.jpg)
Нийслэл хотын гэр хорооллын иргэд 2019 оны намраас утаагүй шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш долоо дахь намартайгаа золгож байна. Эхний жил үнэхээр утаа буурч, “Утаанбаатар” нэртэй болоод асан нийслэлийн тэнгэр цэлмэг өвөлжсөн юм. Гэтэл дараа дараагийн өвлөөс багширсан утаандаа дахин баригдсан билээ. Тэр нь барьцалдуулагчийн орц, материалаас шалтгаалсан хэмээн үзэж байв. Ковидын дэгдэлтийн үеэр барьцалдуулагчийн олдоц хомсдон гурил, төмсний цардуул, цавуу зэрэг элдэв зүйл хэрэглэдэг болсон тухай дуулдах болсноос гадна дутуу хатаасан шаталт муутай түлш борлуулж, утаа , угаар, униар ихээхэн нэмэгдсэн нь нийслэлийн агаарын чанар буурахад багагүй нөлөөлсөн.
Өмнөх жилүүдэд баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрээр шахмал түлш үйлдвэрлэн цэгүүдэд нийлүүлж байсан тул түлшний олдоц харьцангуй элбэг байсан юм. Ажил төрөлтэй завгүй иргэд ажлаа тараад түлшээ аваад харьдаг байсан нь хэдэн жилийн өмнөх явдал. Харин угаар, утаа төдийлөн буурахгүй байсан учраас өмнө хэрэглэж байсан шахмал түлшийг энэ 2025 оноос хагас коксжсон түлшээр солихоор болж, “Улаан ууттай” гэгдэх өмнөх түлшний үйлдвэрлэлийг сар шинийн баярын өмнөхнөөс багасгаж, шахмал түлшнээс ялгардаг хүхрийн хэмжээг бууруулах зорилгоор хийж байсан "Тавантолгой түлш"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил зогсож, 44.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, объект хэрэгцээгүй болсон талаар хэвлэлүүдээр шуугиж байв.
Өнөөдрийн байдлаар зөвхөн зүүн бүсийн үйлдвэр ажиллаж буй, мөн хагас коксжих түлшний үйлдвэр барих гэрээг БНХАУ-тай оройтож байгуулсан зэргээс шалтгаалан өнгөрсөн аравдугаар сарын дундуур болсон огцом хүйтрэлтийн үеэр түлшний хангалт тасалдаж олон айл гал алдсан. Ядаж байхад 1940 оноос хойших 85 жилийн хугацаанд аравдугаар сард ийм хэмжээний огцом хүйтрэлт зургаахан удаа тохиолдсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн байдаг. Бензин, шатахууны хомсдол, шахмал түлшний хомсдол нэг сар орчмын өмнө ийнхүү давхацсан юм. Түлш тээврийн хоёр ч компани үйлчилгээндээ хариуцлагагүй хандаж түлш тээвэрлэлтийг тасалсан тул “Хар жагсаалтад орсон” хэмээн нийслэлээс тухайн үед мэдэгдэж байв. Нийслэлд аж ахуйн 26 нэгж түлш тээвэрлэлт хийж буйгаас 10 нь шаардлага хангаагүй. Тэдний наймд нь сүүлийн удаа сануулга өгч, “Ю Би Холболт” ХХК, “Баянбүрд инвест” ХХК гэсэн компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулсан байдаг. Ёстой л юм юм давхацсан хайруу, зутруу өдрүүд байлаа.
Түгээх цэг цөөрч, түлшний эрэлд гарцгаав
Энэ удаа гэр хорооллын иргэдэд учирч буй нэг бэрхшээл бол түлш түгээх, борлуулах цэгийн тоог цөөлж, зам дагуух түлшний цэгүүдийг хааж гудамжнуудын дунд, бөглүүдүү газруудад байршуулснаар түлшний эрэлд гарч, түлш хомс байсан өнгөрсөн сард цэгээ хайж олох, түлшгүй цэгүүдийн хаалгыг мөргөн хоосон буцах тохиолдол түгээмэл болсон. Унаа машинтай нь хороо, дүүрэг алгасан түлш хайж олдог байж болох ч унаа машингүй, түлшээ холоос татдаг, ам бүл муутай айлууд, тэнхээ тамир тааруу ахмад настнуудад энэ байдал хүндээр туссан юм. Ядахдаа түлшээ цуглуулдаг хүмүүс нь голдуу хөгшид, хүүхэд, хүүхнүүд байдгийг хэлэх үү.
Сонгинохайрхан дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт, Ммарт дэлгүүрийн зүүн талд байрлах түлшний цэгээр ороход ахмад настан хоёр иргэн үйлчлүүлж байв. Хагас кокс нүүрс хагас тонн гаруй бэлэн байсан бөгөөд хоёр иргэн долоо хоногийн норм долоон шуудай түлшний үнэ болох 35 мянган төгрөгөө борлуулагчид тушаагаад унааны эрэлд гарахаар таксины зогсоол руу явахад араас нь борлуулагч “Унаагаа хурдан олохгүй бол унаатай хүн ирвэл түлшийг чинь зарчихна шүү” хэмээх дуулдав. Мөнөөх хоёр ч байлгаж байхыг гуйж гувшин унаа олохоор явлаа. Тэр зуур өөрийн унаатай ирсэн бүсгүй хэдэн уут түлшээ ачих гэж хамаг хүчээ баран зүтгэв. 25 кг-ын ууттай түлшийг машинд ачих гэдэг турьхан бүсгүйд ахадсан ажил нь мэдээж. Уг нь борлуулагч нар ачаад өгдөг боловч тухайн цэгийн түгээгч залуу “Би тэтгэврийн хөгшдөөс дор цалин авдаг, илүү дутуу ажил хийхгүй” хэмээн гөжүүдлэх юм. Уг нь энэ жилээс эхлэн борлуулагчид Тавантолгой түлш компанийн албан ёсны ажилтан хэмээн тооцогдож, авдаг цалин хөлс нэмэгдсэн гэдэг. Өмнө бол борлуулалтын хэмжээнээсээ шалтгаалж орлого олдог байжээ. Өдгөө борлуулагчдын цалин хэдий хэр болсныг хэлэх хүн олдоогүй боловч хоёр саяас буудаггүй хэмээх ажээ.
Энэ зуур хоёр хөгшин унаа олж, ямар боловч түлштэйгээ залгалаа. Гэхдээ бас асуудалтай. Нэгийнх нь хань өнгөрсөн зун бурхан болжээ. Түлшний карт нь өрхийн тэргүүний нэр дээр байсан тул хаагдаж, Нарангийн гол орж бүтэн өдөр дугаарлаж байж арай хийн картаа сэргээсэн байна. Нөгөөх нь дөч гаруй жил нэг буурин дээрээ амьдарч буй, картын эзэн амьд сэрүүн атал бас хаагджээ. Хотула апп татах гэсэн боловч систем алдаа заагаад бүтсэнгүй. Ингээд эрх биш Сонгинохайрхан дүүргээс аль өмнөх Октябрийн район гэж байх үеийн унаган иргэн тул иргэний үнэмлэхийн QP кодоо уншуулж байж түлшээ авав. За тэгээд түлшний цэгээсээ бүтэн км илүү зайтай уул өөд орших айлын хүмүүс тул олсон унаандаа шуудай нэг бүрийг мянган төгрөгөөр буюу нийт долоон мянган төгрөг төлж гэрийн зүг явцгаав.
Иймэрхүү өөрийн унаа унашгүй, холоос түлшээ татдаг өрхүүд долоо хоног тутам 35 мянган төгрөгийн /хагас коксоор бодвол/ түлш дээрээ унааны долоон мянга, нийт 42 мянган төгрөгөөр галын бараа харна. Сард дөрвөн удаа татахад 168 мянган төгрөг, галлагааны зургаан сараар тооцвол нэг сая найман мянган төгрөгөөр хүйтэн, сэрүүний улирлыг давж байгаа юм. Дээр нь галлагаа дэмжих нэг шуудай модыг зургаагаас найман мянган төгрөгөөр худалдаж авна. Долоо хоногт нэг уут мод бараг л хүрэлцэхгүйг нэмж хэлэх учиртай.
Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд түлшний хангалт харьцангуй жигдэрч, хагас кокс, хуучны улаан ууттай шахмал түлш, мидлинг гэсэн гурван төрлийн түлшнээс авч түлэх боломж нэмэгдэж буй бөгөөд илч сайтай гэдгээр нь хуучин шахмал түлш эрэлт ихтэй байгааг борлуулагчид хэлж байв. Гурван төрлийн түлшийг хэрэглэгчдийн үнэлгээ янз бүр байгаа нь галлаж буй арга, гэр, байшингаа хэр дулаалсан, халаах тасалгааны том, бага зэргээс шалтгаалж буй биз ээ. Иймд метр квадрат ихтэй байшинтай, ханан пийшинтэй өрхүүдэд хорооны баталгааг үндэслэн түлш нэмж борлуулж болох талаар ч яригдаж буй.
Гэхдээ хороо бүрд түлшний хангалт харилцан адилгүй байгаа аж. Тавантолгой түлш компанийн Сонгинохайрхан дүүргийн VII хороо хариуцсан ажилтнаас байдлыг лавлахад “Хорооны хэмжээнд түлш борлуулдаг цэг ганц, гурван төрлийн түлш борлуулж байна. Сүүлийн өдрүүдэд түгээлт сайжирч байгаа” гэлээ. Гэхдээ л тус хорооны оршин суугч хүртээмж муу, олдоц тааруу хэвээрээ гэдгийг хэлж байлаа.
Уг нь түлш бол хүйтэн сэрүүний улиралд яг л талх, мах, гурил, будаа шиг өдөр тутмын хэрэгцээ, хөлдөж осгож үхэхгүйн тулд тасралтгүй хэргэлэх амин чухал эд. Түр оршин суугч, картын эзэн нас барсан, эсвэл ямар нэг үл ойлгогдох шалтгаанаар картыг нь хаасан зэргээс болж түлш олж авч чадахгүй даарч зутарч суух нь Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх зөрчигдөж буй нэг үйлдэл билээ.

Угаар мэдрэгч ухаалаг боллоо
Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулахын тулд ид галлагааны өглөө, оройн цагаар айл өрхүүдийн утааг дроноор хянахаар болсон. Хуучин 2019 оны үед өндөрлөг уулын оройгоос дурандаж хянах, гудамжаар явж хянах хүмүүс гардаг байсан бол одоо бас чиг хөгжлөө дагаад дронддог болж буй аж.
Түүнээс гадна угаар мэдрэгчийг ухаалаг болгож буй нь сүүлийн үеийн хамгийн сайн мэдээ. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш лавтай батарейгаар болон цахилгаанаар ажилладаг дөрвөн төрлийн угаар мэдрэгч тарааж хэрэглүүлж байгаа. Гэвч иргэд зай дуусахаар сольдоггүй, цахилгаан их иддэг гэх нэрээр салгаж хаядаг зэрэг шалтгаанаар угаар мэдрэгчээ ажилллуулдаггүй тохиолдол түгээмэл байж. Өнгөрсөн зун зайгаар ажилладаг шинэ угаар мэдрэгч тараасан ч өрхүүд түүнийг ашиглаж амжилгүй байтал ухаалаг угаар мэдрэгч тараах болсон нь харин төсвөөс гаргасан илүү зардал болов.
Одоо өрхүүдэд тараагаад бараг шувтарч буй ухаалаг угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгах юм бол харин хүний амь угаараас болж үрэгдэхээргүй болж байгаа. Тухайн иргэн, Тавантолгой түлш компани харилцаа гэрээ байгуулж угаар мэдрэгчийг ашиглаж байгаа бөгөөд мэдрэгч нь 24 цагаар ажиллаж буй Тавантолгой түлш компанийн дэлгэцийн оператортай шууд холбоотой. Угаарын аюул илэрсэн үед угаар мэдрэгч дуугарч тухайн айлд дохио өгөхийн зэрэгцээ дэлгэцийн операторт дохио очиж, оператор тухайн өрхийн бүртгэлтэй иргэний утсаар аюул болж буйг давхар хэлж зааварчилгаа өгнө. Хэрэв утсаа авахгүй бол хорооны хариуцсан ажилтан угаарын дохио гарч буй айлд биечлэн очиж арга хэмжээ авах юм. Дэлгэцийн операторууд айлуудын угаар мэдрэгч ажиллаж буй эсэхийг байнга хянаж, унтраасан айлуудыг хаягаар нь хороо хариуцсан ажилтанд мэдэгдэх бөгөөд ажилтан тухайн айлд очиж сануулга анхааруулга өгч, дахин давтагдсан тохиолдолд торгох зэрэг бусад арга хэмжээг ч авах юм. Сонгинохайрхан дүүргийн VII хорооны хариуцсан ажилтантай утсаар холбогдоход “Угаар мэдрэгчээ унтраасан айлд яг одоо очоод байна” гэсэн бол Х хорооны ажилтан гудамжуудаар явж, унтраасан айлуудад биечлэн очиж сануулга агч байв. Тиймээс энэ өвөл угаараас болж нас барах тохиолдол бараг гарахгүй гэхэд хилсдэхгүй. Харин түлшний хүртээмжээ сайжруулахгүй бол нярай хүүхэдтэй айлууд, нялх биетэй ээж, хэвтрийн өвчтөн, өндөр настантай айлууд даарч зутарч мэдэх нь.
.jpg)
Шахмал түлшийг хөдөө гаргаж зардаг нь үнэн
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан саяхан 22-ын товчоонд ажиллаж, сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийсэн билээ. А.Амартүвшин энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл нүүрс хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна" гэсэн. Хэдийгээр иргэд шахмал түлшийг орон нутаг руу гаргаж борлуулдгийг тийм ч ортой зүйл биш гэдэг боловч хөдөө тийш шахмал түлш ачсан машинууд тааралддаг, мөн бараан дотор нууж гаргадаг гэдгийг хэлэх хүмүүс мөн байна.
Хэдхэн хоногийн өмнө Булган аймаг руу яваад ирсэн танил маань “Төв аймгийн Баянчандмань сумын төв рүү олон дэгээтэй том цэнхэр портер дүүрэн улаан ууттай шахмал түлш ачсан хүмүүс орж явахыг харсан. Тэндэхийн иргэдэд борлуулдаг бололтой” гэж байв. Орон нутаг руу түлш хулгайгаар борлуулах ажлыг түлш түгээгч нар л хийж чадах учир тэдэнд хатуу хяналт хэрэгтэй хэмээн иргэд шаардах болов. Түүнээс болж жинхэнэ авах ёстой хүмүүст түлш хүрэлцдэггүй нэг шалтгаан урган гарч буй. Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс зөвхөн хагас кокс түлшийг нийслэлд хрэглэнэ. Тэр үед хүйтний ид үе ч эхэлнэ. Шинэ түлш үнэхээр утаа угаар багатай юу, үнэр танар ямар вэ, агаарын чанарын үзүүлэлт сайжрах уу, үгүй юу гэдгийг арванхоёрдугаар сараас хойш харах л нийслэлчүүдэд үлдлээ. Энэ намрын түлш, утаа тойрсон түмэн явдлаас сурвалжлахад иймэрхүү дүр зураг харагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )