Өнөөдөр 2023.10.23. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандлаа, 17 цаг 51 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 13 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Химийн салбарынхны тэмдэглэдэг Олон улсын сохор номингийн өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Бразилд Нисгэгчдийн өдөр бол Македонд Хувьсгал тэмцлийн, Ливид Чөлөөлөх, Унгарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн кино найруулагч Филип Кауфман, Бразилын хөлбөмбөгч, “хөл бөмбөгийн хаан” Пеле, Тайванийн кино найруулагч, продюсер Энг Ли, Энэтхэгийн сэтгүүлч, зохиолч, Букерын шагналт Аравинд Адига, Канадын жүжигчин Райан Рэйнолдс, Их Британийн жүжигчин Эмилия Кларк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1928 оны энэ өдөр МАХН-ын VII Их хурал хуралджээ. 192 төлөөлөгч оролцсон энэхүү хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан байна. Мөн намын дотоод байдал болон зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” гэж буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурал эхэлжээ.
1947 оны энэ өдөр анх удаагаа гэр бүлийн хос Нобелийн шагналын эзэн болов. Тэд бол Австриас Америкт суурьшсан биохимичид болох Герти болон Карл Кори нар байв.
1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам бүгд найрамдах улс болжээ.
1958 оны энэ өдөр Борис Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэв.
1989 оны энэ өдөр Будапештэд Бүгд найрамдах Унгар улс бий болсныг зарлажээ.
2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийг ялснаа зарлав.
Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )