УИХ-ын сонгуулийн 22-р тойрог, Баянзүрх, Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандантай ярилцлаа.
-Таны сонгуулийн уриа Монголоо өмөөрнө, Монголчуудаа өмгөөлнө гэсэн байсан. Хэнээс өмгөөлөх гээд байгаа юм бэ?
-Өнөөдөр Монгол орон маань өмөөрөх төргүй, Монголын иргэд маань өмгөөлөх хүнгүй болжээ. Эрх мэдэлтнүүд иргэдийнхээ газрыг нь булааж, эх орныхоо баялгийг гадныханд үнэгүй шахам худалдаж байхад эх орон газар шороо, эгэл ард олныг маань өмөөрөх хүн алга. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эх орноо эзэнтэй, эгэл ард олноо өмгөөлөх зорилготойгоор сонгуульд оролцож байна. Би хуульч хүн. Хаана ч явсан эх орноо өмөөрнө, хаана ч явсан эгэл монголчуудаа өмгөөлнө.
-Чухам яаж өмөөрч, өмгөөлөх вэ?
-Монголоо өмөөрч, Монголчуудаа өмгөөлнө гэдэг бол олон нийтийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах явдалтай шууд холбоотой. Энэ нь хууль шүүхийн болон нийгмийн шинэчлэлд асар их үүрэг гүйцэтгэдэг. Иймээс ч олон нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэц зэрэгтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжинэ гэж манай намын мөрийн хөтөлбөрт орсон юм.
-Саяхан гадны компаниуд Монголын байгалийн баялгаар босгосон хувьцааг хоорондоо наймаалцсан хэрэг гарсан. Үүнийг та хэрхэн харж байв?
-Энэ бол лицензийг худалдаж болохгүй ч компаниа зарахыг хориглоогүй манай хуулийн цоорхойг тун овжин ашигласан луйврын нэг хэлбэр юм. Энэ удаагийн үйлдлээр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бусдын улан дор гишгэгдэж байна. Энэ хуулийн цоорхойг арилгахын тулд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ. Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ” гэсэн заалтуудыг оруулсан байгаа.
-1990 оны нийгмийн өөрчлөлттэй холбогдон олон мянган иргэдийн ажилласан жил тасарсан байдаг, энэ асуудлыг шийдвэрлэх талаар АН ямар бодлого хэрэгжүүлэхээр тусгасан юм бэ?
-Маш олон сонгогчид энэ асуудлыг тавьж байна. Үүнийг Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж нэг мөр шийдэх бүрэн боломжтой. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ талаар “1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсаныг ажилласнаар нөхөн тооцох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн маш тодорхой заалт орсон байгаа.
-Иргэдийн газар хувьчлалын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах далбаан дор иргэдийн хашааны газрыг булааж таарахгүй ээ. Дуудлага худалдаанд оруулж, аж ахуйн нэгж оролцогчид үнэ хаялцаж, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар үнэ тохиролцох нь зах зээлийн жам. Эсвэл дор хаяж 3-4 өрөө байраар солих, газраа барьцаалан орон сууц худалдан авах, хувийн хаус барих урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагддаг болбол эдийн засгийн эргэлтэд жинхэнэ утгаараа орно. Хэрэв газрыг барьцаалж болохгүй юм бол үнэгүй гэсэн үг. Баянзүрх дүүргийн ихэнх иргэд гэр хороололд амьдарч байна. Орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 1.5 сая төгрөгт хүрч байхад нэг ам.метр газрыг дөнгөж 100 мянгаар үнэлэх эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Энэ ч утгаараа АН-ын мөрийн хөтөлбөрт “Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийдэж, өмчилсөн газраа барьцаалан санхүүгийн эх үүсвэртэй болох бодит боломжийг бүрдүүлнэ” гэж оруулсан юм.
-Та АТГ-ын ОНЗ-ийн гишүүн. Тиймээс АТГ хуулийн дагуу шударга ажиллаж байгаа эсэхэд ямар дүгнэлт хийх вэ?
-Сүүлийн үед АТГ-ын үйл ажиллагаа идэвхжиж, бодитой ажлуудыг хийж байгааг хүн болгон харж байгаа. Авлигатай тэмцэх газар өмнө нь “жараахай” барьдаг байсан бол одоо “тул” барьдаг болжээ. Цаашид ч олон “тул” барина гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар авлига өгсөн, авсан, зуучилсан аль аль талд нь эрүүгийн хариуцлага ногдуулдаг. Энэ нь авлигын хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг талтай. Тэгвэл АН-ын мөрийн хөтөлбөрт Авлига, хээл хахууль өгсөн талыг авлигын хэргээс чөлөөлөх асуудлыг хуульчлахаар тусгасан. Ингэснээр Монгол оронд авлигачдад амар тайван амьдрах орон зай улам л бага болно гэсэн үг.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд олон улсын нэр хүндтэй байгууллагаас тогтмол гаргадаг авлигын түвшний индексээр манай улс 2011 онд дэлхийн 178 улсаас 120-д орсон байна. Үүнийг бүр онцгой анхаарч, хар хүрэн өнгөөр тэмдэглэдэг юм. Би эх орноо хамгийн бага авлигатай дэлхийн 10 улсын нэг болоосой гэж хүсдэг.
-Таны эцэг, эх аль нутгийн хүмүүс вэ?
-Миний аав, ээж Сүхбаатар аймгийн хүмүүс. Би аймгийн төв Баруун-Урт хотод төрсөн. Бид есүүлээ, би дээрээ долоон ах, нэг эгчтэй өнөр өтгөн айлын отгон хүүхэд дээ.
Миний аав Ц.Жалбасүрэн 1964 онд Сүхбаатар аймгийн прокуророор томилогдож, шударга үнэний дэнс болсон энэ албыг тасралтгүй 20 жил хашсан. Нутаг усныхандаа "Энэрэнгүй Жалбаа прокурор" гэж хүндлэгдсэн, шулуун шударга хүн байсан юм.
Ээж Д.Дуламрагчаа маань аймгийн ахуй үйлчилгээний газарт туслах ажилтан, оёдолчин хийж байлаа. Төлөвлөгөөт эдийн засгийн үед норм төлөвлөгөөгөө биелүүлэх, дээр нь олон тэрсхэн банди нарыг өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амар алба биш. Бусдын л адил үр хүүхдийнхээ төлөө сэтгэл оюун, сайн сайхан бүхнээ зориулсан, Монголын эгэл эх хүн дээ.
-Та гэргийтэйгээ гадаадад сурч байхдаа танилцсан гэл үү?
-Тийм ээ. Гэр бүлийн маань хүнийг Ч.Дэлгэрмаа гэдэг. Бид Унгар улсад оюутан ахуй цагтаа танилцаж, гэр бүл болсон. Манайх хоёр охин, нэг хүүтэй, ам бүл тавуулаа. Том охин маань дунд сургуулийн есдүгээр ангид сурдаг, хүү маань цэцэрлэгт, бага охин маань яслид хүмүүжиж байна. Гэргий маань эмч мэргэжилтэй, гэрт гадаагүй л хүний эрүүл энх, сайн сайхны төлөө зүтгэж яваа, жирийн монгол бүсгүй бий.
-Та хаана боловсрол эзэмшсэн юм бэ?
-Би 1982-1992 онд Баруун-Урт хотын I дүгээр 10 жилийн сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Аравдугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орж тэнцээд аавынхаа хуульчийн мэргэжлийг өвлөж эзэмшихээр МУИС-ийн Хууль зvйн дээд сургуулийн оюутан боллоо. Нэгдүгээр дамжаагаа төгсөх үед гадаадын их, дээд сургуульд суралцах боломж гарсан юм. Шалгалтаа амжилттай өгч, Унгар улсад хуульчийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцсан. 1993-1999 онд тус улсын Мишкольц хотын Их сургуульд суралцан, хууль зүйн ухааны магистр, улс төрийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж байлаа. Сургуулиас маань докторантураар үргэлжлүүлэн сурах урилга өгсөн учраас дахин дөрвөн жил суралцаж, 2003 онд хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан.
-Өндөр хөгжилтэй улсад сурч байгаад ирэхэд эх орон тань ямар санагдаж байв?
-Европт 10 гаруй жил суралцаж, 2004 онд Монголдоо ажиллахаар ирсан. Тэр үед эх оронд маань авлига газар авч, иргэдийн эрх, эрх чөлөө боомилогдон, баялгийн шударга хуваарилалт алдагдаж, баян хоосны ялгаа илт гарч, сонгуулийн үр дүн будлиантан, улс төрийн намуудын хуйвалдаан даамжирч байлаа. Би энэ бүгдийг зүгээр хараад сууж чадаагүй. Тэр үед хууль ёстой л нөгөө гууль гэгч болсон байсан даа. Европын хөгжил, ардчиллыг манайхтай харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй санагдсан. Иймээс нийгмийн эдгээр гажуудлыг засах зорилгоор "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ийг 2004 онд байгуулсан юм. Ажлын гараа маань авлигын эсрэг, иргэд, олон түмний төлөөх шударга ёсны тэмцлээр эхэлсэн гэж хэлж болно.
-Тэгвэл таны эхлүүлсэн “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” үндсэн зорилгоо биелүүлж чадсан уу?
-Эрүүл Нийгэм иргэний хөдөлгөөн анх байгуулагдахдаа үндсэн гурван зорилгыг өмнөө тавьсан. Үүнд, авлигын эсрэг тэмцлийг эхлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос иргэдэд алтан хувьцаа олгох, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох зэрэг багтаж байгаа юм. Өнөөдөр эргээд харахад Авлигатай тэмцэх газар байгуулагдлаа, "Авлигын эсрэг" болон "Сонирхлын зөрчлийн тухай" хуулиуд батлагдан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь гэмт хэрэгт тооцогдож, Эрүүгийн хуульд тусгай заалт болон орлоо. Түүнчлэн хүмүүсийн ухамсарт авлигын эсрэг нийгмийн сэтгэл зүй тодорхой хэмжээнд бүрдсэн байна.
Анх бидний тавьж байсан ашигт малтмалаас ард түмэнд алтан хувьцаа эзэмшүүлэх зорилго маань явсаар Оюутолгой, Таван толгой зэрэг стратегийн ордоос иргэдэд хувьцаа олгох үйл явц тодорхой хэмжээгээр эхэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Иргэний танхим, Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулагдаад, ажиллаж байна. Сум бүрт уул, ус, газар шорооныхоо бүрэн бүтэн байдалд санаа зовсон иргэний хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулж, төрөлх нутаг, байгаль орчноо хамгаалж байна.
Энэ бүхнээс үзэхэд "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ий үндсэн зорилго тодорхой түвшинд биеллээ олсон гэж дүгнэж болно.
-УИХ-ын 2008 оны сонгууль будлиантай болсон гэдэг. Өнөө жилийн сонгуулийг ч шударга болно гэдэгт эргэлзэх хүмүүс бий?
-УИХ-ын 2008 оны сонгууль будлиантай болсон нь нэгэнт бүх шатны шүүхээр тогтоогдсон. Харин энэ жилийн сонгууль шударга болоосой гэж хүсч байна. Сонгууль шударга болох ёстой. Шинэ сонгуулийн хуульд хариуцлагын тогтолцоог нэлээд чамбай оруулж өгсөн. Тухайлбал, сонгуулийг будлиантуулсан этгээдүүдэд төрийн албанаас нь зайлуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар хуульчилж өгсөн. Энэ нь олон жил сонгуулийг будлиантуулж зөвхөн хувийнхаа амьдрал ахуйгаа дээшлүүлж ирсэн бүлэг этгээдийн сүлжээг задлахад чухал ач холбогдолтой зүйл болсон гэж үзэж байна.
Монгол Улсад байгалийн баялгийн шударга хуваарилалт, хууль шүүхийн тэгш байдал хангагдахгүй байна. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгийн өрмийг хүртэж байхад, эгэл иргэдэд хусам нь хүрэлцэхгүй байна. Хууль тогтоомж эрх мэдэлтнүүдэд ээлтэй хэрнээ, энгийн иргэдэд халтай байх жишээтэй. Энэ бүхэн нь манайд шударга ёс сураггүй болсныг харуулж байна. Шударга ёс хаана байна тэнд хөгжил дэвшил ирдэг, эрх мэдэлтнүүд бус эгэл түмэн хождог гэдэгт би итгэдэг. Иймд иргэд маань сураггүй болсон шударга ёсыг авчрахын төлөө сонголтоо хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Сэтгэгдэл ( 0 )