“Бүжидмаа эмээ би явлаа. Таны захисан хүнсийг хөргөгчинд хийчихсэн шүү” хэмээн гэрийн үйлчлэгч охины хайнга хэлэх үг, тас хийтэл хаагдах төмөр хаалганы чимээ сонссон эмгэн “Эмээ гэнэ шүү” хэмээн дургуйцэн бодсоор орноосоо дурамжхан өндийж, том толины өмнө эгнүүлсэн тансаг зэрэглэлийн гоо сайхны бараа, бөөн гоёл чимэглэлээр дүүрэн хайрцгаа бүртгэх мэт харж хэсэг суулаа. Үнэндээ түүний насыг ч, бас нэрийг ч өөрөөс нь өөр мэдэх хүн ч цөөхөн болж дээ.
Уг нь түүний жинхэнэ нэр Анхилуун. Нэгэн цаг үед загварын тайзнаа гайхуулж, бас миссын титэм тэргүүнээ залсан, харчуудын зүрхний соронзон мэт явсан сайхан бүсгүй байлаа. Гэвч цагийг эзлэж, гайхуулж явсан тэр бүсгүй өнөөдөр хатсан навч шиг л гундаж хоцорч. Цаг хугацаа ч түүнийг огоорч. Гоо сайхан гэдэг хэмжээтэй, нас бас хязгаартай гэдгийг Анхилуунд олон хүн сануулж байсан ч, тэрээр энэ үгийг атаарахсандаа унагааж байна гэж л бодож явсан цаг саяхан. Хичнээн ч олон залуу ханилья хэмээн гуйж, хичнээн ч олон эр түүний хойноос нойргүй хонож байсан юм бүү мэд. Тэр тухай бодохоор уран сайхны кино үзэж байгаа юм шиг л хачин мэдрэмж төрдөг болсоор удаж байна. Одоогоос бараг хориод жилийн өмнө 50 нас хүрснийхээ дараахан Анхилуун Бүжидмаа хэмээн нэрээ өөрчилж, гоёлын даашинзнуудаа далд хийж, аминаасаа илүү хайрладаг байсан миссын титмээ чандын чанд хадгалсан ч залуу насандаа барьдаг байсан хоолны дэглэм, бас гоо сайхны хэрэглэл, гоёл чимэглэлээсээ салсангүй. Нүүрээ хичнээн арчилж, хичнээн үнэтэй гоо сайхны бараа хэрэглэж, хичнээн их тордоод нэмэр болсон нь үгүй. Хаана ч явсан эмээ гэдэг нэр салахгүй дагах аж. Үнэндээ эмээ болоогүй байж, эмээ гэж дуудуулсаар тэр залхаж байлаа. Залуу сайхан явахад хүүхэд гэдэг түүний хувьд эрх чөлөөг нь боомилогч шиг л санагддаг байсан учраас үр хүүхэд ч гаргасангүй. Цав цагаан хивс дэвссэн үнэтэй модон тавилга бүхий тансаг байрандаа ганцаараа өтлөж байгаадаа нэг их гунидаг ч үгүй байлаа. Хамгийн гол нь түүнээс салахаа байчихаад байгаад “Эмээ” гэдэг нэр л хамгийн хэцүү санагдаж байв.
Анхилуун сурсан зангаараа том толины өмнө нүцэглэж, биеэ нэгд нэггүй шинжин харлаа. Залуу насных нь цог жавхаа гээгдэж үлдсэн ч далан нас гарч яваа хүнд баймгүй цэх шулуун нуруу, унжиж шалчийгаагүй хөх, нарийхан бэлхүүс… Сайхнаараа л байна даа хэмээн тэр өөрөөрөө бахархаж, ганцаардаж бухимдсан үедээ гаргаж ирдэг гоёлын даашинзнуудаа сөхөн харж, суухдаа дандаа бэлгэнд ирсэн эд болохыг гэнэт анзаарав. Үнэндээ түүний хувьд амьдрал тэр чигээрээ бэлэг байв. 17 настай охин миссын тэмцээнд түрүүлж, нижигнэсэн алга ташилтанд самгардаж зогссон тэр л өдрөөс хойш Анхилуун хөлгүй цэнгэлд умбаж, амьдарч эхэлсэн. Гоо үзэсгэлэнг нь магтан дуулах эрчүүд, хүүхнүүдийн атаарахсан харц, бас хов жив. Үргэлжийн дайллага цайллага, бэлэг дурсгал, загварын тайз, рекламны зураг авалт… Эргээд харахад түүнийг хайрлаж, харамлаж байсан хүн байсан гэж үү? Энэ бодол гэнэтхэн Анхилууныг цочоов. Тэр хэзээ ч өөрийгөө хайраар дутаж байна гэж бодож байсангүй. Цэцгийн баглаа, тансаг үнэртэн, чамин гоёл барин эргэлдэн тэмүүлэх эрчүүдээс хэн нь ч үлдсэнгүй. Тэрээр хайч авчирч, гоёлын хувцаснуудаа нэгд нэггүй хяргаж эхэллээ. Хайчлах тусам л хэн нэгнээс өш хонзонгоо авч байгаа юм шиг гашуун мэдрэмж төрнө. Нэг мэдэхэд өрөөгөөр дүүрэн салбархай хувцас, бас уранхай зураг. Эцэст нь залуу насны гоо үзэсгэлэнг түүнээс булааж авсан өнгөт сэтгүүлүүдийн хуудаснуудыг нэг бүрчлэн хайчлав.
Хэнээс ч юунаас ч хамааралгүйгээр хашгиран уйлмаар байлаа. Гэвч түүнээс дуу гарсангүй. Тэр зүгээр л мэгшин уйлж байлаа. Яг л галзуурчихсан юм шиг хамаг юмаа сандаачиж, урж тасдаж, мэгшин уйлах эмгэн орон дээрээ цагиргалан хэвтэнэ
Гэнэт тэр өөрийнхөөрөө дур зоргоороо амьдарч үзэхийг ямар их хүсдэгээ мэдэрч байх шиг. Анхилуун урамгүйхэн босч гал тогооны өрөөндөө орлоо. Үйлчлэгч охин жимсний шүүс аягалж, олон жилийнх нь өглөөний зоог ногооны салатыг таваглаад тавьчихаж. Харахыг ч хүссэнгүй. Бүгдийг хамж жорлон руу хийгээд усыг нь татчихлаа. Анх удаа тэр өөртөө хоол хийх гэж оролдов. Хөлдүү маханд туниа муутай хуруу нь чимчигнэнэ. Өөрийн гараар өөртөө хоол бэлтгэж байгаадаа тэр итгэж ядан байлаа.
Гэдсээ унжихаас сэргийлж байнга зүүдэг даруулгаа тайлж, нүүрнийхээ оо энгэсийг арчиж, гэрийн үйлчлэгч охины томдсон өмд, цамцыг өмсөж, саяхан л урж тасдаж байсан бүхий л хувцаснуудаа хогийн уутанд чихээд гаргаад хаячихлаа. Тайвшрах шиг. Өөрийгөө толинд харлаа. Гэрийн нэлэмгэр бас хямдхан, хуучин хувцастай. Ганцаардаж, туйлдсан эмэгтэй. Түүнд сайхан гээд байхаар зүйл энэ удаа юу ч харагдсангүй. Сүүлийн үед байн байн зүрхээр нь хатгуулах болж, тамирдаж байгаагаа тэр гэнэтхэн анзаарлаа. Өсөхдөө ч, өтлөхдөө ч, үхэхдээ ч ганцаараа…
Анхилуун хар багаасаа л сайхан төрснөө мэддэг байсан. Тэр үлгэрийн гүнж шиг амар сайхандаа жаргана даа гэж хүсдэг байж. Халуун залуу насандаа өөрийгөө жаргаж л явна гэж бодож байж. Гэтэл өнөөдөр ганцаараа… Залуу насандаа хуримтлуулсан хадгаламжныхаа хүчинд л тэр өдий зэрэгтэй өтлөж байгаагаа сайн мэднэ. Өнгө мөнгөний хорвоод сайхан төрсөн бие, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваад л дуусна даа гэж бодож байснаас биш насны эцэст ганцаардана гэж бодож ч байсангүй. Өнгөрсөн амьдрал түүнд утга учиргүй мэт санагдах аж. Анхилуун өрөө рүүгээ орж, хэдэн хувцасаа цүнхэлж эхэллээ. Тэр хаалганых нь дэргэд зогсож байгаа үхлийг ганцаараа угтахыг хүсэхгүй байв. Тиймээс явах цаг нь болж.
Энэ өдрөөс хойш долоо хоногийн дараа өдөр тутмын нэгэн сонинд “Монголын анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт эмэгтэй … сая төгрөг асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлажээ” гэсэн товчхон мэдээ нийтлэгдсэн байлаа.Харин амар сайхандаа жаргаж чадаагүй үлгэрийн гүнж хаана явааг хэн ч дурссангүй.
Сэтгэгдэл ( 0 )