Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг зохион байгууллаа.
Жагсаалын жигдрэлтийн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, мэргэжлийн 20 анги, ерөнхий зориулалтын 4 анги, тусгай зориулалтын 4 анги, 4 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын 887 томилгоот бүрэлдэхүүн, 64 автомашин техник, 448 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон юм.
Энэ удаагийн сургууль нь Дархан-уул аймагт 2015 онд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиас хойш найман жилийн дараа болж байна.
“Орон нутгийн онцгой байдлын ажиллагааны удидлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )