ТОГГҮЙ ТОЙМ | Түгээх сүлжээний ТӨӨРӨГДӨЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Тог тасарлаа. Тасрах нь хуваариар. Хуваарийг нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ бахархалтайгаар түгээж байна. Уг нь үндсэн үүрэг нь Улаанбаатар болон Төв аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах юм. Тэгтэл байгаад таслах хуваарийг нь видео хэлбэрээр, хүснэгт хэлбэрээр түгээж байна. Метро зүүдэлдэг, 14 мега төсөлтэй болно гэж хөөрцөглөдөг, “Цахим үндэстэн” гэж гөрддөг 21-р зууны Монгол Улсад дэндүү хөөрхийлөлтэй биш гэж үү.

Хүсээгүй хүүхэд мэт УБЦТС

УБЦТС-ний ард Төрийн өмчит хувьцаат компани гэх сүрт тодорхойлолт дагалддаг. Хувьцаат гэдэг нь цаанаа учиртай. УБЦТС-ний хувьцааны 66 хувийг Эрчим хүчний яам, 34 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшдэг юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь хэрэглэдэг, Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 суманд үйл ажиллагаа явуулдаг ийм том байгууллага. ТӨХК гэдэг сүрт тодорхойлолттой атал өнгөрсөн жилүүдэд хүсээгүй хүүхэд мэт л байж. Хүсээгүй хүүхэд мэт байсныг илтгэх хэд, хэдэн шалтгаан байна.

Техник, дэд бүтцийн хоцрогдол юун түрүүнд хамгийн том асуудал. УБЦТС-нд хамаардаг 6-10 кВ дэд өртөөний 33%, кабель шугамын 60% нь 20-иос дээш жилийн насжилттай. 2025 оны байдлаар 6-10 кВ дэд өртөө 2845 ком бий. Ком гэдэг нь “комплект” буюу бүрэн иж бүрдэл төхөөрөмж гэсэн утгатай. Нэг “ком” нь трансформатор, хуваарилах байгууламж, хамгаалалтын төхөөрөмж зэрэг иж бүрдлийг агуулдаг. Үүний 33% гэдэг нь 940 гаруй “ком” болно. 2025 оны байдлаар 2627 км кабель шугам бий гэсэн тооцоо бий. Үүний 60% гэдэг нь 1576 км кабель болно.Шинэчлэл гарцаагүй байтал хөрөнгө оруулалт татдаггүй гэмтэй.

УБЦТС-нд хамаардаг 6-10 кВ дэд өртөөний 33%, кабель шугамын 60% нь 20-иос дээш жилийн насжилттай.

Зөвхөн энэ өвөл л гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт орчим чадлын дутагдалд орсон. Энэ нь хэрэглээний оргил ачаалал үүсгэж, одоо таслах үндэс болсон юм. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөж байгаа ч шинэ эх үүсвэрүүдэд хангалттай анхаарч чадаагүй нь манай төр. Бөөрөлжүүтийн цахилгаан станц л гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй. Хэсэгчлэн ажиллаж байгаа ч нүүрс дамжлагын бункер нь -48 хэмд хөлдөж, доголдол үүссэн. Одоо ч олигтой засаж чадаагүй байна. Энэ нь дараагийн асуудлыг үүсгэнэ. УБЦТС нь төвийн бүсийн системд хамаардаг тул бусад станц, түгээх сүлжээний доголдол шууд нөлөөлдөг. Нэг ёсондоо төвлөрсөн системийн ачаалал их байдаг гэсэн үг. Нэг станцын нэг зуухын гэмтэл нийт системийг доголдуулж орхидог.

Анхаарч, хандахгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалт сул байгаатай холбоотой. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан. Үүнээс хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч шинэ нөхцөл байдалд бүрэн нийцэхгүй байна. Түүгээр ч үл барам түгээх, дамжуулах, үйлдвэрлэх байгууллагуудын хариуцлагын зааг тодорхой бус. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний зохицуулалт тусдаа хуульд орсон ч уялдаа байхгүй. Төвийн сүлжээнд холбох, тариф тогтоох асуудал тодорхойгүй хэвээр байна. Эрчим хүчний сайд нь өөрийнхөө амаар “Сэргээгдэх эрчим хүчийг төвийн системд холбосон тохиолдолд дийлэхгүй, боломжгүй” гэж өөрийнхөө амаар хэлсэн юм шүү.

Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан. Үүнээс хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч шинэ нөхцөл байдалд бүрэн нийцэхгүй байна.

Хууль эрх зүйн орчин тодорхойгүй болохоор удирдлагын уялдаа холбоо сул байж таараа. Хувьцааг нь эзэмшдэг гэх Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “УБЦТС” хоорондын мэдээлэл солилцоо удаан, хариуцлага гэж бараг байхгүй. Үүнээс шалтгаалан горимын зохицуулалт бараг байхгүйтэй ижил. Хэдийгээр RTDS симулятор зэрэг шинэ технологи нэвтрүүлсэн ч системийн хэмжээнд бодит цагийн хяналт, мэдээлэл солилцоо сул байна. Импортын эрчим хүчний тасалдалд дотоод зохицуулалтгүйгээс хэт удаан хариу арга хэмжээ авдаг. Монгол Улс ОХУ-аас 345 МВт хүртэл эрчим хүч авдаг ч ОХУ-ын дотоод хязгаарлалт шууд нөлөө үзүүлдэг.

Аудитаар илэрсэн НО

Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “УБЦТС” Төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийсэн байдаг. Уг тайланд дурдсанаар нийт 5.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 5.6 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, 256.7 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгчээ.

Тухайлбал: “Ашиглалт засварын баруун төвийн барилгын дотор агааржуулалтын засварын 183.6 сая төгрөгийн ажлын төсвийг эрх бүхий мэргэшсэн төсөвчнөөр хийлгүүлсэн хяналтын төсөв байхгүй, "Оффисын барилгын засвар"-ын 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын хяналтын зураг, төсвийг эрх бүхий төсөвчнөөр болон магадлалаар баталгаажуулсан гэж үзэх нотлох баримтгүй, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа цахим системийн ТЭЗҮ хэсэгт техникийн тодорхойлолт, хяналтын зураг төсвийг оруулаагүй, шаардлагатай тусгай зөвшөөрлийн заалтыг заагаагүйгээр тендер шалгаруулалтыг зохион байгуулсан” байна.

Түүнчлэн “Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хийсэн "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгаан хангамжийн найдваржилтыг сайжруулах" 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг тендер шалгаруулахгүйгээр гэрээ шууд байгуулсан байна” гэжээ.

Түүнчлэн нийцлийн аудиттай холбоотой 6.8 тэрбум төгрөгийн таван албан шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс онцлох нэг албан шаардлагыг дурдъя. УБЦТС нь  тайлант онд 5,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу " тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар лавлагааг" ирүүлэхийг шаардаагүй байна. Түүнчлэн Дотоод аудитын алба нь 2024 онд төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтуудыг хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, сайжруулах чиглэлээр ажиллаж төлөвлөгөөт 12 шалгалтаар 97, гэнэтийн 4 шалгалтаар 18 нийт 115 асуудал илрүүлж, эдгээрийг шийдвэрлэх зорилгоор 110 зөвлөмж боловсруулан, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгсөн. Гэтэл тус байгууллагын хоёр нэгжээс бусад нь хяналт шалгалтын үр дүнг хугацаандаа мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top