"Наадмын тасалбар олноор зарна, үнэгүй хүргэж өгнө" гэх зараар зургаан иргэн залилуулжээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан цахим орчинд “Наадмын тасалбар олноор зарна”, “Үнэгүй хүргэж өгнө” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Залилагчид баяр наадмын тасалбар авах иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хуурамч зар мэдээлэл нийтэлж, урьдчилгаа төлбөр шилжүүлүүлэн залилан үйлдэж байгаа аж.

Тухайлбал, энэ оны долдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иргэн А цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зарын дагуу холбогдож, зургаан ширхэг тасалбар авахаар 2.2 сая төгрөг шилжүүлэн залилуулсан байна.

Иймд иргэд баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар худалдан авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийх, мэдээллийн найдвартай эсэхийг сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол холбогдох нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top