Монголын их урлагт нэгэн жарныг зориулж яваа хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад. Олон үндэстэн ястны нутаг Ховд айтгийн уугуул тэрбээр Монголын ард түмний чихэнд хоногшсон олон сайхан дуунуудын эзэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Анх дуучин болохоор шийдэж байсан үе хийгээд анх дуулсан дууны тань талаар яриагаа эхлэх үү?
-Дууны урлагт би хүчин зүтгээд нэгэн жаран болж байна. 1951 он буюу Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлч жүжигчид болон сайн дурын уран сайханчдын групп наадмын арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод ирж байсан юм. Тухайн үед наадам Яармагийн дэнж дээр болдог байсан. 30 жилийн ойн баярт оролцох гэж манай аймгаас дөрвөн машинтай уран бүтээлчид ирж байлаа. Ховд аймаг нийслэлээс 1500 км учраас их урт замыг туулж ирдэг. 1951 онд машин тэрэг ховор учраас хааяа нэг машин явдаг. Явахаараа бараг хагас сар гаруй явж Улаанбаатарт ирдэг байлаа. Том машин дээр бүгдээрээ суугаад л над мэтийн жаахан хүүхдүүд, эмэгтэйчүүд болон настайчууд дунд нь сууж харин залуучууд нь захаар нь хамгаалалт маягаар явдаг байсан. Хөдөө орон нутгийнхан тэр тусмаа Ховдынхон Улаанбаатарт ирнэ гэдэг ховор завшаан. Би өөрийн ах Дамдинтайгаа хамт ирж байсан юм. Тэр үед хоёулаа 10 жилийн сурагч байсан. Бид бараг хагас сар гаруй явж ирээд Яармагийн дэнж дээр дөрвөн майхан барьж байрласан. Баруун талын хоёр эрээн майханд Ховд аймгийн ХДТ-ын жүжигчид, зүүн талын хоёр майхан нь Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчид байрласан юм. Хөдөөгийн мэргэжлийн урлагийн театрын уран бүтээлчид Улаанбаатарт анх удаа ирж өөрсдийн уран бүтээлээ хүргэж байгаа нь энэ. Түр хугацаагаар явж байгаа болохоор бүгд л өөрсдийн пүүгээтэй, тэрийгээ дэвсээд унтдаг байсан. Анх удаа хөдөөнөөс ирж байгаа миний хувьд Улаанбаатар хот гэдэг түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байлаа. Хятадын сүйх тэрэгнүүд такси нь. Явах гэж байгаа газраа зарлаад л. Одоогийн Энхтайваны гүүр модон ногоон гүүр байсан. Тэр модон гүүрээр их явсан даа. Алслагдсан бас цөөн хүн амтай аймгаас ирсэн учраас олон хүнтэй бужигнасан газарт ирээд их л хөөрч баярлаж нүд алдарч байсан. Хамгийн их сонирхол татаж байсан зүйл нь олон давхар байшингууд. Өндөр байшингийн бараа хараагүй болохоор удаан гэгч нь ширтээд зогсоно. Одоо Махкомбинат, Нэгдүгээр арван жилийн сургууль гээд гурав дөрвөн давхар хэдэн байшингуудыг хараад дээд давхар руу яаж гардаг байна даа гэж их гайхдаг байж билээ. Тэгээд цонх нь гялалзсан байшингууд болох “Элдэв очир” кино театр, ГХЯ, Төв театр /ДБЭТ/ гээд хэдэн том байшингууд нүдийг минь бас л их хужирлаж байсан. Одоо энэ УБИС чинь Засгийн газрын ордон байлаа. Жаахан хүүхэд учраас юм бүхэн л сонин содон харагдаж ширээ байсан ч барьж үзмээр санагддаг байж билээ. Дээрээс нь хотын хүмүүс торгон дээл өмссөн гоё ганган харагдана. Бидний тоглолт хийх газар болох Яармагийн талбай дээр дээвэр нь онгорхой тайзанд тоглолтоо хийж байсан. Тухайн үедээ үзэгчид яаж хүлээж авсан бол гэж бодож байгаагүй. Харин хожмоо Намын сонин дээр гарсан нийтлэлийг Төв номын сангийн архиваас олж үзэж билээ. Энэ сонинд “Ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр хөдөө орон нутгийн мэргэжлийн соёл урлагийн газрууд ирж тоглолт хийлээ. Олон үндэстэн ястны нутаг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолтыг нийслэлчүүд талархан үзэж нижгэнэсэн алга ташилтаар урам хайрлалаа” гээд бичсэн байсан. Тэр тоглолтонд би Тангад, Дорж гэсэн жүжигчин, дуучин хоёртой хамтарч дуулж байсан. Хоёр том хүний дунд үсээ хусуулчихсан жаахан хүүхэд би Лхадоржийн ая, Мялхаабаатарын шүлэг “Гурван баатар” гэж дууг дуулж байсан. Одоо хэр нь санагддаг. Энэ дуу баруун хязгаарт болсон каминдан болон осмонын дайчдын эсрэг тулалдаж гавьяа байгуулсан манай улсын гурван баатар болох Тэгшээ, Даваадорж, Лхагвадорж нарын тухай дуу юм л даа. Энэ дууг гурвуулаа зэрэгцэн зогсож байгаад л Тангад ах Даваадорж ээ гээд урагшаа нэг алхаад, биТэгшээ гээд Тангад ахтай зэрэгцэж очоод, Дорж ах Лхагвадорж оо гээд бид хоёртой зэрэгцэж очоод гурвуулаа "Дайснаа дараад дархан цолыг олов оо” гээд хамтарч дуулж байсан. Анх удаа хотод ирээд харсан азтай гэх юм уу нэг сонирхолтой зүйл бий. Тоглолтонд орох гээд дээлээ баадагнаж боогоод явж байтал хоёр талаар хүмүүс эгнээд зогсчихсон байна. Тоглолт руугаа яарч явсан болохоор ямар хүмүүс яагаад ингээд зогсож байгааг анзаарсан ч үгүй. Тэгээд дундуур нь гараад явсан чинь хаанаас ч юм нэг хүн “Хөөе тэр хүүхэд яагаад ингэж явж байгаа юм” гээд хашгирах юм. Эргээд харсан баахан хүмүүс ирж байна. Сайн харсан нэг л их таньдаг хүмүүс. Тэгсэн Маршал Чойбалсан хүрэн үйтэн хуар дээлтэй, шаргалдуу шляп малгайтай, Улсын бага хурлын дарга Бумцэнд ногоон үйтэн хуар дээлтэй шар сийрсэн малгайтай явж байдаг юм байна. Зурган дээрээс зөндөө их харж байсан болохоор нэг л таньдаг царай харагдаад байсан юм билээ л дээ. Ингэж төр засгийнхаа удирдагчдыг би анх удаа харж байлаа. Иймэрхүү сонин содон зүйлтэйгээр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярт оролцсон доо.
-Та нутгийнхаа тухай олон дуу дуулсан. Тэр дундаа “Тунгалаг Буянт” гэдэг дуу бараг л хүн бүрийн аманд аялагдаж байдаг сайхан дуу шүү. Энэ дууг анх дуулж байсан үеэ дурсвал?
-1951 онд Нийслэлд тоглолтоо хийгээд нутагтаа иртэл хүн бүхэн тэвэрч үнсээд л сансарт нисээд ирсэн баатар шиг л хүлээж авч байсан. Аргагүй байх л даа. Хаа байсан тэр алс бөглүү газраас 1500 км замыг туулж очоод тоглолтоо хийсэн болохоор. Би хотоос ирж байгаа хүнгээд цэрэг маягийн цамц өмсчихсөн оодгор хачин л юм очихгүй юу. Тэгээд нэг айлын хоёр хүүхэд Улаанбаатар хотод очоод тоглолт хийгээд ирнэ гэхээр бүр илүү хүндэтгэсэн хэрэг. Манай аймаг чинь олон үндэстэн ястны өлгий нутаг. Тухайн үед казак нь ч, чантуу нь ч, захчин нь ч барьж аваад үнсээд л... Эгээ л сансрын баатар мэт угтуулж хүндлүүлж байлаа. Харин 1954 онд Ховд аймгийн соёлын өдрүүд анх удаа Улаанбаатар хотод болохоор боллоо. Энэ тоглолтыг бэлдүүлэхээр нийслэлээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, нэрт зохиолч, найруулагч Л.Ванган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав нар ирэв. Тоглолтыг найруулахаар ирсэн тэр хоёр Ховд аймгийн соёлын өдрүүд учраас нутгийн зохиолчдын бүтээлийг оруулах хэрэгтэй гээд манай нутгийн ах Дашнямтай хамтраад Л.Ванган багш “Тожоо жолооч”, Д.Лувсаншарав багш, Гончиг гэж авьяаслаг ахтай хамтарч “Цэцэг нуурын хошуунд” хөгжимт драмын жүжгүүдийг бичиж хөтөлбөртөө оруулж байсан. Ингээд их баялаг хөтөлбөртэй Улаанбаатар хотод ирлээ. Анх ирж байснаа бодвол бага сага юм ойлгодог болчихсон бас ахын костюмыг өмсөхтэйгөө болчихсон байсан юм. Яг энэ үед Л.Ванган, Д.Лувсаншарав багш нар маань надад “Тунгалаг буянт” дууг өгсөн юм. Лхашид гэж жүжигчин үгийг нь бичиж Балдан гэж хөгжим тоглодог авьяаслаг ах аяыг нь бичсэн юм билээ. Тэгээд Л.Ванган багш надад “За чи одоо сайн дуулна шүү. Нутгийнхаа нэр хүндийг гаргасан энэ дууг нийслэлчүүдэд хүргэх ёстой” гэж хэлж байсан. Би ч их хичээж дуулсан. Тэгээд УДЭТ буюу хуучнаар төв театрт найман сарын хуучаар манай урлагийн их наадам эхлэв. Тухайн үед би “Тунгалаг буянт” дууг ирээдүйтэй сайхан дуу болно гэж бодож байгаагүй. Зүгээр л аятайхан дуулчих юмсан гэж бодож байсан. Тэгээд дуултал хүмүүс нижгэнэтэл алга ташаад сүйд. Алс бөглүү газрын хүүхэд учраас онгирч оодойно, хамраа сөхнө гэсэн зүйлгүй багш нар юу гэж хэлнэ тэрийг л дагадаг байсан. Тэгээд нутгийнхаа сайхан дууг дуулсан гээд Хөдөлмөрийн баатар академич тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Ширэндэв гуай намайг хүндэт үнэмлэхээр шагнаж байсан. Тэр жил манай аймгаас дөрвөн гавьяат төрж байсан. Занданхүү, Найдан жаажаа гээд “Хүргэн хүү” киноны Жамц өвгөний дүрд тоглосон жүжигчин, Мэндээ гээд “Данший цуутай төлчин” киноны Данший өвгөний дүрд тоглосон жүжигчин гэх хүмүүс БНМАУ-ын гавьяат жүжигчин гэх цолыг авч байсан. Залуу улсууд нь одон медалиар шагнуулаад над мэтийн хүүхдүүд нь хүндэт үнэмлэхээр шагнуулж байсан даа. Бас болоогүй Эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэх аваад “Залуучуудын үнэн” сонинд “Залуу авьяастанд талархал илэрхийлье” гэсэн булангийн анхны зочин болоод би ч мандаж өглөө. Энэ сонин хөдөө орон нутагт тараагдаж Зангад гэдэг хүн тэнгэрт гарлаа даа. Тухайн үед сонинд гарна гэдэг ховор зүйл шүү дээ. Ингэж хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод ирээд ганзага дүүрэн буцсан юм.
-Таныг 10 жилийн сургуулиа төгсөлгүй Ардын ансамбльд орж байсан гэж сонссон?
-1955 онд Дэлхийн залуучуудын урлагийн наадам болно гээд оролцох хүмүүсийг шалгаруулж авч байсан. Би энэ шалгаруулалтанд тэнцээд Ардын ансамблийн уран бүтээлчидтэй хамт Варшав хотыг зорилоо. Газрын зурган дээрээс хардаг байсан хотуудыг дайраад явж байгаадаа өөртөө ч итгэхгүй байсан. Уралын нуруу, Волга мөрөн, Красноярск, Новосибирск, Москва гээд л том хотуудыг дайраад Варшавт ирлээ. Тэнд би ардын хөгжимтэй “Тунгалаг буянт" “Буурал морь” гэж хоёр дууг дуулсан. Энэ фестивалийн дараа Германы 14 хотоор юм үзэж нүд тайлж явсаар байгаад 1955 оны намар Монголдоо ирлээ. Арван жилээ төгсөөгүй байсан ч нутагтаа эргэж очиж суралцаагүй. Учир нь Ардын ансамбльд дуучнаар орох санал ирсэн юм. Тэр үед нь би Ардын ансамблийн удирдах хүмүүст намайг ирэх жил сургуульд явуулж өг гэсэн хүсэлтийг тавьж, тэд зөвшөөрснөөр Ардын ансамбльд ажиллаж эхэлсэн дээ. Ингээд 1956 онд Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн дуулаачийн ангид суралцахаар болсон. Явахаасаа өмнө их хөгөө тарьсан. Урлагийн сургуульд суралцах гэж байгаа боловч газарзүй, физик, хими, математик гэх хичээлүүдээр шалгалт өгөх ёстой болов. Манай аймгийн харьяат Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг хөгжмийн зохиолч, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Чойдог бид хоёр нэг жил сургуульд явахаар болж шалгалтанд орсон юм. Бид хоёрт бэлдсэн зүйл байхгүй болохоор шалгалтуудаа өгөөд л, унаад л. Тэр үед одоогийн Засгийн газрын ордон баригдчихсан байсан. Ордны баруун талын шар хаалган дээр Намын төв хорооны дарга Жадамбаа гэж хүн гарч ирээд л унасан, унаагүй гээд л зарлах. Соёлын яамны нэр дээр орж ирсэн Чойдог, Зангад химийн шалгалтанд унасан, хаслаа гээд л зарлана. Хоёр гурван хоног шалгалт өгсөн ч нэг дээр нь ч тэнцээгүй хасагдчихлаа. Тэгээд сэтгэл санаа тааруухан талбай дээгүүр явж байсан нэг нөхөр “Хөөе Зангад аа” гээд л дуудаад байна. Эргээд харсан Чойдог байна. “Чи яачихав аа” Л.Ванган багш чи бид хоёрыг дуудаад байна гэдэг юм байна. Тухайн үед Л.Ванган багш Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд болчихсон байсан. Тэгээд би Чойдогт “Бид хоёр шалгалтандаа уначихсан явахгүй шүү дээ” гэтэл явуулна гэнэ очъё гээд дагуулаад явлаа. Гэтэл Л.Ванган багш Төв хороо, Засгийн газар руу яриад бид физик химийн багш бэлдэж байгаа юм биш ээ, авьяастай хүүхдүүдийг бэлдэх гэж байна гээд удирдах хүмүүст хэлж ойлгуулснаар явахаар болсон нь энэ юм билээ. Ингээд бид хоёр Москва хотыг зорилоо доо. Явахаас өмнө улсаас 1500 төгрөг өглөө. Тэр мөнгөөр цамц, өмд, малгай, ороолт, пальто гээд өвөл, хавар, намар өмсөх бүх хувцсаа бэлдэж авлаа. Ганцхан гутал авч чадсангүй. Намайг гадаад руу явуулахаар гаргаж өгөхөөр ирсэн ах маань хөөрхий муу дүүгээ дагуулаад зөндөө их дэлгүүр хэссэн ч гутал олж чадаагүй юм л даа. Ингээд зунжингаа өмссөн сайрийсан ботинкоо өмсөөд явлаа даа. Удаан өмссөн болохоор ул нь цоорчихсон, бас. Гэтэл галт тэргэнд суусан бүх хүмүүс шинэ гуталтай. Нэг куфенд дөрвөн хүнтэй. Дөрвүүлээ гоё гуталтай байх ёстой атал гурван гоё гутал нэг муухай гутал явж байсан. Гэхдээ би тарчиг амьдралын дунд өссөн болохоор энэ байдалдаа гунидаггүй байсан. Хамгийн гол нь тухайн үеийн хүүхдүүд нэгнийгээ чи гоё гуталтай, муухай гуталтай гэж өмссөн зүүснээр нь ялгадаггүй байсан нь сайхан юм даа. Москвад буулаа өнөөх л онгорхой гуталтайгаа. Москвад намар болж байсан болохоор бороо их орно бас их сэрүүхэн. Галт тэрэгнээс буутал нэг хүн биднийг дагуулж сургуулийн дотуур байранд авчирч өглөө. Байрны шал, хана нь толь шиг гялалзаад л гишгэхээс эмээмээр. Сургууль маань байртай их ойрхон болохоор эхний хэд хоног сургуультайгаа танилцах гээд байнга сургууль руугаа орно. Орос хэл мэдэхгүй хэрнээ орчин тойронтойгоо танилцаж их явсан. Нэг өдөр мэргэжлийн шалгалттай гээд сургууль дээр дуудлаа. Тэгээд би “Тунгалаг буянт” бас нэг орос дууны нотоо авчихсан сургууль руугаа явлаа. Тэр өдөр их бороотой байсан болохоор гутал тэр чигтээ норчихсон. Ус нь гойжсон гуталтайгаа тайзан дээр гарч удирдаач эгчид нотоо өгч дуугаа дуулчихаад буцаад явсан тайзны нөгөө гоё ганган шалан дээгүүр баавгай явсан юм шиг мөр гарчихсан байсан. Нэгэнт өнгөрсөн гээд буцаад л тамгалаад гарсан. Ул нь цоорхой болохоор хөл их даарч байсан шүү, тэр үед. Энэ өгсөн шалгалт нь бэлтгэл ангид орох уу нэгдүгээр курст орох уу гэдгийг шалгах шалгалт байсан. Шалгалтын дүн гарч нэгдүгээр курст орохоор болчихоод баярлаад л байр руугаа ирлээ. Гутлаа тайлаад орон дээр сууж байтал өрөөнд хамт байдаг дөрөвдүгээр курсын ах миний гутал руу хараад нэг юм хэлээд байна. Чи гутлаа солихгүй юу л гэж байх шиг байна. Би сайн орос хэл мэдэхгүй болохоор “рубль нет” л гэлээ. Тэгсэн наадахаа өмс хоёулаа явъя гээд байрны хажууд байдаг гутлын дэлгүүр лүү дагуулаад орлоо. Нэг гутал авч өмсүүлтэл байранд халаалт ирэхэд пүн гээд л гоё болдог доо. Яг тийм мэдрэмж төрж билээ. Би хуучин гутал руугаа нэг хараад шинэ гутал руугаа нэг хараад л их баяртай зогсож байсан юмдаг. Тэгээд хуучин гутлынхаа улан дор нь зан тавиулаад өмсөх санаатай авах гэсэн нөгөө ах наадахаараа яах гэж байгаа юм хая гээд тэр чигтээ дэлгүүрт нь орхиж билээ. Тэгээд л Улаанбаатар хотоос Москва хүртэл өмсөж ирсэн ганц ботинктойгоо харцаараа салах ёс хийгээд гарсан даа. Ядуу тарчиг амьдралаар амьдарна гэдэг хүнийг бас л их хүмүүжүүлж хатуужуулдаг юм билээ. Тэгээд сар бүр авдаг оюутныхаа стипентний 500 төгрөгнөөс гуталныхаа мөнгийг төлж байсан. Тухайн үед манай сургуульд Чойдог бид хоёроос гадна Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Ардын жүжигчин Загдсүрэн хоёр гуравдугаар курст Ардын жүжигчин, Төрийн шагналт “Халуун элгэн нутаг” дууны автор Намсрайжав нар сурч байсан. Манай ангийн багш ЗХУ-ын гавьяат жүжигчин, доктор профессор Анна Александровна Салавённо гэж хүн байсан. Багш маань надад дуулах мэргэжлийн ухааныг суулгаж өгсөн хүн. Миний өдий зэрэгтэй яваа нь тэр хүний гавьяа гэж би боддог. Намайг өөрийн хайртай шавь нарынхаа нэг болгож миний идэж уух, өмсөж зүүх гээд бүгдийн зааж зөвлөж бүх зүйлд сургасан. Нэг үгээр хэлбэл хүний орчлонд яаж хүн шиг явахыг зааж сургаж өгсөн хүн дээ.
-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?
-Миний хүүхэд нас Монголын олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймагт өнгөрсөн. Баяд, дөрвөд, захчин, халх, үзэмчин, казак гээд үндэстнүүдтэй бүгдтэй нь тоглож өссөн хүн. Ардын урлагийн өв санг бий болгож хадгалж үлдсэн ард түмэн дунд өссөндөө би баярлаж явдаг. Манай нутгийнхны ярьж байгаа нь аялгуу шиг сонсогддог. “Көвөн чи хааран одоод ирэв” гээд хэлж байгаа аялга нь дуулж байгаа юм шиг сонсогддог ард түмний дунд бага балчир насаа өнгөрөөсөн. Ховдын 10 жилийн сургуульд 1946 онд элсэж байсан. Тэр үеийн багш нар гэдэг хүнд юм сургахын төлөө бүх анхаарал халамжаа тавьдаг байсан. Одоогийн багш нар хичээлээ заагаад л гараад явж байна. Тэр үеийн багш нар ар гэрт нь долоо хоног тутам нэг удаа очиж хичээл сурлага, хувцас нь хиртэй хиргүй байгаа гээд бүх талаар нь эцэг эхтэй нь ярилцана. Тухайн үед үг хөгжлийн хичээл гэж үлгэр яриулж, оньсого таалгаж, дууны хичээл орж, шинэ дуу их заадаг хичээл ордог байсан. Тэгээд хүүхдүүд хичээл завсарлахаар үймүүлэх биш хана дагаж зогсон гараа ардаа аваад л
...Өнчин хөх ишиг
Өвөр дээрээ тавиад
Өвгөн болсон Пунцаг
Өнгийн үгээр өднө...
гээд дуулдаг байсан. Харин зун хичээл амрахаар Тунгалаг Буянтынхаа хөвөөгөөр зугаалж өгнө дөө. Монголын тугал, хүүхэд хоёр ялгагдахгүй болтол тоглодог байсан даа. Хүмүүс саравчилж хараад голын эрэг дээр хүүхэд тоглож байна уу, тугал тоглож байна уу гэж хардаг байсан /инээв/. Хүрэн бор юмнууд л голын хөвөөнд тоглодог байсан болохоор тэр л дээ. Намар болохоор шийгуа, тянгуа, улаан лооль, өргөст хэмх, бэсрэг алимаа иднэ. Нэг үгээр хэлбэл хөдөө хээр хөл нүцгэн гүйж хатуу хөтүү амьдрал дунд хүүхэд нас минь өнгөрсөн. Харин ч би ингэж амкдарснаараа амьдралд эрт хөл тавьж хат суун сайн сайхан амьдрал руу тэмүүлсэн гэж боддог. Манай ээж намайг жаахан байхад бурхан болсон л доо. Тэр үед ах маань зургаан настай би гурван настай байсан. Дүү маань нялх байсан учраас айлд өргүүлчихсэн юм билээ. Ах бид хоёр өвдөж зовоод байхаар муу аав маань аль нэгийг нь ч гэсэн амьд мэнд авч үлдэж боломжийн айлд өргүүлэх гэж их үзсэн юм билээ. Учир мэдэхгүй бага нь учраас намайг өргүүлэх гэж хоёр гурван удаа айлд очиж байсан. Даанч намайг голоод аваагүй гэсэн. Хоёр гар нь сайраар хуяглагдчихсан, нус нь гоожоод хоёр тийшээ арчаад хатаачихсан, чихнээс нь нойтон булаг гоожоод дээлний хоёр талаар нь урсчихсан, шүлс нь гоожоод энгэр нь халтардчихсан, гутлаа майжгий гишгээд хоёр тийшээ харчихсан байдлыг хараад энэ ямар нэг өвчтэй бас өөдтэй хүн болохгүй байх гэж бодоод авдаггүй байсан байх. Миний муу ах амьд сэрүүн байхдаа миний дүү их заваан хүүхэд байсан шүү гээд ярьж байж билээ /инээв/. Харин би бурхан багш цаанаас нь чи гэртээ байж бай л гэсэн юм байна даа гэж боддог юм. Тэгээд том болох бүр ухаан суугаад сайрнаасаа салж, чихээ эмчлүүлж шүлсээ гоожуулахаа байсан даа. Тэр сайхан нутгийн бүтээгдэхүүн болж төрсөн болохоор намайг харж үзэж хүний дайтай хүн болгож өдий зэрэгтэй амьдруулж байгаа байх гэж боддог юм. Нутаг маань намайг хайрлаж үргэлж харж байдаг шүү.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 3 )
Нутгийн сайхан буурлаа үргэлж биширч, шүтэж явдаг. Таныхаа дуулсан дуунуудыг сонсож, нутаг усаа санаж явах нь надад олдсон заяа юм даа.
Mongoliin mundag duuchdiin l neg.Saya-d 1 tohioh n ch arai heternee.
Саяд нэг тохиох агуу дуучин. Зангад гуай шиг хоолойтой дуучин төрөхгүй юмаа. Агуу агуу. Урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе!