Тува улстай хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд хамтрах санал солилцлоо

2023 оны 07 сарын 13

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзлаа.
 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаанд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа манай улсын баруун аймгуудтай хил залган оршиж буй Бүгд Найрамдах Тува Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.

ОХУ-д үйлдвэрлэл сайн хөгжсөн тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд арвин туршлагатай тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн сүү, хоол тэжээлийн үйлдвэр, төмсний цардуул, хуурай сүүний үйлдвэр, өвлийн хүлэмж байгуулах төслүүд дээр хамтран ажиллах боломжтой талаар талууд санал солилцлоо.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Хандгайт-Боршоогийн боомтыг олон улсын статустай шалган нэвтрүүлэх өв болгон өргөжүүлж, тус боомтын дэргэд “Эдийн засгийн онцгой бүс” байгуулахаар төлөвлөж байгаа нь Монгол Улсаас  Бүгд Найрамдах Тува Улсад цаашлаад Оросын Холбооны Улсын зах зээлд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг хөнгөвчилнө гэж Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг онцоллоо.

“Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн эрүүл бүс бий болгох замаар тухайн бүс нутгаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох тухай ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулаа.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top