Өчигдөр Ардчилсан намын удирдлагууд ээлжит “4:11” уулзалтаа зохион байгуулж, Хамтарсан засгаас гарах болсноо зарлав. Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд С.Батболд Н.Алтанхуягийн мэдэгдэлд харамсч байгаагаа илэрхийлж, “ханилж яваад нөхрөө хаядаггүй л байхгүй юу” хэмээн гомдоллосон. Хамтарсан Засгийн газраас АН албан ёсоор гарвал зургаан сайд, найман дэд сайд, хэд хэдэн хэлтэс, агентлагийн даргын суудал дараагийн эзэндээ шилжих учиртай. Голомтоо сахисан нь дутуу суудлаа нөхөөд явах уу эсвэл дахин Засгийн газраа эмхлэн байгуулах уу гэсэн хоёр хувилбарыг тэр даруйд нь гаргаад ирсэн ч суудлаа нөхөөд, жингийн цуваа цааш явж таарах нь гэлцэж байна.
2008 оны сонгуулиас хойш гурван жил, зургаан сар хар хурдаараа гүйгээд өнгөрлөө. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН 46 суудлыг УИХ-д дангаараа авч, Засгийн газраа байгуулах бүрэн эрх нь байсан ч ялгаа юу байхав, нэг л эрх ашиг гэсэн малгай, заримынх нь хэлдгээр хөнжилд АН-ыг урьж, өнөөг хүрсэн түүхтэй. Харин өнөөдөр АН малгайгаа авч шидээд хөнжлөө хуу татаж хаяад гудамжинд гүйж гарах болов. Харин дөрвөн жил шахам дэр нэгтгээд ирсэн юм болохоор дээд зэргийн Ардчилсан үйл явдал гэж нэрлэлээ, МАН. Үүнийг Н.Алтанхуяг дарга арай өөрөөр тайлбарлаж байна.
Нөгөө л 7-р сарын 1. 2008 оны сонгуулийн будлиан, хүн нь үрэгдэж, байшин шатсан үймээн гээд цагийн байдал цөвүүн болж ирэхэд улстөрийн ноён нуруу гаргаж, МАН-ыг урихад “за” гээд очсон гэнэ. Засаг бариад өгөөч гэж ард түмэн сонгоогүй ч гэсэн “за алив л дээ” гээд байхаар үгүй гэж чадаагүй юм байх. Үүний ачаар улстөрд тогтвортой байж, улс орны тусгаар тогтнол, эдийн засгийг бэхжүүлэх үйл явцыг төгөлдөршүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Одоогийн олон толгойн орд газрыг орлого мөнгө болгоход ч чамгүй гавьяа байгуулснаа дурдаад “бидний хувьд хангалттай сайн ажиллалаа” гэж Ардчилсан намын дарга “өөрийгөө” дүгнэлээ. Болсон үйл явдлын өнгөн тал нэг иймэрхүү байна. Харин одоо улс төрийн хүрээнд хийгдээд эхэлсэн таамаг гэхээсээ илүү бодитой болж мэдэх прогнозуудаас дэлгэе. Ямар ч байсан галт тэрэг хэдийнэ хөдөлчихлөө. Хаана хэдэн удаа зогсож, ирэх сонгуульд хэр ачаатай хүрэх нь одоогоор “Х”.
Н.Алтанхуягийг “голио”-доход жижиг Энхболд, Женко нар шахсан уу?
Н.Алтанхуяг Засгаас гарах шийдвэр яаж гаргав гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдаж байгаа юм. Энэ үйл явц бараг жилийн өмнөөс эхтэй гэнэ. Нэг хэсэг З.Энхболд Хамтарсан засгийг нэг мөсөн үзэн ядаж, намынхаа даргыг унагаад оронд нь “хаан” болохыг хүссэн ч тухай үед “Женко” Х.Баттулга буюу МоАХ гэнэт үгнээсээ буцсанаас болж намжиж байсан. Женко үнэндээ Төмөр замынхаа төслийг хэрэгжүүлж, том мөнгөөр бизнес хийх гэж улайрсандаа З.Энхболдыг гол гаргасан хэрэг. Гэтэл цаг хугацаа өнгөрөөд байдаг. Төсөл нь хавтсандаа өтлөөд байдаг. Тиймээс Засгийг унагааж, намын даргын эрхийг гартаа авах цаг болсон гэж үзэж. ҮЗХ л хуралдвал асуудал “түүз” болно гэдгийг З.Энхболд ч, Н.Алтанхуяг ч, Женко ч мэдэж байж. Тиймээс Н.Алтанхуяг ҮЗХ-ны хурал бүү хэл Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг ч хийлгүй жил хагас луу унжсаны эцэст засгаас гараад намаа аваад үлдсэн дээр гэдэг нүүдэл дээр бууж өнөөдрийн шийдвэрийг гаргасан байх талтай гэнэ.
АН анхны шийдвэрийг гаргаж тоглоомыг эхлүүлснээрээ асуудал цаашид хэрхэн өрнөх вэ. Ямар ч хувилбараар явсан Н.Алтанхуягийн хувьд ҮЗХ-ны хурал дээр тогтож үлдэх магадлал бага, харин З.Энхболд Женко хоёр тохироогоо боломжийн хийж чадвал намын дарга “Женко” Х.Баттулга болох юм байх. Нөгөө талдаа ҮЗХ Засгийн газраас гарахгүй гэдэг шийдвэр гаргах юм бол Н.Алтанхуяг гэдэг хүн жинхнээсээ гудамжинд гарч, арьсан гутлаа лааз өшиглөн элээж таарах нь. Өөрөөр хэлбэл ҮЗХ засагт үлдэнэ гэчихвэл албан тушаалаасаа татгалзсан Н.Алтанхуягийг солиод л хамтарсан засагтайгаа явах нигууртай.
Ханилсан нөхөртөө хаягдсан МАН-ын “сэтгэлзүй” ямар байна вэ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )