Сэлэнгийн түймрийг унтраахаар НИСДЭГ ТЭРЭГТЭЙ баг илгээжээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Их үлэлэй гол гэдэг газар энэ сарын 11-нд ОХУ-аас Монгол Улсын хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймэр гарсан газар нь бартаа саад ихтэй, автомашин техник, мориор хүрэлцэн очих боломжгүй учраас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид нисдэг тэргээр хүрэлцэн очиж, унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Гучинтавын-Ам гэдэг газар 12-нд гарсан ойн түймрийн дуудлагаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top