Х.Тэмүүжин л хайран байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн бат­лаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Тус намын дүрмийн заалт, удирдлагуудын амласнаар бол АН-ын нэр дэвшигчдийг эхлээд анхан шатны байгууллагууд тод­руулна. Тэндээс олонхийн санал авсныг нь ҮЗХ батлам­жилна. 2008 оны сонгуулийн нэр дэвшигчдийг ч ингэж тод­руулж байсан АН-ын энэ дүрэм, зарчим нь энгийн ойлгомжтой, бас дотоод ардчилалтай.

Тус намын энэхүү шүүлтүүрээр УИХ-ын зарим гишүүн гоожиж, нэр дэвших эрхээ анхан шатны нэгж дээрээ алджээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин, Чингэлтэйд Г.Баярсайхан, Дорнодод П.Алтангэрэл нар намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадсангүй. Гэсэн ч тэдний зарим нь тахимаа өгөлгүй анхан шатны “ түрүү бөх”-ийн нэрийг татуул­на, дээд дарга нартаа найдаж байна, унасан, шороотой бөх туг тойрдоггүй нь сонгуульд хамаагүй  гэж луу унжиж яваа бололтой. Х.Тэмүүжин бүр анхнаасаа нэрээ ч дэв­шүүлээгүй байна. Үүнийгээ тэрээр “унагахыг нь мэдэж байсан учраас “хор”-нд нь орохыг хүсээгүй” гэж тайлбар­лав. Одоо ямар ч шал­таг, шалтгаан тоочоод унасан УИХ-ын гишүүдийн хувьд той­рогт нэр дэвших “галт тэрэг” нь нэгэнт хөдлөв бололтой. Яагаад гэвэл АН-ын дүрэм нь тийм, өмнөх сонгуулиудын нэр дэвшигчдийг тодруулсан жишиг ч ийм.Дээр нь АН бол МАН биш. АН дарга шүтдэггүй, дарга харин сонсох ёстой гэж үздэг нам.

Сонгуулийн нэр дэвшигч­дийг МАН дээгүүрээ \Бага хурал\ зоож, доод шатандаа илгээдэг бол АН-ынхан анхан шатнаасаа тодруулж дээд удирдлага нь батламжилдаг. Үүгээрээ энэ хоёр нам ялгаа­тай. Анхан шат­наас олонхийн санал авсан нэр дэв­шигч дээд удирдлагынхаа төвшинд унаж, намын бодлого, даргын “цохолт”-оор өөр хүн нэр дэвших нь сонгуулиар хааяа гардаг л юм. Энэ тохиолдолд МАН-ынхан намын бодлогоо дэмждэг хатуу сахилга баттай бол АН-ынхан тэгдэггүй. Харин ч хаалгаар хөөгөөд гаргасан нөхөр тооноор ороод ирлээ гэж үзэн тойрогт дээр нь унагаад явуулчихдаг. Ийм тохиолдол 2008 оны сонгуулиар хэд хэдэн тойрогт гарсны гороор АН олонхио байг гэхэд бүр олон суудал­тай болох боломжоо алдсан гэд­гийг судлаачид хэлдэг, намын­хан нь хүлээн зөвшөөр­дөг. Өөрөөр хэлбэл, эсэргүү сон­гол­тоор анхан шатаа сонсоогүйн хариуг дээд дарга нар­таа мэдрүүлсэн нь тэр байлаа.

Анхан шатны нэгж дээрээ унасан УИХ дахь АН-ын гишүүдээс Х.Тэмүү­жин л хайран байна. АН-ыг үүсгэн байгуулагчдыг залгамжлах дараагийн үе нь энэ намд тасалдаад байгаа, бараг огт байхгүй ч гэж болно. Ийм үед тус намд 1990-ээд оны ардчил­лагчдыг залгамжилж гарч ирсэн шинэ үеийнхний гол төлөөлөгч нь Х.Тэмүү­жин. Гэхдээ залгамж халаа заавал сонгуульд нэр дэвших албагүй. Өнжиж болно. Өнжлөө гэхэд Х.Тэмүү­жингийн хуульч мэргэжил парламен­тын гадна үлдэхэд л харамсч байна. Яагаад гэвэл парламент бол нийгмийн тусгал хэдий ч, хийдэг гол ажил нь хууль тогтоох. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль баталдаг учраас тэнд хуульчид голлох, олон байх ёстой.

1. Манайхан савлаж туйлш­рахдаа заримдаа гаргуун. УИХ-ын 76 суудлын 72-ыг нэг нам авсан тохиолдол бий. Гэтэл энэхүү 72 суудал нь нийт сон­гогчдын 51 хувийг л төлөөлж, үлдсэн 49 хувийн санал парла­ментын гадна үлдэж байсан нь сонгуулийн тогтол­цоо­ны гажгаас үүдэлтэй алдаа байв.

2. 2008 оны УИХ гурван Засгийн газар сольсон. Энэ үеэр УИХ-ын 76 гишүүнээс давхардсан тоогоор 58-ыг нь сайд болгож тоглосон жишээ байдаг юм. Засгийн газрын ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна, гүйцэтгэх засаглал танхимын зарчмаар ажиллана гэсэн хууль зөрчигдөж, сайд нарыг нэг нэгээр сугалж огцруулах жишиг энэ үеэс  тогтсон.

3. УИХ Өршөөлийн хууль баталтал цоорхой гарч, түүгээр нь албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүгд гоожиж өршөөгдсөнийг бид мэднэ.

4. УИХ-ын дарга нь хууль зассан гэж огцорч байлаа.

Энэ бүхэн мэргэжлийн хуульчид тогтоох ёстой хууль хэмээх чимхлүүр ажлыг сайн дурынхан хийснээс үүдэлтэй алдаанууд юм. Хэрвээ хууль тогтоодог газар нь хуульчид олон байсан бол савлагаатай сонгуулийн хууль гарах уу, Засгийн газрын танхимын зарчмыг задлах уу, албан тушаалтнууд өршөөгдөж, Их хурлын дарга нь орондоо хуулиа засах уу. Үгүй шүү дээ. Парламентад “ТМС”-ийн хуульчид орж ирчихээд бидний хэдэн мэргэжлийн хуульчдыг шар махтай минь хатааж байна гэх Ц.Нямдоржийн үг үнэн бөгөөд төрийн хүний зовлон, туршлагатай парла­ментчийн зовнил байх.

Үнэхээр УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч байгаа. Бизнесмэнүүд УИХ-д  олноор орж ирж байгааг шүүмжилдэг ч, үүний нөгөө талд мэргэжлийн хууль­чид цөөрч байгаад хэн ч харамсахгүй юм. Энэ нь хууль тогтоож, хууль баталдаг УИХ-ыг бизнес, төсөв  хуваадаг тү­шиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизне­сээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хү­лээн зөвшөөрөгдөж буйтай холбоотой бололтой.

Парламент хуульчийн хомсдолд орсны улмаас Хуульзүй дотоод хэргийн салбарын сайдаар малын эмч хүнийг томилж, УИХ-ын Хуульзүйн, байнгын хороог хилийн цэргийн генералаар удирдуулж байсан тохиолдол саяхных шүү дээ. Удахгүй бүрэн эрх нь дуусах өнөөгийн УИХ-д л гэхэд 76 гишүүний дөнгөж найм нь буюу Ц.Ням­дорж, Д.Лүндээ­жанцан, Д.Од­баяр, Ц.Мөнх-Оргил, С.Баяр, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүх­баатар нар л  мэргэжлийн хуульчид байна. Тэд үнэхээр цөөдсөн учраас л Ц.Нямдорж сайд “бидний хэдэн мэргэжлийн хуульчид шар махтайгаа хатаж байна” гэж хэлсэн хэрэг. Эдгээр цөөхний нэг Х.Тэмүү­жин тойрогт нэр дэвших эрхгүй болсон нь хууль тогтоох засаглалаа сонгох гэж буй  олон түмэнд үнэхээр харамсалтай. Одоо түүнд жагсаалтад орж намын­хаа авсан саналаар УИХ-д орж ирэх боломж бий. Гэхдээ Х.Тэмжүүжинг жагсаалтын хэдэд эрэмбэлэх юм, урдуур орж чадах уу, нам нь түүний жагссан эрэмбэд дүйх хэмжээний саналыг авах уу, үгүй юү гээд эргэлзээ их л дээ. Нөгөө, буу байгаа ч уу, үгүй ч үү, байлаа гэхэд сум нь бай­гаа ч уу, үгүй ч үү. Сум байлаа гэхэд оноо ч бил үү, үгүй ч бил үү гэдэг шиг л бөөрөнхий бөгөөд бүрхэг дээ. Буу сумтай жишсэн харьцуулал­тыг муу ёр, муухай талаас нь авсангүй. Бас нэг иймэрхүү харьцуу­лалтаар үзвэл  үлдэж байгаа долоон хуульч ч эргэлзээтэй. Миний нутгийн шувууд хүний нутгийн нуурыг зорилоо, хэд нь буцаж ирэхийг мэдэхгүй гэдэг шиг үлдэж буй долоон хуульч-гишүүд нэр дэвшлээ гэхэд хэд нь буцаж сонгогдохыг зөвхөн ард түмэн л мэднэ. Яг энэ өнцгөөс харж сонгодог, УИХ-ыг хууль тогтоох газар гэдэг жинхэнэ утгаар нь ойлгодог гэвэл Ц.Нямдоржийг дөрөв, Д.Лүндээ­жанцанг таван удаа сонгосон Увс, Өвөрхан­гайнхан, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр, Д.Одбаярыг хоёр удаа УИХ-д илгээсэн Хэнтий, Дорнодынхны сонголт арай илүү ухаалаг гэмээр. Эдгээр аймгууд болон мэргэжлийн найман хуульчийн тойргийнхон сонголтоороо Монголын парламентын нүүрийг тахалж, нэр хүндийг нь аварсан, бүрэн эрхийн хугацааны туршид гишүүддээ ачааны хүндийг үүрүүлснийх нь төлөө тэдэнд талархан мэхийе.

2012 оны сонгуулиар хуульчгүй хууль тогтоох засаглалаас мэргэж­лийн хуульчид голлосон мэргэшсэн парламент бүрдэнэ гэдэгт олон хүн найдаж горьдож буй. Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэх вий гэдэгт харамсахын учир  энэ билээ.

Нийтлэлч: Отгонбаяр

www.baabar.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top