Эмэгтэй хүн галд оролцдоггүй учир

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 03

Монгол улс тусгаар тогтнолын 100 жилийн түүхэн ойн өдөр төрийн их цагаан өргөөнөө тулганы галаа бадраалаа. 100 жилийн дараа монгол төр галтай болж байгаа нь билгийн үүдийг нээсэн бахдам хэрэг. Гэтэл гал тойрсон бор хар үг дэгдэж, хаашаа ч дүрэлзэж магадгүй болсон учир өөрийн мэдэх галын тухай ойлголтыг бусдад хэлэх хэрэгтэйг ухаарав. Монголчууд галын дэргэд муу үйл хийдэггүй. Галаа “хар цагаан” хэл амнаас хамгаалдаг жаягтай. Галаа тойрон суухдаа монгол угсаатан бусармаг үг ч, дэвэргэн үг ч унагахыг тэвчин, зөвхөн зүрх сэтгэлдээ шүтэн залбирдаг ёсон бий.

Би өвөг эцгийн гал дээр төрж, гар дээр өссөн хүн. Өвөг маань эх орны дайнд оролцож, баруун хязгаарыг чөлөөлөх дайнд мордож явсан хүн. Харин эмээгийн ах дүүс 1937 онд баривчлагдаж, эмээ айлын нүүдэл даган дүрвэж яваад өвөөтэй ханьссан учирлын түүхтэй. Ухаан суугаад л өвөөгөө, дараа нь аавыгаа, бүр сүүлд ахыгаа дагаад гал бадрааж явлаа. Ингэж явахдаа чухам галын тухай өөрийн гэсэн үзэлтэй болж төлөвшсөн. Хүннү үед ийм байсан, Чингисийн үед тийм гэсэн гэж онолдохоос илүү уламжлан ирсэн өвгөдийн зан үйл ямар байсан. Учир нь юунд вэ гэдгийг ухаарахад л ёс заншлаа сахих, дээдлэхийн утга орших буй заа.

Монголчуудын ёс заншил бол хамгийн нарийн шинжлэх ухаанаас давсан гүн ухааны өв юм гэж би ухаардаг. Энэ ёс нь билгийн он тоололтой чанад холбоотой. 2011 оны 11 сарын 11-ний өдөр бол монгол хүнд тийм ч онцгой өдөр биш. Харин морин жилийн морин сарын морин өдрийн морин цаг гэдэг бол монголчуудад их учир утгатай зүйл. Нэгэн жишээ хэлэхэд:

-Сайн ноён Намнансүрэнг их хүчтэй хүн хэмээн бүгд хүндэлдэг байж. Шалтгаан нь: Намнансүрэн бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт ээжийнхээ  25 насны бар жил дээр төрсөнд байдаг. Тодруулбал 5 таван бар давхцаж төрсөн хүн юм. Тийм учир билгийн тооллын төд дүгээр жарны тийм жилийн сар шинийн нэгэн хэмээн бэлгэддэг.

Шинийн нэгэнд хамгийн түрүүнд галаа бадраадаг. Айл бүр өөр өөрийн гэсэн гал бадраах ариун дагшин газартай агаад түүнийгээ цэвэрлэж бэлдсэн байдаг. Үүнээс өмнө гэрийн гал ассан байх учиртай. Гал бадраахаар явахад ээж гэртээ үлддэг. Уулын өндөрт байдаг овоонд аав хүүхдүүдтэйгээ галаа асааж, үйлдэх ёстой зан үйлээ эхлүүлдэг. Товчхоноор хэлэхэд дараа жилийн шинийн нэгэн хүртэл явагдах бүх үйл ингэж галаар эхэлдэг. Гал бадраах ёслол нь туулай цагаас луу цагийг шувтрах хүртэл явагддаг. Ирж буй шинэ жилийн нараа монгол хүн гэрэлтэй угтаж буй учир энэ гэнэ лээ.

Харин эмэгтэйчүүд гэртээ үлддэг нь тун нарийн учиртай. Монголчууд гэрийн галаас төрийн гал эхтэй гэж үздэг үндэстэн. Тийм болохоор их төрийн галын эх болсон гэрийн галыг бурхан нь сахиж үлддэг хэрэг. Гэрийн гал эзэнгүй байж болохгүй гэсэн үг. Эхнэр нь эзэнгүй үед ганцаараа шинэ сартай золгосон эр овоонд гардаггүй. Яагаад гэвэл гэрийн гал эзгүйрэх учир. Энд нэг зүйлийг маш сайн ухаарах хэрэгтэй. Тэр нь төрийн ч бай, овооны ч бай гал бадарч байхад өрх гэрт галын бурхан нь өөрийн галаа манаж байх учиртай. Галаа өөр хүнээр мануулдаггүй ёс нь монгол айлын хамгийн нандин зан үйлийн нэг юм. Овоо тахилга, төрийн ёсны гал бадраах ёслолд эмэгтэйчүүд оролцдоггүй байсан нь ийм л учиртай.

Төрийн гал бадраахад оролцож болох эмэгтэй бол егөөдөж хэлбэл хоёр эхнэртэй эрийн хоёр дахь эхнэр байж болно гэсэн үг. Ер нь бол нөхөрт гараагүй охид буюу ээжийнхээ гал дээр байгаа эмэгтэй ямар ч зан үйлэнд оролцож болох талтай. Гэхдээ ээж нь амьд сэрүүн галаа манаад сууж байгаа тохиолдолд шүү дээ. Түүнээс биш эмэгтэйчүүдийг зарлигдаад, хориглоод байсан зүйл үгүй юм билээ.

Түүхээс харахад дайн тулаан, алсын аянд залуу хатад, эмс охид явдаг агаад эш хатад ордон гэрээ орхиж явдаггүй байсан нь галтай холбоотой болов уу. Эш хатан бол галын бурхан бусад хатад бол дагуулууд шүү дээ. Гал бадраах юмуу ууланд гарах зан үйлэнд эмэгтэй хүн оролцох эсэх нь тухайн хүний сэтгэл өөрөө мэдэх хэрэг. Эрийн хиймориор гэрийн амьдрал тэгширч, баатрын хиймориор төрийн хэрэг зүгширдэг гэдэг учир монгол эрс хийморио сэргээж өндөр ууланд гардаг нь сэтгэлийн бичигдээгүй ёс зүй юм. Энэ сэтгэлийн ёс зүйгээс болоод эрчүүд цугласан овоонд эмэгтэй хүн явж байвал тухайн овоонд гарсан эрийн сэтгэлд сэв гардаг байх. Эрдэмтэй өвгөдийн өвлүүлж надад ухааруулсан галын тухай ойлголт энэ. Тэнгэр ухаантай монголчууд минь авах гээхийн ухаанаар алив зүйлд хандаж гэмээн ам мурийх зүйл огтхон ч үгүйг тунгаах буй заа.

Түүхийг учир зангилааг зарим хүн цол хэргэм хамгаалах гээд өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг нь хойч үеийг төөрөлдөхөд хүргэдэг аюулын нэг нь энэ галын тухай ойлголт юм. Уг нь бол 100 жилийн галыг төр хийгээд, өрх гэр нэгэн зэрэг шинийн нэгэндээ бадраах ёстой. Гэхдээ тусгаар тогтнолын өдрөөр гал бадраалаа гээд сайн л болохоос биш сөрөг зүйл огт үгүй юм. Гал бадрах цаг нь өрх гэрт ч төрд ч нэгэн зэрэг болох учиртай. Төрийн гал бадарч байхад өрх бүхэн галаа асаачихсан бурхан нь сахиад сууж байна гэж ойлгох учиртай. Тэгэхээр гал бадраах ёслол урьдчилан зарлагдсан, хүн бүхэн айл бүхэн мэдэж байх ёстой зан үйл. Галаа дээдэлж ирсэн монгол түмний гал бадарч л байвал хийморь нь бадарч, ирээдүйн гэрэлтдэг их ёс мандан бадраг ээ.


Тал бичээч Да.Жаргалсайхан

Арван долоодугаар жарны төмөр туулай жилийн өвлийн дунд цагаан хулган сарын шинийн наймны цагаачин тахиа өдөр. Гандангийн өвөр хошуу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top