Зургадугаар сарын 7. Зуны өглөөний нар мандаж зуслангийн иргэд энэ өдрийн ажилдаа яаравчилж, их хотын амьдралд хөл нийлэхээр Долоон буудал, Дамбадаржаагийн замаар уруудаж айсуй. Хуст уулын сүүдэр Чингэлтэй хайрханы ар сугаар бууж Зуун модны зуслангийн айлуудад шинэ өглөөний мэнд түгээлээ. Энэхэн газрын нэгээхэн хэсгийг эзэмшин аж төрж суугаа Ш.Пүрэвсүрэн ч өглөө эртлэн босч хашаа хороогоо эмхлэн цэгцэлж, тарьж ургуулж буй мод бутаа услан төвөөс ирэх биднийг хүлээж суужээ. Түүний гэр бүлийн хүн ач хүүгээ санаад нэгдүгээр хороололд байх гэртээ харихаар өглөө эртлэн гарсан байв.
Ш.Пүрэвсүрэн гуайг нам эвсэл, улс төр хөөдөг бас байгаль орчин судалж, хайрлаж хамгаалах сэтгэлтэй хүн бүр танина гэхэд хилсдэхгүй болов уу. Түүнийг танилууд нь Пүүжээ гэж авгайлна. Зуслангийн хашааныхаа зүүн урд буланд жижиг тоосгон байшин босгож төвхнөсөн эл гэр бүл одоогоос есөн жилийн тэртээ энэ газрыг сонгон бууриа засчээ. Чанх хойшоо хэдхэн алхаад алдарт Зуун модны рашаанд хүрч алжаал тайлах боломжтой. Чанх баруунаа Сэлбэ гол намуухан урсч хашааны зүүн захыг эмжин Хуст уул гүн ногоон өнгө татуулан дүнсийнэ. Байгалийн энэ хэсэг үзэмжид буурьшсан Ш.Пүрэвсүрэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул.
Тэртээ 1976 онд арван жилийн дунд сургуулийг дүүргэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд очсоноор амьдралын их нүүдэлд гарсан түүхтэй.
Тэрээр өнөөдөр ИЗНН-ын гишүүн, УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр Сонгинохайрхан дүүрэгт өөрийгөө "сойж" байгаа нэгэн. Урьд шөнө сонгуулийн сурталчилгааны ажлаа бэлдэж хоносон гэрийн эзэн "Та нарыг иртэл хэсэг дуг хийчихэж. Адуу манаж хоносон юм шиг л сайхан байна. Энэ өдөр ч овоо ээх нь шиг байна шүү" хэмээн яриа дэлгэсээр цай цүү болж хоол унд хийхээр гал тогоо хавиар эргэлдлээ.
Бид ч энэ хооронд яриа дэлгэж түүний хань ижил, хашиж буй албан тушаал гэх мэтээр амьдралынх нь түүх арвин туршлагаас нь шалгаав. Москва хотноо эхнэр Д.Батбулгаатайгаа танилцжээ. Тухайн үеийн нийгмийн шаардлага гэх үү төрийн бодлого гэж хэлэх үү. Монголоос хойно сурч байгаа залуусыг хот бүхэнд хоёр хоёроор нь хос болгон явуулдаг байжээ. Өөр хооронд нь танилцуулж гэр бүл болгох зорилготойгоор. Төрийн ийм бодлогын тусаар Ш.Пүрэвсүрэн гуай насны ханиа сонгож хоёр хүүхдийн аав болсон байна. Түүний хүү П.Эрдэнэбилэг АНУ-д компьютерийн програмчлал мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Харин энэ өдөр Өмнөговь аймгийг зорьсон байсан учир Эрдэнэбилэг болон бэр Ш.Халиунаатай нь танилцах боломж гарсангүй. Харин охин П.Энхтөгс нь Хавайд амьдарч ажиллаж байгаа. Гэр бүлийн танилцуулга гэвэл нэг ийм. Түүний ээж Ч.Маамуу нь Дамбадаржаагийн эцэст отгон дүүтэй нь хамт амьдардаг аж. Айлын есөн хүүгийн дээрээсээ хоёр дахь нь болох Пүүжээ энэ халуун бүлийн болохоосоо болохгүй бүхэнд нь хошуу дүрж явдаг хэмээн өөрийгөө жаахан зэмлэх өнгөтэй ярина. Гэхдээ л энэ хэдэн дүүгээ, төрүүлж өсгөсөн ээжийгээ байнга асарч тойглож байдаг бололтой.
Нар голлох үес "Хэдүүлээ ээжийнд очоод ирье. Агаар салхинд гаргахгүй бол настай хүний хөл гар нь хөшөөд хэцүү байдаг бололтой" хэмээн машинаа асаалаа. Ийн хөдөлж Ч.Маамуу гуайнд гэнэт зочлов. Ч.Маамуу гуай нас 70 гарч яваа гэхэд ёстой толиотой хөгшин байна. Хоёр ач нь гэрийн үүдээр дэггүйтэж бага охин нь цай, идээ дөхүүллээ. Ингээд биднийг танилцуулж, агаарт ээжийгээ гаргах гэж яваагаа дуулгасан Пүүжээ настай ээжийгээ хэсэг сандаргаад авав.
Замдаа чанах мах, цай сүлэх сүү авч байгаа юм. Нар баруунаа гудайж түрүүний авсан сүүгээр цай чанаж, мах үйлээ. Бид ч Зуун модны рашаан орж хэсэг саатах тухай төлөвлөгөө зохион байв. Гэтэл хашааны хаалгаар жийп машин орж ирсэн нь түүний ангийн анд Антарктид судлаач Л.Дүгэржав байлаа. Тэрээр ангийн анд Пүүжээгээ сонгуульд өрсөлдөх сургаар ийн ирж сэтгэлийн дэм үзүүлж яваа нь энэ. Л.Дүгэржав гэх энэ эрхэм Антарктид тивд гурван удаа очиж судалгаа хийжээ. Цаашид судалгааны бааз байгуулан ажиллах сонирхолтой. Гэвч зардал мөнгөнөөс эхлээд асуудал их байгааг ярьж байсан юм. Хамгийн сүүлд явсан зардлыг нь төр засгаас шийдэж өгнө гэсэн ч одоог болтол асуудлыг шийдээгүй л байгаа гэнэ. Уг нь хамтарсан Засгийн газар байхад хоёр удаа зардлыг даажээ. Харин Ардын намын засаг байгуулагдсанаас хойш түүнд дэмжлэг туслалцаа үзүүлэх нь ховордсон аж. Удахгүй дахин Антарктид орж төв цэгт нь очиж гурван секундэд дэлхийг тойрох боломжийг эдлэх гэж буй тухайгаа ч бидэнд сонин болгож ярилаа. Пүүжээгийн ангид нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхэлж буй олны танил болсон хүмүүс цөөнгүй бий. Тухайлахад УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуягтай нэг төгсөлт гэж байгаа юм.
Энэ мэтийг хөөрөлдөж суутал гаднаас дахин нэг эрэгтэй орж ирсэн нь "Гарьдманлай" эмнэлгийн эрхлэгч З.Цэгмид байв. З.Цэгмид сүүлийн долоон жилийн турш Пүүжээтэй нөхөрлөж буй нэгэн. Долоон жилийн өмнө хамар хашаанд айлсан буусан нь тэднийг танилцуулж улмаар гэр бүлийн найз нөхөд болгосон байна. Пүүжээ ч түүнийг орж ирсэнд нь ихэд талархлаа. Учир нь ээжийнхээ хөл гарын өвчнийг үзүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Тиймээс тэд Маамуу гуайн үе мөчний зургийг нь авахуулж, хэзээ очиж үзүүлэх тухай тохироод авав. Бидний яриа эндээсээ хальж улс төр рүү өнгөц оров. Н.Энхбаярын өлсгөлөнгийн тухай ярьж байгаа юм. З.Цэгмид эмч ярихдаа "Тэр улс төр, эр хүний зориг гаргаж өлсгөлөн зарлаад ялсан нь байж болох асуудал. Гэхдээ эрүүл мэндийн хувьд асар их зүйл алдсан" гэдгийг дурдаж байлаа. Гэхдээ л улс төр гэдэг нэг иймэрхүү л байх юм даа гэсэн дүгнэлтэд хүрснээр бидний яриа өндөрлөж Антарктид судлаач Л.Дүгэржав Увс аймгийг зорихоор хөдөлсөн бол З.Цэгмид эмч гэрийн зүг алхаж одлоо.
Бид ч зочдын ярианд хэсэг автаж Зуун модны рашаан хүрэх төлөвлөгөөгөө умартжээ. Тиймээс нар буухаас өмнө тэнд хүрэхээр яаравчилсан юм. Зам дагаад Зуун модны рашаан руу алхлаа. Хуст уулын баруун суганд ургасан хэсэг модыг "Зуун" хэмээн нэрийднэ. Энэ моддын орчим, гурван газраас Зуун модны рашаан эх аван урсдаг байжээ. Гэтэл өнөө жил рашааны хоёр эх хатаж ширгэн ус нь татарсан байна. Тэр бүү хэл энэ их цэвдэгтэй газар өвөл тошилсон мөс долдугаар сар гартал хайлалгүй хөлрөн урсдаг байсан нь мөн л үгүй болжээ. Энэ мэтийг харж үзсэнээр бидний яриа байгаль орчин руу чиглэлээ. Угийн байгаль орчны мэргэжилтэй Пүүжээ ах ч энэ тухай ярихдаа дуртай. Бидний ам нийлж хэсэг хөөрөлдлөө. Ер нь Зуун модны рашааны энд ажил албаараа, гэр бүл, найз нөхдөөрөө ирж архидах байдал газар авчээ. Хонож өнжин архидсан нөхдүүд хэсэг хог тарьж, архи, пивоны шилээр энэ моддын орчмыг дүүргээд буцдаг байна. Үүнийг нь өвгөнтийнхөн буюу шил лааз түүж амьдардаг хэсэг нөхөд мэддэг учир мөн л энэ хавьд шимэгчлэн амьдардаг болжээ. Бүр рашааны үлдсэн ганц эх дээр майхан барьж тэр хавийнхаа шил лаазыг түүж худалдаалдаг юм байх. Ингэхдээ бас болоогүй. Олсон мөнгөөрөө мөн л архи ууна. Ингээд л өглөө шартсан өвгөнтийнхөн голын эх рүү хөнгөн, хүнд бохироо гадагшлуулж байгаа харагддаг гэнэ. Энэ байдлыг нь ажиж мэдсэн Пүүжээ нэг өдөр тэднийг хөөхөөр гэрээсээ гарсан байна. Тэгэхэд эхнэр нь "Цаадуул чинь хүний үг сонсохгүй ээ. Чамайг хэллээ гээд тоохгүй. Уурандаа зодож цохиж ч мэднэ" хэмээн үглэсээр үлдсэн байна. Тиймээс мань нөхөр яаж уурлуулчихгүй эндээс явуулах вэ гэсэн төлөвлөгөө бодсоор хүрч очиж л дээ. Очиход залуус голдуу 5-6 хүн байж таарч. Тэгэхээр нь "Та нар голын эхэнд битгий бай. Бүгд л энэ голын эх рүү шээж харагдах юм. Нүүрэн дээр чинь яр, шарх гардаг юм" гээд хэлчихжээ. Ингээд хэсэг ажиглаж зогстол төд удалгүй муу майхнаа буулгаад Сэлбийн эргийг зорьж одсон хэмээн ярилаа.
Түүнээс гадна Зуун модны орчмын газрыг хэн нэгэн хүн хашаалж, худалдаалахаар зэхэж байгаа мэдээг ч эндээс олж сонслоо. Биднийг Зуун модны рашааны эх дээр очиход рашаан шанагадаж суусан нэгэн өвгөн энэ мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга Дэлгэрмаа гэх Увс гаралтай эмэгтэй төрийн хамгаалалтад авч байгаа нэрээр Зуун модны эх орчмыг хашаалжээ. Харин одоо төрийн мөнгөөр хийсэн энэ ажлаа бизнес болгон өөрчилж бусдад худалдаалж байгаа сурагтай. Эндээс бидний яриа улс төр, өнөөгийн нийгмийн зүгт эргэж, болохгүй бүтэхгүй зүйл энэ төрд их байгаа талаар ярилцацгаалаа.
Өнөөгийн төр засаг, байгаль экологийн талаар Ш.Пүрэвсүрэнтэй хэсэг хөөрөлдсөнөө хүргэе.
-2000 оноос эхлэн манай сонинд бичсэн аян замын тэмдэглэлүүдээр тань манай уншигчид андахгүй. Та ер нь нэлээд олон орноор явжээ дээ. Нийтлэлчийн хувьд олонд хүрсэн бүтээлүүд юу байна вэ?
-Би нийтдээ 20 гаруй ном 150 гаруй нийтлэл бичсэн хүн. Таван тивийн 50 гаруй орноор аялсан тухайгаа танай сонинд бичиж байсан даа. "Миний орчлон XX зуун" ном маань 2006 оны шилдэг номоор шалгарч бүх аймаг сумдын номын сангуудад үнэгүй тараагдсан шүү.
-Таны хувьд хашаандаа мод бут тарьж бас ИЗНН-д элсчээ. Хэзээнээс ямар шалтгаанаар улс төрд орох болов?
-Би 2008 оны сонгуулиар Дархан-Уул аймаг буюу 19 дүгээр тойргоос УИХ-д нэр дэвшсэн. Байгаль орчныг хамгаална гээд л төрийн бус байгууллага байгуулаад, баахан нийтлэл бичээд, энд тэнд хүмүүстэй уулзаж яваад ийм асуудлыг шийдэж болдоггүй юм байна. "Өдрийн сонин"-оор дамжуулаад байгаль орчин сүйтгэгдэж байна, гол мөрөн ширгээд дууслаа гээд л олон нийтлэл бичсэн дээ. Парламентын гишүүдийг хараад байхад экологич, байгаль орчны мэргэжилтэй хүн ер алга. Мэргэжлийн мэдлэг дутмаг байдлаас болж байгаль орчны завхарсан хуулиуд гарч байна. 2006 онд яалаа даа. Ашигт малтмалын хуулийг шинэчилж байгаа нь энэ гээд бүр дордуулсан. 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг гуравхан цагийн дотор хэлэлцээд баталсан. Үнэн хариуцлагагүй байна. Загас толгойноосоо өтдөг гэдэг шиг дээрээсээ өтчихлөө л дөө, энэ парламент. Тиймээс 2008 онд дотор нь орж байлдъя гэж үзээд өрсөлдсөн юм. Ногоон намд 2007 онд элссэн. Дараа нь Иргэний зориг намтай нэгдээд ИЗНН болсон. Одоо ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн.
-Сонгуулийн шинэ хууль жижиг намуудад хэр ээлтэй болсон бэ?
-Өнөө жилийн сонгууль ихээхэн онцлогтой. Сонгуулийн хуулийг өөрчиллөө. Өмнөхөө бодвол дэвшилтэй алхам гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийг луйвардах арга хумигдчихлаа. Гэхдээ сонгуулийн маргааш санал тоолох машин алдаатай тоолсон байна гэх мэт асуудал гарахыг үгүйсгэхгүй. Монголчууд бид долдугаар сарын 1-нээс ихээхэн сургамж авсан. Угтаа бол төр авлигад идэгдэх нь ардчилсан орны жишиг биш. Төр засаг нь иргэнээ сонсохоо больчихлоо. УИХ-ын гишүүд нь өөрсдийгөө хамгаалсан хууль баталлаа. Ийм зүйл байж болохгүй. Цаашилбал, УИХ-ын гишүүд газар, лицензийн наймааг далд хэлбэрээр хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байсан даа. Одоогийн УИХ-ын 76 гишүүний 40 нь лавтай газрын дам наймаачид гэж.
-Та ашигт малтмалын лиценз тойрсон асуудалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ сэдвээр олон ч нийтлэл бичсэн дээ?
-2004 онд Сэлэнгийн нутаг, Ерөөгийн эх, Хараагийн эх, гол усны бохирдол гээд их явсан. Тухайн үед нийгэмд лиценз гэсэн ойлголт байдаггүй байлаа. Гэтэл хөдөө орон нутгаар яваад иргэдтэй уулзахад тэр газрыг тэр авчихсан, энэ газрыг энэ авчихсан гэсэн зүйлийг ярьж эхэлсэн. Тухайн үед судалгаа хийх зорилготой Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас лиценз эзэмшигчдийн жагсаалт авъя гэсэн өгдөггүй. Тэгэхээр нь хүнд мөнгө төлж байгаад хулгайлуулаад үзсэн чинь юу вэ Монгол Улсын газар нутгийн 50 хувийг гадаадын иргэд лицензээр эзэмшчихсэн байсан. Дараа нь сонсогдохнээ Бээжин, Эрээнд Ар Монголын газар нутгийн лиценз зарах хөрөнгийн бирж буюу зуучлах газар нээчихсэн манай улсын газар нутгийг бусдад худалдаж байгаа дуулдсан. Тэгэхээр нь МҮОНРТ-ийн "Аяллын цаг" нэвтрүүлгийн сэтгүүлч Бадамсамбуутай нийлж "Алт бидний ирээдүй мөн үү" баримтат кино хийгээд үзэгчдийн хүртээл болгов. "Алт бидний ирээдүй мөн үү" кино гарсан даруйд нийгэм нэлээд цочирдсон шүү. Тэгсэн кино гарсны дараахан Бадамсамбуу над руу яриад "Пүүжээ ахаа Тагнуулын ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүмүүс ирээд киног хуулж аваад явлаа. Юу болоод байна аа. Та надад худлаа материал өгчихсөн юм уу. Хоёулаа дараа нь шоронд суух болж байгаа юм биш биз дээ" гээд ярьж байсан. Би бодохдоо за одоо л цочирдоод лиценз тойрсон асуудлыг цэгцлэх нь гэсэн чинь тэгээгүй. 1997 онд баталсан Ашигт малтмалын хуульд лицензийг бусдад шилжүүлж болно, банкны барьцаанд тавьж болно гэсэн хоёр муухай заалт байдаг юм. Хэн хэзээ хүний байрыг түрээсэлж суучихаад банкинд зээлийн барьцаанд тавьдаг. Эсвэл хэн нэгэнд худалддаг байсан юм бэ. Ийм зүйл байдаггүй биз дээ. Лиценз гэдэг нэр томъёо чинь газрыг зөвхөн тодорхой хугацаанд л эзэмших эрх. Түүнээс биш хэн нэгэнд худалддаг хувийн өмч биш. 2006 оны долдугаар сарын 8-нд монголчууд бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд онгирч явах хооронд эрх баригчид Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийг шинэчлэхдээ дээрх хоёр заалтыг хасах юм байна гэж ойлгож байсан боловч хэвээр үлдээсэн юм. Лицензээр эзэмшүүлэх газар нутгийг 25-450 мянган га хүртэл олгож болно гэж хуульд заасан байгаа. Нэг хүний халаасанд 450 мянган га газрын хэмжээтэй арав гаруй лиценз явж байвал яах вэ. Хэн нэгний захиалгаар хийгдсэн хууль нь эндээс харагдаж байгаа биз дээ. Харин 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гарч ирж лиценз дахин олгож болохгүй гэсэн зарлиг гаргасан. Гэсэн хэдий ч зарлиг гарсны дараа 192 лиценз олгосон нь тогтоогдлоо. Миний гол санаа зовинож явдаг зүйл бол энэ лиценз. Үр хүүхэд маань нэг газар очоод буусан чинь нэг нөхөр "Наанаасаа нүү. Наад газрыг чинь би лицензээр авчихсан. 100 жил эзэмших эрхтэй" гээд зогсож байвал яах юм бэ. Хэрвээ ард түмэн надад итгээд гаргадаг юм бол би нэн түрүүнд урт нэртэй хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд зорьж ажиллана. Ашигт малтмалын хуулийг өөрчилж лицензийг бусдад худалдах, банкны барьцаанд тавьж болно гэсэн заалтуудыг үгүй хийнэ.
-Сонгуульд нэлээдгүй зардал гарах нь ойлгомжтой. Үүнийгээ яаж шийдэв?
-Энэ л миний хувьд хамгийн хүнд асуудал болоод байна. Томоохон хандивлагчид хандвал болно доо. Тэгэхээр нөгөө нөхрийнхөө барьцаанд орчихоод гар хурууных нь үзүүрт хөдөлдөг утсан хүүхэлдэй болчихно. Нөгөө тендер луйварддаг нөхдийн араас хүссэн хүсээгүй орно. Тиймээс найз нөхөд, өөрийгөө дэмждэг нөхдөдөө танай сониноор дамжуулан хандъя. Миний хандивын данс Голомт банк-1605021509 шүү. Дэмжиж туслаарай хүмүүс ээ. Мөн надтай 94948037 дугаарын утсаар харилцаж болохоос гадна purevsurensh@mail.mn хаягаар хандаж болно.
-Тантай адил УИХ-ын суудлыг мөрөөдсөн олон зуун хүн өнөөдөр мөнгийг ёстой баруун солгойгүй цацаж байна даа. Тэд бүгдээрээ л шударга ёсыг тогтооно гэж ярьцгаадаг?
-Энэ асуудлыг хөндөж эдийн засагч Д.Жаргалсайхан өчигдөр УИХ-д нэр дэвшигчдэд хандан 10 асуулт тавьсан байна лээ. Би хариуг нь бичсэн. Гол нь энэ олон өрсөлдөгчид төрийн өндөрлөгт гарах юм бол тэрбумтан болно гэсэн ойлголтоосоо салах цаг болсон болов уу. Би угаасаа төрөлхийн шуналгүй хүн. Шуналтай хүн шударга байна гэж байдаггүй юм.
-Тэгвэл нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүргийнхээ тухай ямар бодол тээж явна даа?
-Сонгинохайрхан нийслэлийн хамгийн том дүүрэг. Улсын хэмжээнд хамгийн олон хүн амтай дүүрэг. 280 мянган хүн гэдэг чинь гурав, дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Гэр хороолол ихтэй. Баруун аймгуудаас шилжин ирж буй айлууд олноор суурьшдаг. Гэтэл гэрэл цахилгаан, цэцэрлэг, сургуулигүй газрууд олон бий. Сонгинохайрхан дүүрэгт шийдвэрлэх асуудлууд олон байна. Манай энэ дүүрэгт төрийн хямрал нүүрлэсэн гэж хэлж болно. Засаг дарга, ИТХ нь хоорондоо таардаггүй. Хэд хэдэн удаа бие биенээ цагдаа шүүхэд өгсөн. Ийм хэмжээнд төрийн алба явж болохгүй. Төсвийн маш их хэмжээний мөнгө гарын салаагаар урсч байна. Би Сонгинохайрхан дүүрэгт амьдраад 30 жил болж байна. Нэг зүйлийг баттай хэлж чадна. Тохижилтод төсөвлөсөн мөнгө хэзээ ч ногоон байгууламжид зарцуулагдаж байгаагүй. Зүлэг ногоо болж байхыг үзээгүй. Зөвхөн цементээр хучсан зам талбай болоод л хувирчихдаг. Энэ жил дүүрэг бүрт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Тэр мөнгө урьдын адил цементэн талбай болох байх. Мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт их. Нийгэм ингэж хүнээ хаямааргүй л байгаа юм.
-Ногоон үзэлтэй хүмүүсийг бурхан шүтдэг гэдэг үнэн үү?
-Би чинь "Шашин бол оюун санааг хордуулагч хар тамхи" гэдэг Марксын сургаалаар хар багаасаа хүмүүжсэн хүн шүү дээ. Орост оюутан байхдаа Научный атеизм гэдэг хичээл үздэг байлаа. Нэг сонин түүх ярья. 1994 онд би Энэтхэгийн Хайдарабад хотод Олон улсын хөдөөгийн хөгжлийн хүрээлэнд 14 орноос ирсэн нөхөдтэй мэргэжил дээшлүүлэх курст хоёр сар болсон юм. Тэнд хинди, лал, христ, будда гээд бүх л шашин шүтдэг хүмүүс ирсэн. Надаас ямар шашин шүтдэг талаар асуухад нь би "Ямар ч шашин шүтдэггүй" гэсэн чинь бүгд ам нь ангайгаад гайхаад байсан. Тэгснээ нэг нөхөр "Нээрээ чамд шүтэж дээдэлдэг, айж ичиж явдаг зүйл үнэхээр байхгүй гэж үү. Ямар аймаар хүн бэ, та" гэхэд нь би жаахан ичиж билээ. Одоо бол өөр. Нөгөө алдарт эрдэмтэн Эйнштейн нас залуудаа шашныг үгүйсгэдэг байгаад хожим нь харьцангуйн онолоо нээсний дараахан нэгэн сэтгүүлчид "Би тэр бурхан байдаг гэдгийг чинь заримдаа мэдрээд байдаг юм. Гэхдээ одоо баталж чадахгүй шүү" гэсэн гэдэг шиг амьтай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэдэг эртний сургаалыг үргэлж санаж явах ёстой болов уу гэж боддог. Бурхан байдаг гэдэгтэй би маргахгүй. Гэхдээ хүний гараар хийсэн ямар нэг дүрс зурганд биш бидний зүрх сэтгэлд оршдог юм болов уу гэж боддог. Энэ орон зайг заримдаа чөтгөр ч эзэгнэдэг болов уу. Тиймгүй бол хүмүүс бие биенээ алж талж дайсагнах мунхаглал хаанаас төрөх билээ, тийм биз дээ.
Ийн Ш.Пүрэвсүрэнгийнд, Зуун модны зуслангийн аманд нэг өдрийг үдлээ. Харуй бүрий бууж хашаанд "Hunter" компанийн усалгааны систем исгэрэн зүлэг норгоно. Ам халж, цаг ажралгүй өнгөрөөсөн Пүүжээ ах Үндэсний телевизээр шууд цацагдах намуудын халз мэтгэлцээнээс хоцрох дөхжээ. Ээжийгээ, дараа нь биднийг хүргэж өгөөд Үндэсний телевизийн зүг яаран одсон Ш.Пүрэвсүрэн ахынхаа цаашдын цагаан замыг нь дардан байхыг хүслээ. Ногоон хувьсгал, ногоон эдийн засаг гээд ногоон орчин яригдах болсон энэ үед ийм нэгэн үзэлтэй хүн төрд суувал бас ч үгүй нэгийг бүтээж болох.
Л.МӨНХТӨР, А.БИЛГҮҮН
Сэтгэгдэл ( 0 )