“Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ болон Япон улстай 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын түүхэн гэрээ байгуулжээ.
Талууд энэхүү гэрээг харилцааны чухал үе шат гэж нэрлээд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины батлан хамгаалах, тогтоон барих чадварыг бэхжүүлэхийг уриалсан байна.
Украины Ерөнхийлөгчийн Япон улстай байгуулсан аюулгүй байдлын гэрээ 4.1 тэрбум еврогийн өртөгтэй ажээ.
Володимир Зеленський “Их 7”-гийн удирдагч нарт Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс 50 тэрбум ам.долларыг Украинд үзүүлэх тусламжид зарцуулах шийдвэр гаргасанд нь талархал илэрхийллээ. 2022 оны хоёрдугаар сард Украины газар нутагт цэргийн ажиллагаа эхэлсний дараа “Их 7” бүлгийн гишүүн орнууд болон Европын Холбоо өөрийн банкуудад байрлаж байсан Оросын Төв Банкны хөрөнгө болох 325 тэрбум ам.долларыг битүүмжилсэн юм. Украинд үзүүлэх 50 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг дээрх мөнгөний хүүгийн орлогоор төлж барагдуулахаар “Их 7”-гийн удирдагч нар төлөвлөжээ.
Ихэнх хэсэг нь Бельги улсад байрлаж буй Оросын хөрөнгийг шууд бусад улсад зарцуулах боломж олон улсын гэрээгээр хориотой байдаг тул ийнхүү хүүг нь ашиглахаар болжээ.
Италид болсон дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Энэ мөнгийг Украины төлөө зарцуулж, бид ухрахгүй гэдгийг Путинд дахин сануулах болно. Ноён Путин бидний ухрахыг харахгүй, тэр биднийг хагаралдуулж чадахгүй” гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Их 7”-гийн уулзалтад урилгаар оролцсон юм. Тэрбээр аюулгүй байдлын түүхэн гэрээг байгуулсны дараа “Энэ бол түүхэн өдөр юм. 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Украин болон АНУ-ын хооронд хамгийн хүчирхэг гэрээ байгуулагдлаа” гэв.
Тэгвэл Оросын хөрөнгийг Украинд зарцуулах шийдвэр гарснаас хэдэн цагийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Үүний хариуд хатуу арга хэмжээ авах болно” хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )