарч Хүүхдийн сангийн санхүүжилтээр нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 450 мянган ам.долларын үнэ бүхий вакциныг Монголд оруулж ирснийг дуулгалаа.  
НҮБ-ын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн өндөр тунт А аминдэмийг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд түгээж байгаа юм байна.
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам нар мөн мэдээлэл өгсөн.



Арван сартайгаас найман настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Учир нь улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхэд өвдөж, өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх, улмаар эндэгдэлд хүргэх аюултай.  Өөрөөр хэлбэл, улаанбурхан өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.
2022 оноос эхлэн  улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо болоод өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч байгаа нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг нийт хүн амынхаа улаанбурхан өвчний эсрэг дархлалын түвшинг нэмэгдүүлэх, дэгдэлтээс сэргийлэх зорилгоор хийж байгаа юм. Хүн амын дархлалын түвшин өндөр байх нь улаанбурхан өвчнийг хяналтанд авах хамгийн чухал аргуудын нэг.

Нэмэлт дахлаажуулалтыг тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 10-ны хооронд явуулж 10 сартайгаас 8 насны хүүхдийг хамруулах бөгөөд дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх юм.

Түүнээс гадна энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан  заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулна гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top