ОЛОН ӨНГӨ | Шувууны зад

2023 оны 10 сарын 12

“Тогоруу, тогоруу, тогоруухай

Манан дундаа эргэлдэнэ

Толгодын оройд зогсоход

Навчис сэржигнэнэ

Гэнэн жаахан тогоруухай

Үүлэн хөшгөнд уймранхан

Гэрлийн цагаан эрвээхэй шиг эргэн эргэн байна”

Ийм нэг сэтгэл сэмрээсэн үг аятай дууг МУГЖ Г.Өлзийсайхан дуулдаг байв. Усны шувууд буцах намрын сүүлээр тэнгэр үе үе бүрхэж, усан манан татан уйлагнахыг хөгшид “Шувууны зад” гэх. Тэнгэр задраах, зад барих гэдэгтэй утга, агаар нэг ойлголт. Өвөл дөхөж хүйтрэхийн үест нүүдлийн шувууд дулаан орноо зорин хөдлөх болоход энэ нутагт төрж өссөн бяцхан шувууд өд сөд нь гүйцэн “эрийн цээнд” хүрсэн ч эрхэлж зуссан нуур усандаа хоргодоод явдаггүй гэдэг. Эх, эцэг шувууд үрсээ авч буцахын эрхэнд тэнгэр уйлуулж, харанхуй манан татуулж, битүү саарал үүлэн дунд тэднийгээ төөрүүлэн тал талаас нь хашин халхалж холын аянд морддог гэнэм. Мөнөөх дуунд өгүүлдэгчлэн үүлэн хөшгөнд уймарч том шувуудад хашигдсан гэнэн жаахан шувуухайнууд гэрлийн эрвээхэй шиг хэсэгхэн эргэлдээд эцэг эхээ даган алсын замдаа гардаг жамтай. “Шувууны зад” гэж тэнгэр харанхуйлан хуйсганах нь ийм учиртай. Наран тогорууд Наран улсад өвөлждөг гэж япончууд хэлдэг. Хамгийн ойр өвөлжөөд ирдэг нь тэд байх. 

Хэцүү бэрх холын замыг туулахдаа хэд нь үрэгдэж, очсон газраа хэчнээн нь эндэж, ирэх хавар эх нутагтаа эргэн ирэх ирэхгүйг хэлж үл мэдэх тийм л аянд мордох нь тэр. Тиймдээ хөгшид “Буцах шувуудыг битгий хар, гуниг тээдэг. Ирэх шувуудыг хар. Эх нутагтаа эсэн мэнд ирсний баяр хөөр дүүрдэг” гэдэг сэн. Удахүй усны шувууд зэл татан ганганасаар буцна. Монгол нутагт төрж, өдөлж сөдлөсөн гэнэн шувуухайнууд минь эсэн мэнд яваад ирэх хавар төрж өссөн цэнгэг ариун нуур голууддаа тоо бүтэн эргэн ирээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top