Б.Оюунсүрэн: Чөлөөт бөх амьдралыг минь өнгөлж, утга учир оруулсан

2024 оны 08 сарын 21

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн "Өглөөний зочин" буландаа урьж ярилцлаа.

-Танд намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийн мэндийг хүргэе. Тамирчин болох нь таны бага насны мөрөөдөл үү. Эсвэл хувь заяаны өгөгдөл үү. Бөх эмэгтэйчүүд ихэвчлэн олон ах, эрэгтэй дүүтэйгээ “ноцолдож” өссөн байдаг?

-Би айлын отгон охин. Дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй. Хими, биологи гээд л  боддог хичээлүүддээ дуртай, олимпиадад орчихдог сайн сурлагатай охин байсан. Учир нь манай эгч химийн багш. Тэгээд химидээ илүү сонирхолтой байсан. Ээж маань  “Эмч мэргэжилтэй хүүхэдтэй болвол их гоё юм байна” гэж хэлж байсан. Тэгээд л эмч болъё гэж зориод явж байсан чинь арав төгсөх хавар ээж аав хоёр маань зам тээврийн ослоор өөд болсон. Тэр үед хорвоо хөмөрчихсөн. Бүх зүйл утгагүй. Амьдрах сонирхол ч байхгүй, мөрөөдөл ч үгүй болчихдог юм билээ. Бүх ертөнцийг аав ээжээрээ төсөөлж байсан 16-хан настай хүүхэд гэнэт өнчирч үлдсэн. Тэгээд л үсээ улаанаар будаад, өөрөө нэг хайчилж үзээд л... Хавар нь шууд нэг үсчин ороод “Хусаадах” гээд л хусуулчих жишээтэй. Ер нь хүнд, ялангуяа өсвөр насны хүүхдэд  маш хэцүү үе тулгараад ирэхээр бие физиологи дээр гарч ирэх нөлөө бол хамгийн эхлээд л эмэгтэй хүүхэд үстэйгээ харьцаж эхэлдэг юм билээ.

-Сэтгэл зүйн хувьд асар том өөрчлөлтөд орж буй хэрэг байх? 

-Яг үнэн. Тийм хэмжээний сэтгэл зүйн дарамтанд орчихсон байдаг л гэсэн үг. Магадгүй, энэ жишээнээс үзэхэд эргэн тойронд чинь өсвөр насны хүүхэд,  эсвэл ямар нэгэн байдлаар сэтгэлзүйд нь өөрчлөлт ороод байгаа хүмүүс байх юм бол хамгийн эхний  илэрч харагдах зүйл бол үс, зүс царайн дээрээс харагдах ч юм шиг. Нүүрээ будахдаа хүртэл жаахан сонин, этгээд болж эхэлдэг байхгүй юу. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд, тэдэнтэй ажилладаг багш нарт хүргэх чухал зөвлөмж байлаа. Таны хувьд тэр бүхнийг туулж гарах том хүч нь магадгүй чөлөөт бөхийн спорт байсан болов уу?

-Ёстой л тийм зүйл болсон. Бүх зүйл сэргээд л ирсэн. Яг тэр жил буюу 2006 онд чөлөөт бөхийн  Оюунтны ДАШТ манай улсад болж таарсан. Манай чөлөөт бөхийн том, том тамирчид буюу  миний хувьд  нэг багшийн шавь нар гэдгээрээ бахархдаг Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эгч түрүүлж байсан санагдана. Тэр ДАШТ-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа эгч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Насанбурмаа нар байсан. Манай тамирчид нэлээн сайн оролцоод медаль аваад байж байх үеийг нь би зурагтаар үзэж таарсан. Яг тэнд  Бурмаа эгчийг Очирбатын Бурмаа гээд дуудаад Монгол Улсын төрийн дуулал яваад л. Яг тэр агшныг үзээд л би Банзрагчийн үр сад гэдгийг хүмүүст үзүүлэх ёстой, “Тийм ээ, уулаасаа би яг л тамирчин болж байж л аав ээжийнхээ нэрийг дэлхийд данслах юм байна” гэдэг зүг чигийг тэндээс олж авч байсан даа.

-Тэрхэн агшинд их том зорилгын эхлэл тавигджээ?

-Хүн ерөөсөө зорилготой байна гэдэг чинь л амьдралын утга учир юм билээ. Би сайн  тамирчин болох хэрэгтэй юм байна. Би чадна. Би бяртай шүү дээ. Дөрвөн ахын дунд өссөн надад аав ээжээс төрсөн өгөгдөл нь ч тэр, ахуй орчны хүмүүжил нь ч тэр, миний хамгийн сайн чаддаг юм чинь тэр юм байна шүү дээ гэсэн бодол төрсөн. Товчхондоо, “Тамирчин болъё “ гэдэг анхны зорилго маань тэнд гарч ирж байсан юм. Аавын маань талд бөхийн удам бий. Өвөө маань их сайн барилддаг хүн байсан.Аав өөрөө сумын заан цолтой. Сумандаа л барилддаг. Ах нар маань намайг бодвол мэхний хийц сайтай. Даанч бие жижиг учраас ганцхан үндэсний бөх гэдэг байдлаар хараад дуусчихсан.

-Хүний тийм эгзэгтэй, эрс шийдэмгий чанар байгаа онодог шиг байгаа юм?

-Одоо бодоход, МУИС-д Эрдэс материалын хими гэдэг мэргэжлээр, тийм ангид элсчихсэн байж “Тамирчин болно” гээд яваад байжээ. Тухайн үед намайг бүтэн өнчин ч гэдэг юм уу, өөрөө гайгүй сайн сурдаг ч байсан юм уу. Мэдэхгүй. Багш маань сайшаадаг оюутан байлаа. Манай ангийн багш МУИС-ийн том доктор. Яагаад ч юм намайг арай илүү харж ханддаг, хажуудаа суулгаад хичээл ном хийлгэдэг байсан юм. Тэгсэн чинь тэр хүнд худлаа хэлээд бэлтгэлдээ яваад байсан л даа. Спортын төв ордны урдуур явж байгаад л нөгөө тамирчин болох сэдэл маань гэнэт орж ирсэн. Тэгээд яваад орсон чинь миний унаган багш, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар маань шигшээ багаа олон улсын хамтарсан бэлтгэлд хамруулж байсан.Тухайн үеийн оюутны ДАШТ-д ирсэн тамирчид байсан болов уу. Бүхэл бүтэн улсын шигшээ багийн олон улстай хамтарсан бэлтгэл дээр явж оронгуутаа багш дээрээ шууд очоод “Би бөх болмоор байна”, “Бүр мундаг тамирчин  болмоор байна” гээд хэлчихэж байсан даа. Ядаж, анхан шатны секц дугуйланд хамрагдсан байх шаардлагатай. Тэгж байж л тийм том юм ярина шүү дээ. Гэтэл би болохоор шууд явж ороод л тэгээд хэлчихсэн.

 

 

-Тухайн үед багшид тань ямархуу сэтгэгдэл төрсөн бол?

-Багш маань одоо ярьдаг юм. ”Би чамайг ямартай ч эрүүл хүн биш байна гэж харсан” гэдэг. Тухайн үед багш надаас “Хаанахынх юм чи” гэж асууж байсан. Би “Завханых” гэсэн чинь хажуу талд нь манай Батбилэг гээд бөх сонирхдог ах байсан. Билэгээ ах маань Завханых л даа. Тэгсэн багш “Билэгээ хөөе, танай нутгийн хүн гэж байна шүү дээ.Чи нутгийнхаа хүүхдийг ав” гээд намайг шоолж байсан. Ер нь бол эрүүл биш хүн л ингэж явж очно шүү дээ. Багштайгаа анх хичээллэж эхэлсэн дурсамж маань ийм хөгтэй байдаг юм.

-Түүнээс хойш таван жилийн дараа ДАШТ-ээс мөнгөн медаль авсан юм байна шүү дээ?

-Тийм ээ, 17 нас хүрэх гэж байхдаа чөлөөт бөхийн спортод хөл тавьсан. Яах вэ, спортод бол оройтсон гэсэн үг шүү дээ. Гэхээд аав ээжээс заяасан жаахан өгөгдөл байсан байх. Дээрээс нь өөрийн итгэл үнэмшил, зорилго юм уу даа. Гол нь тэр бүхэн нь ухамсартайгаар оршиж байна шүү дээ. Бүр нялх хүүхдийнх биш, жаахан ухамсар суучихсан хүүхдийн зорилго байсан болохоор тэнд хүрэхэд харьцангуй богино хугацаа шаардагдсан юм болов уу даа л гэж боддог.

-Тэр ДАШТ дээр Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаатай хамт медаль авсан шүү дээ?

-Эргээд харахад, хүнийг байнга цэнэглэж байдаг зүйл бол бүтээсэн дурсамжууд. Сайн ч бай, муу ч бай, сайхан ч бай, муухай ч бай бүхий л дурсамж миний амьдралыг бүрдүүлж байгаа шүү дээ. Яг тэр мөч бол миний амьдралд хамгийн нандин дурсамж, мэдрэмжүүдийн нэг. Тэр богинохон хугацаанд би О.Насанбурмаатайгаа сайн найзууд болж, тэр хүн  миний партнер байсан учраас түүний түвшинд хүрэх гэж хичээсэндээ хурдан өсөж байгаа юм. Хэрэв би муу хамтрагчтай, дандаа залхуурдаг, ялагдаж хожигдох, өвдөхөөсөө айгаад өөрөөсөө арай түвшин доогуур хүүхдүүдийг партнераар сонгож бэлтгэл хийдэг байсан бол би хэзээ ч сайжрахгүй. Ерөөсөө л миний найз намайг сайжруулсан. Дээрээс нь миний багш нар их мундаг хүмүүс.

-Та 2006 оноос эхэлж барилдахдаа Т.Сүхбаатар багшийн шавь болж ороод л О.Насанбурмаатай найзалж эхэлсэн үү?

-Тийм. Бид багшийнхаа унаган шавь нар. Багш дээр очиход багшийн туслах буюу анх орж байгаа хүүхдүүдийг бэлддэг багш бас байгаа. Тэр багш маань Дамбарагчаа гээд спортын мастер хүн бий. Дамбаа багш дээр анх суурь өнхрөлт, дасгалаа заалгана гээд явж байлаа. Дамбаа багштайгаа өдөр болгоныхоо бэлтгэлийг хийдэг байсан. Бүр эхнээсээ гэсэн үг. Мэх яаж хийх, ямар дасгал хийх гээд бүх суурийг багш маань тавьж өгсөн. Үргэлжлээд цаашаа улсын аваргаас медаль авах хүртэл замыг засаж, бараг хөл гарыг маань тэгшилж өгсөн гэж хэлнэ. Тамирчны суурь тавих бүх  хар бор ажлыг манай Дамбаа багш гардсан. Тэгээд л Сүхээ багш, Дамбаа багш хоёрынхоо гар дор бөх болсон. Сүхээ багшийн бэлтгэлд хамрагдаад сар болсон юм уу, хэд хонож байсан юм бэ дээ. Сүхээ багш спорт тоглоомын бэлтгэлийн өдөр зарлаад сагс тоглох гээд яваад очсон чинь О.Насанбурмаа ирэхээр болсон.

 

 

-Тухайн үедээ л үеийнхэн дундаа шилдэг нь байсан байх шүү. Тэгэхэд танд ямар бодол төрж байв?

-Насанбурмаа гэхээр би чинь их том бөх төсөөлж байгаа юм чинь. Тэгтэл шар халимаг үстэй, их гоё саарал бэлтгэлийн хослол өмсчихсөн охин бие халаалт дээр хажууд гүйж ирээд “Чамайг хэн гэдэг вэ”, ”Хэдэн настай вэ”, ”Хэзээ барилдсан юм” гээд л асуусан. Их эрч хүчтэй хүүхэд байсан. Би чинь жаахан ичээд л “Оюунсүрэн гэдэг. Одоо эхэлж байгаа юм” гээд л хариулж байсан. Яг тэр цаг үеээс л найзалж эхэлсэн дээ. Миний найзын хамгийн гайхамшигтай чанар бол хэнийг ч хэзээ ч ялгаж харьцдаггүй. Тэгээд л бэлтгэл дээр Ука-даа алуулаад л, наана цаана болоод л. О.Насанбурмаагаа Ука гэж дуудна л даа.

-Хэзээнээс дотно найзууд болсон бэ?

-2008 оноос эхлээд бид хоёр урд өмнөхөөсөө ч  илүү амины найзууд болсон. Тэр үеээс би насанд хүрэгчдийн тэмцээнд медаль авч эхлээд, өсвөрийн хүүхдээс жаахан дээгүүр түвшний бөх болж эхлэх гэж байсан. Тэндээс л Ука бид хоёрын нөхөрлөл эхэлсэн дээ. Гайхамшигтай шүү.

-Та хоёрыг хамт медаль авдаг ДАШТ-д эхний өдөр нь О.Насанбурмаа медаль хүртсэн. Өөрийг тань маргааш өдөр нь барилдах учраас хэт их баярлачих юм бол найзыгаа барилдаж чадахаа байчихна гээд нилээн их мэрийлт гаргасан гэдэг?

-Яг тийм юм болсон. Тэр бол ёстой л сайхан дурсамж. Тэгэхэд бид хоёр нэг өрөөнд байсан юм. Миний найз маш их зүйлийг туулж байж дэлхийн аваргаас медаль аваад, бүр олимпынхоо эрхийг тэндээс авч байсан шүү. Амьдралынх нь яг тийм зүйлүүдийг хажуугаас нь харж, жаргал зовлонг нь мэдэрч явсан хүн нь би л дээ. Багш, хамт олон байгаа. Гэхдээ чухам  тэр хүүхдийг яаж уйлж, дуулж байсан бэ гэдгийг бүгдийг нь детальчилж мэддэг нь ганцхан би. Маш их хэмжээний хатиг гарчихсан,  дархлаа нь огцом уначихсан байсан үе. Түүнийгээ баг, хамт олноосоо, багшаасаа айж нуугаад л... Олон улсын онгоцны буудлуудын ариун цэврийн өрөө рүү бид хоёр ороод нөгөө идээ бээрийг нь цэвэрлээд, боолтыг нь сольдог ажлыг би хийдэг байлаа. Тэр үйл явцыг бид хоёр л мэднэ. Тийм айхтар хүчтэй  сэтгэлзүйтэй. Асар их тэвчээр гаргасан үе байхгүй юу. Тийм айхтар юмыг давчихаад миний найз медаль авчихангуут би бас ханатлаа баярлаж байгаа юм. Гэхдээ би тэр сэтгэл, эмоцийг гаргачих юм бол өөрөө маргааш нь барилдаж чадахгүйд хүрнэ.

-Нэг ёсондоо өөрийгөө барих шаардлага гарсан байх?

-Тийм. Тэгээд л би өөрийгөө барьж байгаа юм. Насанбурмаа тэр айхтар зүйлийг давж өөрөө медаль аваад тийм ээ, бүр олимпын жинд шүү дээ, базарваань. Хэт их баярлачихвал тэр их сэтгэлийн хөдөлгөөн, эмоцийг миний найз маргааш барилдана гээд гаргаж чадахгүй. Бид хоёр яг тийм ижилхэн сэтгэлзүйтэй хоёулаа унтаж чадахгүй шөнийг барж байгаа юм.

-Та тухайн үед О.Насанбурмааг сэтгэл хөдлөлөө барьж , хичээж байгааг хамгийн сайн мэдэрсэн байх?

-Мэдэрсэн. Тийм их юмыг туулаад дэлхийн медаль авахад орилж чарлах ч багадах зүйл байхгүй юу. Тэгэхэд яг тамирчин хүний сэтгэлзүйг зааж харуулсан. Өөрийнхөө амийг бодоод хэт их баярлаж болохгүй гэсэн сэтгэлзүйгээр хоёулаа  баярлаж ч чадаагүй, унтаж ч  чадаагүй. Намайг барилдах хүртэлх үеийг жаахан дэн дон байдалтай өнгөрүүлсэн. Тэгээд маргааш нь би барилдаж пиналдаад, медаль авсаны дараах сэтгэл хөдлөл бол үнэхээр гайхамшигтай.

 

 

-Түүнээс өмнө ч зөндөө л бэртэл гэмтэл авсан байх. Тэр үед  “Үүний  дараа  хоёулаа маш өндөр амжилтанд хүрчих юм бол яг тэр үед л энэ бүхнийг мартах байх даа” гэж  ярьж байсан гэж сонсож байсан юм байна?

-Чөлөөт бөхийн холбооны хамт олон өмнө жил нь буюу 2010 онд намайг явах байсныг явуулаагүй, өөр хүн тавьчихсан байсан. Тэгээд холбооны гишүүдийн хурал энэ тэр болж байж азаар би дэмжигдээд дэлхийн аваргатаа оролцох эрхтэй болж байсан. Түүнээс биш би чинь өөрөө улсын аваргатаа түрүүлчихсэн, эрхийн тэмцээндээ мөн түрүүлчихсэн гээд ерөнхийдөө болзолоо биелүүлчихсэн. Ганцхан асуудал нь бэртэлтэй хүүхэд явуулах уу, яах уу гэдэг дээр яригдаж байгаад намайг явуулахаар болж байсан. Тэгэхээр дэлхийн аварга дээр чиний ялж, ялагдах хамаагүй. Ялагдсан ч гэсэн өвдгөө битгий барьж ялагдаарай гэдэг шаардлагыг надад тавьж байгаа юм. Медаль авах эсэх нь хамаагүй. Ганцхан өвдөгнөөсөө болж ялагдсан гэдэг сэтгэгдлийг бусдад төрүүлж болохгүй гэсэн үг. Тэгвэл эргээд намайг дэмжсэн хүмүүс амаа асуулгана шүү дээ.

-Бэртэлтэй тамирчинг дэмжсэн гэдэг зүйлээр?

-Тийм. Тэгээд ямар ч байсан барилдаад пиналдчихсан, мөнгөн медал дээр манай жинд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөхийг хожиж байсан.

-Японы бөхийг?

-Тийм ээ. Тэр бас л гоё барилдаан болсон. Аврагын төлөөх барилдаан бол надад нэг их сэтгэлд хүрдэггүй. Одоо болдог бол яг тэр үед очоод нэг барилдахсан гэмээр л барилдаан. Гэхдээ мөнгөн медаль авах учиртай байсан болоод л авч байгаа шүү дээ.

-Тэр ч  бас тийм байх шүү?

-Тэгээд л нэг их харамсаад байдаггүй, айхтар огшиж омогшоод ч байх юм байхгүй. Чухамдаа нэг том зорилго биелсэн.

-Мөнгөн медальд хүргэсэн тэр ялалт цаашлаад багийн барилдааны оноонд маш өндрөөр нөлөөлсөн л дөө. Үргэлжлүүлээд энэ тухай ярилцъя?

-Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонцэцэг бас их сайн тамирчин, манай сайн найз л даа. Отгоо, Ука бид гурав медаль авч байгаа юм. Түүнээс гадна манай шигшээ багийн эмэгтэй тамирчид ер нь л сайн барилдсан. Медалийн төлөө барилдсан нь ч багийн оноонд нөлөөлж байгаа. Хоёр, гурван ялалт авсан нь ч бас багийн оноонд нөлөөлж л байгаа шүү дээ. Тэр үед багийн оноогоор Монголын эмэгтэй баг дэлхийд анх удаа гуравдугаар байранд орж хүрэл медаль, хүрэл цомын эзэд болж байсан. Тэр бас л түүхэн амжилт. Эмэгтэй чөлөөт бөхийн спорт Монголд үүсч хөгжөөд анх удаа багаараа дэлхийд  медаль хүртсэн амжилт шүү дээ.

-Чөлөөт ч гэлтгүй бусад бүх спортод нэг тийм үе үеэрээ найзалдаг? 

-Чөлөөт бөх надад маш гоё найзууд, хамт олныг өгсөн. Гайхамшигтай хүмүүсийг бэлэглэсэн.

-Таны хувьд нөхөрлөлийг юу гэж боддог вэ. Магадгүй нөхөрлөл гэх зүйлийн нэрийн хуудас нь О.Насанбурмаа байж болох уу?

-Хамгийн тод  хуудас. Хүнийг найзаар нь тань гэдэг шүү дээ. Түүнийг тодорхойлбол, маш шударга, хэнийг ч ялгаж харьцахгүй. Аливаа баг, командын зангилаа гэж байдаг даа. Бидний тэр зангилаа Ука маань болж, бүгдийг нэгтгэж авч явж чаддаг манлайлагч чанартай. Манай Ука надаас эхлээд амжилт үзүүлчихсэн, надаас түрүүлээд эдийн засгийн хувьд арай илүү боломжтой болчихсон. Мөнгө байвал байдаг, цалин байвал байдаг гээд л нөлөөлөл ихтэй шүү дээ.

-Тамирчин хүнд хангамж бас хэрэгтэй шүү дээ?

-Бид хоёр хоорондоо байнга нууж хаахгүй ярьчихдаг. Нэг хүн миний тухай Укад хэлэхэд надаас шууд асуучихдаг. Хамгийн гоё нь тэр. Тэгэхэд нөхөрлөлийн хооронд сэв суудаггүй гэсэн үг л дээ. Маш том итгэлцэл яваад байна шүү дээ. Сэв суугаагүй учраас бид хоёрын нөхөрлөл бөх. Би Укадаа нэг  үг хэлж байсан юм. Найзынхаа нэг  тэмдэглэлт баяр дээр  нь “Найз нь чамд их зүйл өгч чадахгүй ээ. Би чиний “Найз шиг л найз байя” гэж хэлж байсан. Ука маань одоо тэрийг л сэтгэлээ хөөрөхөөр ярьдаг. Найзыгаа өрөөл бусдаас өмгөөлж хамгаалаад үг хэлчихдэг, хэрэгтэй үед нь хажууд нь гараад ирдэг найз нь л байя гэж хэлж байсан. Хэдэн ч он юм бэ дээ. Манай хүн байнга тэрийг ярина. Надаас илүү болчихсон хүнд чинь бэлэг сонгох их хэцүү. Миний чадал хүрч авч болох бүх зүйл байдаг байхгүй юу. Ука бол надад зөндөө юм өгч байгаа шүү дээ. Бас л найзын орон зайг битүү дүүргэж байгаа. Чөлөөт бөхөөс олсон ганц найз минь. Ганц гэж хэлвэл бусад нь гомдчихно доо. Гэхдээ л бид хоёрыг хамгийн сайн найзууд гэдэгт хэн ч маргахгүй байх.

-2011 оны ДАШТ гэхээр одоогоос 13 жилийн өмнө юм уу даа. Түүнээс хойш О.Насанбурмаа хоёр удаагийн ДАШТ-д медаль хүртсэн. Бас л өндөр амжилт л даа. Мэдээж тэр хүнээс асар их зүйл гарсан байж таарна?

-Манай Насанбурмаагийн талаар ярих юм бол спортод хүний үзэж болох, туулах ёстой  бүгдийг биеэрээ эдэлсэн хүн гэвэл түүнийг л хэлнэ. Хүмүүс ганцхан насанд хүрэгчдийнх нь ДАШТ-ий медалийг тоолоод байдаг. Гэтэл өсвөр үе, залуучуудын маш олон медалиуд байгаа. Тоолохоор хэд юм. Нэлээд их шүү. Тэр бас л дээд амжилт.

-Ер нь спортоос авах үнэт зүйл нь юу вэ. Тэр дундаа чөлөөт бөхөөс. Тухайлбал, таны хувьд?

-Маш их юм бий. Үнэт зүйл гэхээр заавал үнэтэй машин ч юм уу, байр байх биш шүү дээ.  Өсвөр насандаа  үсээ хусах хэмжээний утгагүй болчихсон амьдралыг өнгөлж, утга учир оруулсан зүйл бол миний хувьд чөлөөт бөх. Маш их сэтгэлийн зовлон, аав ээжийгээ алдсан тэр харууслыг давж гарах тэвчээрийг их спорт надад суулгаж өгсөн. Аав ээжийнхээ нэрийг дэлхийн дайдад дуурсгасан бөх болно гэж зорьж байгаа чинь өнгөц харвал ерөөсөө л тэр хүнд сэтгэлийн шархыг давах зорилго байхгүй юу. Тэрний төлөө тэр хүүхэд судас шөрмөс бүх юмаа тасалж, махан биений  хүнд өвдөлтийг давж гарсан байна шүү дээ. Нэг ёсондоо сэтгэлийн өвдөлт гэдэг зүйл чинь махан биений өвдөлтөөс айхтар зүйл байгаа юм. Тэр хэмжээний сэтгэлзүйн өвдөлтийг давж гарах хэмжээний тэсвэр тэвчээр зорилгыг чөлөөт бөх надад өгсөн. Хоёрдугаарт,  хүн хүнээрээ байх шиг сайхан зүйлгүй  гэдэг чанарыг надад суулгаж өгсөн. Одоо би хүний төлөө ажиллаж байгаа. Би шууд тэгж хэлнэ.

-Эрүүл хооллолтын клуб уу?

-Яагаад эрүүл хооллолтын клуб ажиллуулж байгаа юм бэ гэвэл энэ талын мэдлэг дутмагаасаа болоод зовж байгаа маш олон эмэгтэй, хүүхэд байдаг. Ядаж, өөрийнхөө хүрээлэл, эргэн тойрныхоо ганц ч гэсэн хүнд тусалчих юм бол тэр хүний ард гэр бүл нь байгаа. Тэдэнд бас хүрнэ. Яг энэ бүхний суурийг юу тавьж өгсөн бэ гэхээр бас л  чөлөөт бөх. Эүүл хооллолт гэдэг зүйлийг яриад дөрвөн жил болж байна. Өөрийн гэсэн эрүүл хоололтын клубыг нээгээд хагас жил болж байна. Суралцаж л явна. Аливаа зүйлийг бүгдийг нь төгс сурчихаад эхэлнэ гэж байхгүй шүү дээ .Түүнтэй адилхан эрүүл хооллолт, шим тэжээлийн талаар судалж, суралцангаа хуваалцаж явна. Мөн үргэлжлүүлээд хувиараа судалж байгаа зүйл нь тамирчдын хооллолт болон жин хасалтын талаар маш их судалж байгаа. Эрүүл хооллолт гэдэг зүйл тамирчдын амжилттай салшгүй холбоотой. Тамирчид жингээ зөв хасаад сурчих юм бол амжилт нь тэр чинээгээрээ сайжрах боломжтой. Энэ хугацаанд улсын аваргын тэмцээний үеээр зорьж ирсэн хүн байна. Улсын аваргатаа урамтай сайхан барилдаад түрүүлчихсэн хүн ч байна. Маш олон хүнд нөлөөлөхийг, тамирчидтайгаа илүү их ажиллахыг л бодож байна. Ганцхан чөлөөт биш манай улс чинь спортын маш олон төрөлд тамирчид бэлтгэж байна шүү дээ.

 

 

-Сонсоход маш сайхан байна. Өөрийнхөө үзэж туулсан туршлага дээр үндэслээд түүгээрээ дамжуулан бусдад туслах боломж, гаргалгаа гэж харж байна?

-Би маш богинохон хугацаанд барилдсан. Тэгэхдээ “Бөх хүн ийм байдаг юм байна, энэ мэхийг ингэж хийгээд, ийм сэтгэхүйгээгээр барилдах юм бол би болох юм байна” гэдэг зүйлийг яг л мэдэрчихээд  байх үедээ хоёр, гурван хавсарсан бэртлээс болоод гараад явчихсан. Тэр бэртэлд хүргэх хүчин зүйл нь юу байсан гэхээр шим тэжээл, хооллолтын талаарх мэдлэг жаахан ч болов байгаагүйтэй холбоотой. Бэлтгэл дээр хоёр, гурван цагийн ачаалал авч байхад тэр тамирчны хөлстэй хамт ямар хэмжээний эрдэс, шим тэжээл алдаж байснаа ойлгоогүй явсанаас болсон байгаа юм. Тэр бэлтгэлийг хийхийн тулд бие маань хэрэгтэй шим тэжээлийг үе мөчний холбоо судаснаас татаж авч, тийм байдлаар л бэлтгэлээ хийгээд байсан гэсэн  үг.

-Шим тэжээлээ ихээр алдах эрсдэлтэй л дээ?

-Шим тэжээлээ маш их хэмжээгээр алдана. Магадгүй ихэвчлэн колагаар шингэнээ нөхөөд л, тухайн үед пирошки, бууз л иддэг байсан. Тэндээс яах вэ, махан уургаа нөхөж болно. Гэхдээ л тэнд чинь давхар яснаас алдагдаж байгаа кальци, шим тэжээлийг нөхөж байсан ямар ч зүйл байхгүй. Тэгээд л үений доторх эд эсээс татаж хэрэглэж байгаад л тэр үенүүд суларсан гэж ойлгоод байгаа юм. Одоо эргээд энэ бүхнийг уншиж судалж байхад.

-Тэр бүхнийг өөрийн биеэр  мэдэрсэн хүн л бусдад илүү бодитоор тусалж чадна даа?

-Би яаж бэлтгэл хийдгийг мэдэж байгаа, ямар ачаалал авдагийг мэдэрч байгаа, ямар алдаа гаргадгийг нь ч мөн мэдэж байгаа. Тэгвэл тэрийг би яаж засах вэ. Хүүхдүүдэд яаж урьдчилан таниулах юм бэ гэхээр тархинд нь л жаахан ч гэсэн мэдлэг олгохыг зорино. Хүрээд ирэхэд нь “Би өөрийн алдаанаасаа мэдээд авчихсан нэг зүйлээ бусдад алдахаас нь өмнө амжаад хэлээд өгчих юмсан” гэдэг байдлаар ажиллаж байгаа. Мэдлэгтэй болчихсон тамирчин бол түүнийг ямар нэгэн байдлаар амьдралдаа хэрэгжүүлнэ. Хамгийн түрүүнд тамирчдадаа л туслах зорилго өвөрлөж байна.

-Таван жил барилдаад тэр замналыг дуусгах үе амаргүй хүнд байсан уу. Товчхондоо зодог тайлах ч гэх юм уу?

-Би яг албан ёсоор одоо болтол  зодог тайлаагүй л явж байгаа. Барилдсан ч болно гэсэн үг. За энэ ч наргиа шүү.

-Тухайн үед тийм шийдвэр гаргахаас аргагүй байдалтай нүүр тулахад эргэж барилдахгүй гэдэг ч юм уу, сэтгэлзүйн хувьд тиймэрхүү мэдрэмж мэдээж  хүнд туссан байх?

-Жиших зүйл даанч олддоггүй шүү дээ. Би олимпоос медаль авна, би маш сайн тамирчин болно гэдэгт л бүх зүйл төвлөрч явж байгаад хэнд ч хэрэггүй болсон мэт тэр мэдрэмж үнэхээр аймшигтай. Сэтгэлзүйн хувьд ч аюултай, хүнд шүү дээ.

-Түүнээс хойш  та дасгалжуулагчаар ажиллаж, багштайгаа хамтраад шавь нараа бэлтгээд явсан шүү дээ. Шавь нараас нь олимпын тавцанд хүрчихсэн байна. Тэр тамирчнаар зогсохгүй багш нараар нь, танаар маш олон хүн бахархдаг. Таны амжилтын замнал шавь нараар чинь үргэлжлээд явсан?

-Шавь минь бидний бахархал. Өвдөгний бэртэлтэй хавсраад мөрний бэртэл давхар авч, мөр мултарч тогтохоо байгаад барилдах боломжгүй болсноор дасгалжуулагч болж байгаа юм. Гэхдээ би дасгалжуулагч болоод тэр хүүхдийг олимпын тавцанд хүртэл нь ажилласан гэвэл үнэхээр худлаа, би өөрийгөө хөөргөсөн хэрэг болно.

-Монгол Улсын гавьчат тамирчин, олимпын хүрэл медальт Б.Болортуяа таныг энэ хүртэлх замд хөтөлсөн гэж ярьдаг юм билээ?

-Олимп, дэлхийн аваргаас хоёр, гурван жил дараалан медаль авахад өөрийнх нь хөдөлмөр их бий. Мөн бусад маш олон хүний хөдөлмөр зүтгэл нийлж байж тэнд хүрч байгаа юм. Өндөр амжилттай тамирчинд хамгийн эхлээд суурь нь л чухал. Суурийг нь маш зөв, маш тэгшээр тавиад өгчихсөн нь л миний амжилт. Миний зүгээс нүүр бардам хэлэх зүйл бол тэр. Түүнийг л ярина. Түүнээс биш би тэр хүүхдийг дасгалжуулж явсаар байгаад ллимп, ДАШТ-ээс медаль авуулсан юм биш. Суурийг нь л сайн тавьсан .Суурь нь хазгай тавигдсан хүүхэд хэчнээн цаашаа хичээллэсэн ч өндөр амжилтанд хүрч чаддаггүй.

-Суурь хазгай бол амжилт үзүүлэхгүй гэлээ. Суурийг нь тавьж өгсөн шавь тань  дэлхийд данслагдах хэмжээний амжилт гаргачихсан байна шүү дээ.Тэгэхээр тэр хүртэлх бүх зүйл яах аргагүй тантай салшгүй холбоотой биш гэж үү. Харин ч таныг тэр тавцанд зогсоход хамгийн их нөлөө үзүүлсэн гэж Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяа өөрөө ч ярьдаг, спортын хүрээнийхэн ч хэлдэг шүү дээ?

-Итгэл хайрлаж, урам өгдөг бүхэнд маш их баярлаж явдаг. Тэд миний хөдөлмөрийг үнэлдэг. Түүнд нь талархдаг. Шавийнхаа амжилтууд дээр бол би энэ амжилтанд хүргэчихлээ гэвэл өөрийгөө хөөргөсөн хэрэг болно гэдэг байдлаар л ханддаг. Тэр бүхэнд миний зүгээс оролцохын хувьд оролцсон. Сая хэлсэнчлэн тэр хүүхдийн суурийг маш маш зөвөөр тавьж өгсөн л гэж өөрийгөө үнэлж байгаа юм. Үнэлэхийн хувьд. Түүнээс цааш миний багш цааш нь авч яваад дэлхийн хэмжээнд бэлтгэсэн. Барилдааны тактик нь ийм байдаг, тамирчны сэтгэлзүй нь ийм байдаг гээд ажилласан. Тэр хүний хүч хөдөлмөр бол миний хийсэн зүйлийн хажууд маш их шүү дээ. Харьцуулашгүй их хэмжээгээр байгаа юм.

-Эргээд спортын замналыг өндөрлөсөн тухай дэлгэрүүлэн ярьвал?

-Тамирчин байхаа болих үеийг яривал би 2017 он хүртэл “Эргээд барилдаж чадна” л гэдэг сэтгэлзүйтэй тэр хүрсэн. Харин 2018, 2019 оноос хойш маш их хэмжээний юм уншлаа, судаллаа. Маш их зүйл тууллаа. Тэр хооронд хүний хэрэгцээнд мөнгө байж л амьдардаг. Тийм ээ,  дан ганц сэтгэл байгаад болохгүй зүйл гэж байна. Хүний л амьдрал учир мөнгө хэрэгтэй л байсан. Мөнгө олохын тулд Солонгост очиж ажилласан. Монголоор зүйрлүүлж хэлэх юм бол “Тугал хариулах “ гэнэ дээ. Хүнтэй адилхан аяга таваг угааж үзсэн. Үйлдвэрүүдэд ажиллаж үзлээ. Гэх мэтчилэн л маш их хэмжээний хар ажил хийж, мөнгө олох гэж явж үзсэн. Дараа нь олон зүйлийг уншиж судалсан. Үнэхээр тэр ажлуудыг хийгээд, мөнгө олоод жаргах бол би жаргахаар болсон. Гэтэл түүндээ биш гэдгийг эрүүл мэндтэй холбож уншиж мэдсэн. Маш их юмыг үндэслэж ойлгосон нэг зүйл нь бас “Ганцхан чөлөөт бөхөөр өөрийгөө хязгаарлаж болохгүй юм байна”  гэдгийг ойлгосон. Махан бие дээрээ ч тэр, оюун санаандаа ч тэр. Хорвоо дэлхий чинь уужим юм шүү дээ, ганцхан чөлөөт бөхөөр нүдээ харанхуйлаад, зөвхөн тэр  хайрцган дотор хайрцаглагдаад яваад байх биш. Илүү том зүйл байх боломжтой, илүү  цар хүрээтэй амьдрах ёстой юм байна гэж харж эхэлсэн. Алдаа болгон хүнд боломжийг авч ирдэг.

-Алдаанаасаа олсон сургамжаасаа хуваалцаж болох уу?

-Жин нэмсэн. Жингийн асуудалтай тулгараад ирэхээр биологийн насаараа ч хөгшрөөд эхэлдэг. Сэтгэл санааны хувьд ч өөртөө маш итгэлгүй болдог. Харин тэр жингийн асуудлыг дагаад надад энэ эрүүл хооллолтын клубыг ажиллуулах дахиад нэг шинэ боломж,  нэг шинэ зорилго бий болж гарч ирсэн. Магадгүй ямар азаар би жин нэмсэн юм, ямар азаар би 86 кг хүрсэн юм. Тэгээгүй байсан бол би эрүүл хооллолт, шим тэжээл гэдэг зүйлийн талаар бараг судалж мэдэхгүй яваад л  байна шүү дээ. Мөн бусдад туслах ахиад нэг чухал зам  нээгдэхгүй шүү дээ. Одоо бол амьдралын нэг шинэ хуудас эргэж байна л гэж хараад байгаа юм. Тамирчин байсан. Ялж, ялагдаж үзсэн ,амжилт гаргасан. Дасгалжуулагч хийж үзсэн. Дасгалжуулсан хүүхдүүд амжилт гаргачихсан, шавь нар амжилт гаргахаар ямар байдгийг мэдэрчихсэн. Түүнээс цааш миний амьдралын түүх үргэлжлээд л бичигдэж байна.

-Тэгэлгүй яах вэ. Бас ээж болсон гээд л амьдралд тохиосон сайхан зүйлүүд өчнөөн их шүү дээ?

-Хоёр хүүгээ төрүүлсэн, аз жаргалтай сайхан амьдарч байна. Чөлөөт бөхөөсөө ганцхан дасгалжуулагчаар биш, ганцхан барилдаанд биш, дахиад тэр хоол гэдэг том шинжлэх ухаанд төвлөрөөд шинэ ажил  эхлүүлчихсэн дахиад л суралцаж байна.

-Та өөрөө барилдахгүй байгаа ч гэсэн бусад тамирны бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны тухайд ойроос харж байдаг байх. Тэгэхээр тамирчин хүний хувьд тухайн спортоороо ид хичээллэж яваа тамирчдыг юун дээр гол төлөв анхаарч яваасай гэж хардаг вэ?

-Ид амжилт олсон үед хүн болгон магтаад ирдэг. Тийм үед би мундаг байна, би чадаж байна гээд хэт дээш хөөрчих гээд байдаг талтай. Нөгөөтэйгүүр, тогтмол амжилт гаргахгүй,  бусдад бага зэрэг гологдоод ирэхээрээ хэт доошоо уначих гээд байдаг юм. Эргэн тойрныхон нь ч бас чи маш сайн, чи л чадна гээд дээш нь шидчихдэг.  Яг тийм үед тамирчин хүний сэтгэл зүй тэрийгээ дагаад хөөрчихдөг.  Буцаад бэртэл гэмтэл зэрэг ямар нэг таагүй зүйл болоход эргээд сэтгэл зүйн тогтвортой түвшнээсээ  асар хүчтэй уначих гээд байдаг л даа. Тэгэхээр тамирчин хүний сэтгэл зүй яг л модон тахиа шиг л байх ёстой юм байна. Магтаалд хөөрч, өөрийгөө хэт дээш шидэхгүй, аливаа шүүмжлэл, алдаа эндэгдэлд хэт их гутарч өөрийгөө буруутгахгүй байх хэрэгтэй. Хэт дээшээ харахад хүн бүдэрч унах тохиолдол бий. Ялангуяа тамирчин хүн анх ямар түвшинд байснаа ямагт санаж явах хэрэгтэй.

Миний хэлсэнтэй жишиж болох хүн гэвэл бараг манай О.Насанбурмаа л юмдаг уу даа.  Маш их хэмжээний амжилт гаргасан. Тэглээ гээд зан нь хувираад, хөөрч гүйгээд байдаггүй. Гутарч гуних үедээ ганцаараа зохицуулчихаад л эргээд зүв зүгээр босоод л ирдэг. Тийм гайхамшигтай сэтгэл зүйтэй. Агуу тамирчин хүн гайхамшигтай. Түүний цаана тусгаар тогтнол яригдана шүү дээ. Их спортод тийм хэмжээний үнэ цэн оршдог

-Төгсгөлд нь бэртэлийн дараах УАШТ-ийн барилдааныхаа тухай ярихгүй юу. Үнэхээр зорьж барилдсан уу. Эсвэл гэнэтийн зүйл байв уу?

-Нэг ёсны эргэлт л хийж байгаа юм. Хүнд чинь нэг дутуу үлдээчихсэн зүйл гэж байдаг шүү дээ. Тэр хооронд маш их зүйл болж өнгөрсөн л дөө. Амьдралд ч тэр, спортод ч тэр. Дэвжээн дээр бэлтгэл хийгээгүй найман жил болоод барилдсан нь тэр. 2018 онд мөрний хагалгаанд орчихоод, бүтэн нэг жил гам барьсан. Тэгээд ердөө зургаан сарын бэлтгэлтэй л гарсан. Би ид барилдах найман жилийнхээ оргил хугацааг алдсан байгаа юм.  Хэрэв дахин барилдвал дутуугаа гүйцээчих юм болов уу гэдэг горьдлого хүнд тасраагүй байдаг юм билээ. Яг түүнийгээ нөхөх гэж барилдсан. Дутуу үлдээсэн зүйлээ тэнд гүйцээж улсдаа түрүүлсэн.

-Нэг талаар өөртөө өргүй үлдэх гэж хэлж болох уу?

-Яг зөв. Өргүй л болж байгаа хэрэг. Тэгээд тэндээс дэлхийн аваргатаа барилдсан. Сэтгэл зүйн хувьд найман жилийн форм нөхөгдөөгүй нь харагдсан. Тэндээс л спорт бол залуу насны зүйл учир хувийн амьдралдаа илүү анхааръя гэж эргэлт буцалтгүй шийдсэн.

-Түүний дараа шавь тань олимпын их наадмаас медаль хүртсэн. Тэр бас л таны амжилтыг гүйцээсэн явдал байсан?

-Тэгэлгүй яах вэ. Багш хүн өөрт байгаа бүхнээ зориулж, амжилт хүсэж явдаг хүн бол шавь. Байгаа бүхэнтэйгээ хамт миний мөрний бэртэл хүртэл тэр хэддээ зориулагдсан. Нэг ч гэсэн зөв мэх заагаад өгчих юмсан гэж унтаж байхад ч тогтохгүй мултардаг болтол нь бэлтгэл болгон дээр бэртлээ хөндөж байсан гэж болно.

Тэр их хайрыг өгч байсан шавь маань олимпоос багшийнхаа авч чадаагүйг хүртэж, олны хүндлэлийг хүлээх нь  гайхамшигтай сайхан байсан. Би залуу хүн. Миний багш Т.Сүхбаатар чинь настай хүн шүү дээ. Өөрөөсөө илүү тэр хүний дутууг гүйцээж байгаад нь бүр их баярлаж байсан.

-Сайхан түүхүүд сонссондоо талархалтай байна. 

-Эцэст нь хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл үгүй. Хүмүүс бидэнд хорвоогоос үнэгүй хүртэж буй үнэ цэнтэй олон зүйл бий. Тэр бүхэндээ талархаж, хэнийг ч байгаагаар нь хүлээн авч, хүн болохынх нь хувьд  хүндэлж, хайрлаж, амьд байх ахуйдаа л амьдралын мөн чанарыг тултал мэдрэх хэрэгтэй гэдгийг л яагаад ч юм хэлмээр санагдлаа. Урд өмнө нь тэр бүр  дэлгэж, дэлгэрүүлж яриагүй олон зүйлийг уудлан хуваалцсанд талархлаа.

Т.ЧУЛУУНЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(58.160.64.25) 2024 оны 08 сарын 23

ILUU IH AZ JARGALIIG HUSIEDEE....

3  |  0
Top