Ганц үг /өгүүллэг/

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Охин нэг л мэдэхэд уулын оройд гарчихсан байлаа. Намрын зэвэргэн салхинд хормой нь дэрвэж, шодон гэзэг нь салхины аясаар  үсчинэ. Цэлийсэн хөх хөндий хов хоосон. Суунаглах зэрэглээнээс өөр юу ч үгүй аж. Яарч, сандарсандаа, энэ их өндөр уул руу ямар хурдан мацаж гарснаа ч мэдсэнгүй. Бяцхан зүрх нь цээжин дотроо багтахгүй цовхчиж, гэнэт нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Өчигдөр орой л тал бүрхэж байсан их мал алга. Тууварчны цайвар майхан ч бас алга. “Намайг хойтон иртэл энд хүлээж байна гээд амлачих л даа” гэж гуйж байсан жижигхэн бор хүү бараа сураггүй алга болчихож. Өвөлжингөө чимээ аниргүйхэн байх Элстийн ар хаврын дунд сараас эхлээд л малын хөлд дарагдчихна. Мөрөнгийн урд дэнжээр нэг дэрвэлзэх тууварчдын майхан, ёстой л нөгөө хонины найрыг энд дэглэнэ. Охин нялх хурга ишигнээсээ салж, хол газар туугдаж яваа, дэлэн нь хагарах шахсан малын дэлэн амрааж яваад Батхайтай танилцсан байлаа. “Энэ чинь улсын өмч шүү дээ. Махны үйлдвэрт  тушаах мал. Чи замаас нь сүүг нь авч, улсыг хохироож болж байгаа юм уу?” хэмээн их том дуугарах дуунаар охин цочсондоо золтой л бидонтой сүүгээ асгачихсангүй. Эргээд хартал өөрийнх нь үеийн хүү зогсож байлаа. Сандарч тэвдсэн охин савтай сүүгээ сарвайж, “Май энэ сүү ав л даа. Тэр улсдаа аваачиж өгөөрэй. Хурганаасаа хагацаж, дэлэн нь хагарах шахан халуунд зовж байгаа малын дэлэнг амраавал том буян болно гэж манай ээж уг нь хэлсэн юм” гэвэл тэр хүү шилээ маажин зогсож байснаа, “Би тоглосон юмаа. Чамайг хөгшин юм уу, залуу юм уу? гэж харах гээд л” хэмээн түгдчлээ. “Хн. Би тэгээд ямар байна” гэж охин өөдөөс нь ёозгүйхэн хэлснээ, хэлээ гаргачихаад гэрлүүгээ алхав.  Жаалхүү араас нь савтай сүүг нь барин дагаж, “Чи сүүгээ ав л даа” хэмээн бувтана. Охин “Чи тэр улсдаа тушаагаарай. Харин миний сүүний савыг битгий тушаачихаарай” гэж  хэлчихээд гэр лүүгээ гүйчихэв. Орой нь хүү савтай сүү гэрийн  хаяанд тавьчихаад явчихсан байлаа. Дундуур сав дүүрчихэж. “Хохь нь. Мань эр баахан хонь сааж дээ” хэмээн охин тэр үед ганцаараа баахан инээж билээ. Өөрөөс нь ганц насаар ах тэр хүү томчуудын сүүдэр шиг явсаар өөрийгөө жигтэйхэн том хүн гээд бодчихсон, их додигор яриатай, бас хэгжүүн ч гэж жигтэйхэн. Олон сарын салхинд омголтсон уруул, сайртсан нүүрээ охиноос нуух гэж жишүү харж яриад л инээдийг нь хүргэчихнэ. Тууварчид бараг сар болж. Энэ хугацаанд охин, хүү ээнэгшин дасаж, жижигхэн цог адил гал цээжин цаана нь төөнөн буйг хэн хэн нь мэдэж байлаа. Өчигдөр орой Батхай тэднийд ирж, их л удаан суув. “Одоо явахгүй юм уу? Аав ээж хоёр ирэх болж байгаа” гэхэд “Тэртэй тэргүй маргааш хот руу явчихна. Чи намайг хойтон эргээд иртэл хүлээх үү? Надад амлаач” хэмээн царайгаа улайлган хэлж билээ. Охин гижигдүүлсэн мэт жингэнэтэл инээгээд юу ч хэлээгүй. Аргаа барсан хүү “Би чамтай заавал ирж уулзана. Чамд хундан хургаа үлдээх гэсэн юм.Хойтон хургаа авна. Мөрөнгийн захаар явья гэж ааваас гуйна. Тэгэх үү” хэмээн царайчлан хэлэхэд ч юу ч  бодсонгүй. “Чиний хайртай хурга чинь улсын өмч биз дээ” гээд амыг нь тагласнаа гэнэт санасан чинь нулимсаа захирч дийлсэнгүй. Охин шөнө нойргүй хоносон байлаа. Хүүгийн өвөрт орж унтах нь халаг болдог хэнз хурга нүдэнд нь харагдаад болсонгүй. “Хөөрхий нялх амьтанг буцаагаад Ховд руу аваад явна гэж байхгүй. Түүнийг лав махны үйлдвэрт  өгчихнө дөө” гэж бодохоор хүүгийн жижигхэн бор нүд, аргадаж гуйж байсан үг нойргүй хонуулав. Охин үүрээр боссон ч тууварчид аль хэдийнэ нүүчихсэн байлаа. Батхай хургаа махны үйлдвэрт үлдээхдээ уйлах байхдаа. Бас надад хичнээн их гомдсон бол гэж бодохоор нулимс нь тогтохгүй байв. Нялх хургыг үхлээс аврах боломж түүнд байж. Бас тэр ганцхан үг хэлчихсэн бол тэр хүү эргээд л ирэх байж. Салхи нулимсыг нь хатааж, сайртчихсан юм шиг хацар нь халуу оргин хорсож байгааг гэнэтхэн мэдэв.  Мөрөнгийн цэнхэр хөвөөгөөр намрын шувууд нулимстай буцаж байлаа…

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top