Хуучин улс төр минь баяртай

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 04

Шинэхэн хууль хэрэгжих цаг ажиллаж эхлээд байна. Харин үүнээс урьтаж амжуулах ажил эрхэм улстөрчдөд зөндөө байв бололтой. Ерөнхийдөө сурталчилгаатай холбоотой гол ажлаа хуучин ондоо багтаах гэж л тэд минь хэрэндээ зүдрэх шив. Өмнө нь эвтэйхэн аргалчихдаг байсан далд маягийн сурталчилгааны олон төрлийг шинээр мэндэлсэн хуулиар хорьсон учраас. Сонгуулийн сурталчилгаа сонгууль болохоос нэг сарын өмнө албан ёсоор эхлэх учиртай. Гэхдээ далд өнгө аястай сурталчилгаанууд хаа сайгүй эхлээд буй нь нууц биш. Хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууд нь үүнийг мэдэж байгаа ч анзаараагүй царайлах нь олонтаа. Аливаа нэг баяраар энэ нь улам ч идэвхждэг жамтай.

 

Шинэ жилийн баярын нэвтрүүлгүүдийн хүндтэй зочдын суудалд улстөрчид л харагдах нь нүдэнд хэдийнэ дасал болжээ. Эрхэм улстөрчид мисс охидтой зэрэгцэж суугаад инээж хөхрөлдөн, дуулж, бүжиглэж, жүжиглэн бүхий л авьяасаа гайхуулна билээ.

 

Өвлийн өвөө бэлгээ өгөхдөө бяцхан жаалуудын авьяасыг сонирхдог шиг л улстөрчид маань ард түмэндээ зориулж юу чаддаг бүхнээ харуулав. Есөн шидийн авьяастай нөхдүүд сонгуульд өрсөлдөх нь бололтой. Сонгуулийн хуульд уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэхийг хориглосон. Харин үүний оронд эрхмүүд өөрсдөө урлаг, соёлын арга хэмжээнд оролцож ч магадгүй. Ийм арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэснээс оролцохыг нь хориглоогүй. Улстөрчид өвлийн өвгөн болж айл хэсч бэлэг тарааж байгаа юм чинь дуулж, бүжиглэх бол юу ч биш. Урлаг спортынхон улс төрд дурлаад байгаа энэ цагт сонгуульд нэр дэвшигч эрхмүүд тэдний орон зайд тоглох нь зүйн хэрэг биз.

 

Энд тэндхийн шагнал гардуулах ёслол, арга хэмжээг урлагийн сайхан бүсгүйчүүд биш ноён улстөрчид л чимж, авч гарлаа шүү дээ. Телевизүүдийн баярын хөтөлбөр биш улстөрчдийн уулзалт, хурал цуглаан үзээд байна уу гэж эндүүрснийг нуух юун.

 

Хоёр он солигдохоос өмнө хаа сайгүй л рейтингийн судалгаа дурайж байсан. Өөрийнхөө дууг ФМ радио руу утас цохиж захиалдаг дуучид байдаг гэдэг. Түүн шиг л элдэв судалгааны шалгаруулалтын тэргүүн эгнээнд нэрээ бичүүлж, "шилдэг", “шилдгийн шилдэг” гэгдсэн упстөрчид мэр сэр бий. Тэд арай л яаруу хөдөлчихжээ. Хэчнээн сайхан нэртэй “шилдэг" болсон ч түүнийгээ сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж болохгүй гэсэн нь харамсалтай. За тэгээд гадаадын орнуудаас сонгуулийн менежерүүд тэрхүү хаалга хаалттай. Оросын хар РR мэргэжилтнүүдийг урьж, залж сурталчилгаагаа хийлгэж болохгүй, заавар зөвлөмж ч авч чадахгүй нь даанч хэцүү юм боллоо.

 

Шашнаа дээдлэдэг түшээд, дарга нар маань Сонгуулийн хуулиа хүндэтгэж байгаа нь бахархалтай. Сурталчилгаандаа шашны зан үйл ашиглахыг хориглосон учраас тэр биз. Гэхдээ Төрийн ордны хойморт гал тахих ёслол хийсэн нь шашны зан үйл биш бололтой, тэднийхээр. Гал түлж, дээлний ханцуй, захаа тасдаж шатааж болохгүй гэж хуульд хориогүй юм чинь яагаад болохгүй гэж. Харин эмэгтэйчүүдийг оруулахгүй хэмээсэн нь Үндсэн хуулийн нас, хүйс, яс үндсээр үл ялгаварлана гэдэгтэй л харшлах гээд байна. Цаашдаа иймэрхүү ёслол үйлдэхдээ үүнийг харгалзан үзвэл харин ч сайн сурталчилгаа болж мэдэх юм.

 

Хэдийгээр хуулиар нэр дэвшигчдийн олон үйлдлийг хориглодог ч цагаа тулахаар зөрчинө гэдгийг яруу тодоор харуулдаг. Хууль өндөр босгоо давж ороогүй байхдаа ч хуулиа зөрчөөд эхэлдэг. СЕХ гэж дүлий дүмбэ байгууллага нүдээ тас аниад сууж байдаг нь үнэн. 2008 оны сонгуулийн өмнө МАХН /тухайн үеийн нэрээр/-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн М.Чимгээ сонгогчдыг эмнэлгийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ. Мөн Хөвсгөл аймагт Эх орон нам ахмадуудыг хүлээн авч цайллага хийсэн гэх мэтчилэн тодорхой баримттай үйлдлийг нь сонгууль зохион байгуулагч гол байгууллага чихнийхээ хажуугаар зүв зүгээр л өнгөрүүлсэн. Тухайн үеийн СЕХ Б.Баттулгаар удирдуулж байсан. Хамгийн будлиантай сонгууль зохион байгуулсныхаа шанд “Эрдэнэт” үйлдвэрт Хүний нөөцийн хэлтсийн дарга болоод талийсан. Харин ирэх сонгуулийг зохион байгуулах Н.Лувсанжав хэрхэн ажиллах нь таамаг төдий байгаа. Сонгуулийн санал тоолох машин авч ирэхийн оронд өөр техник авлаа гэж зэмлүүлэн АТГ-т шалгагдахдаа тулаад буй. Тэр сонгууль зохион байгуулах гол хүн байх уу үгүй юу нь бас л тодорхой бус байгаа.

 

Урьд өмнөхөөс бас л өөр болох сонгуулийн өмнө ямархан дажин болох бол гэсэн битүүхэн айдас хэнд ч бий. Хуулиар эрхмүүдийн хийх үйлдлийг өч төчнөөнөөр нь хориглоод л байдаг. Үнэн бодит байдал дээрээ хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. СЕХ-ны даргыг хоёр дахь Б.Баттулга байх вий гэсэн айдас зарим улстөрчдөд байгаа аж. Гэхдээ л элдвийг сэдэж чаддаг эрхэм улстөрч, нэр дэвшигчид энэ олон “хориглосугай” дундаас ямар нэг нүх олоод харчих сүйхээтэй биз. Сонгуулийн хуучин хууль, хуучин маягийн улс төр хуучин онтойгоо баяртай боллоо. Харин шинэ онд цоо шинэ маягийн улс төр эхлэх нь.

 

Эх сурвалж: "Ардчилал" сонин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top