“Өргүй Монгол”-ын төлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм. Санаа нь амьдралаас ургасан хэрэг.

Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан нь тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ. Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа олон арван мянган хүмүүс өрийн дарамтанд өнөө маргаашаа залгуулж явна.

Өрөнд орсон дарамтаасаа гарч чадахгүйгээ мэдээд амиа хорломоор, гэвч өр тавихгүйгээр үр хүүхдүүдээ тэжээж чадахгүй байна гэж ярих эмэгтэйн ярианаас “Зээл хүний амьдралд тустай зүйл үү, эсвэл хортой зүйл үү” гэсэн асуултыг өөрийн эрхгүй бодох хэрэгтэй болж байна. Барин тавин батлахад хэцүү ч бас нөхцөл байдлыг ойлгуулах хэдэн тоо баримт хэлж болох юм.

Монголын нийт мал сүргийн 10-аас доошгүй сая толгой мал зээлийн барьцаанд байна. Малчин өрхөөр нь тооцвол ил далд, элдэв өрөнд ороогүй малчин өрх байгаа юм уу гэсэн асуулт гарна. Зээлийн барьцаанд байгаа мал маллах нь, тэр тусмаа өрнөөс салах ирээдүй харагдахгүй байгаа нөхцөлд малчны амьдрал хамжлагын хөдөлмөрөөс илүү байж чадах уу даа.

Малаа зараад хот газар бараадья гэх сэтгэлгээний цаана эдийн засгийн ямар хүндрэл нуугдаж байгааг таахад бэрх биш мэт байх юм. Малаасаа салсан Монгол монгол байж чадах болов уу. Монголыг монгол гэж хэлүүлэх соёл зан, заншил, хүний хүмүүжлийн өвөрмөц орчин болсон малчны амьдралыг бусниулснаараа бид хожих уу, алдах уу.

Малаа зээлийн барьцаанаас гаргаж сэтгэл амар амьдрахын хүслэн МАНАН-ийн 2,5 сая төгрөгийн амлалтанд саналаа өгөх үндэс байсан бизээ. Уул шугамандаа 2,5 сая төгрөг биш, өргүй амьдрах хүслэн нь амлалтанд саналаа өгөөд үзэхээс өөр аргагүй байдалд оруулсан байхаа.

Цалингийн зээл 400 гаруй тэрбум төгрөг илүү болжээ. Цалингийн зээлд 150 мянган иргэн хамрагдаж дунджаар 400-500 мянган төгрөгнийхөө зээлд сарын 2,0-4,0 хувийн хүү төлж байна. Сарын 2-4 хувь шүү. Монголын эдийн засаг сард 2,0-4,0 хувиар өсч байгаа гэж үү дээ.

Үгүй шүү дээ. Монгол төр эдийн засаг хэдэн хувиар өснө түүнээс илүүгээр цалинг өсгөж чадахгүй. Ингээд бодохоор цалинг өсгөх арга хэмжээ эцсийн дүндээ хүмүүст биш зээл олгогч эздэд үйлчилж байна гэсэн үг. Тэтгэврийн зээл 100 тэрбум төгрөг хол давсан байна. Тэтгэврийн зээлд 165 мянган хөгшид хамрагдаж дунджаар 100-300 мянган төгрөгнийхээ зээлд сарын 1,3-2,2 хувийн хүү төлж байна. Бас л сарын 1,3-2,2 хувь шүү. Жилд оруулж тооцвол дунджаар жилийн 20 хувь гэсэн үг.

Монголын эдийн засаг жилд 20 хувь өсөөгүй гэдэг нь ойлгомжтой. Монголын эдийн засгийн өсөлтийг банкууд “залгиж” байна. Эдийн засгийн өсөлт иргэн хүнд биш хөрөнгө мөнгөтэй хүмүүст наалдаж байдгийн учир энд байгаа биш үү.

Мөнгөтэй нь улам баяжиж мөнгөгүй нь улам ядуурахын эх үүсвэр энд байгаа нь харагдаж байна. Та телевизийн дэлгэцнээ хөргөгч, угаалгын машин элдэв электрон барааг зээлээр авах боломжийн тухай тасралтгүй зар сурталчилгаа харж байгаа.

Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Авсан зээлдээ сарын 4 хувийн хүү дунджаар төлж байна. Өнөөдөр Монголд 400 банк бус санхүүгийн байгууллага байна. Ченж, ломбард бүгд энэ гоё сайхан нэрийн ард бий.

Аливаа шинэ юмыг шинэ л нэр томьёогоор тодорхойлохоос нааш үнэн нүүр царай нь танигддаггүй. Мартагдсан хуучин юмыг шинэ хэмээн гэж бас ярьдаг.

Манай банк, санхүүгийн тогтолцоо “мөнгө хүүлэгчдийн тогтолцоо” болжээ. Мөнгө хүүлдэг бүхэл бүтэн тогтолцоо байгаа цагт монгол хүний амьдралыг өөд татах гэсэн төр, засгийн аливаа оролдлого эцсийн дүндээ үр дүнгүй гэдгийг ойлгох цаг болжээ. Хэдхэн жилийн өмнө Орос оронд төлөх ёстой байсан Их өрөөс  мултарсны баярыг тэмдэглэж байсансан.

Өнөөдөр Монголын гадаад өр 4 тэрбум ам.доллараас хэтрээд явж байна. Үүний 50 хувь нь манай хувийн хэвшлийнхний авсан зээл эзэлж байна. Сүүлийн 4 жилд манай гадаад өр 2 дахин нэмэгдлээ. Эрчимтэй өссөн өр зээл нь амьдрал дээрдэж байгаа мэт “хуурамч сэтгэгдэл” төрүүлдэг. Гудамжинд машины тоо багтахаа байтал нэмэгдээд, элдэв барааг зээлээр аваарай гэх реклам сурталчилгаанд умбаад, дэлгүүр зах дээр элдэв шинэ бараа гараад л, мөнгөтэй л бол бүх юм байна гэдэг сэтгэгдэл бол хөгжиж байна гэсэн үзүүлэлт огтхон ч биш. Ил байсан хүндрэл далд байдалд шилжиж өрийн дарамт, сэтгэлийн шарх болж байгааг ухаарах хэрэгтэй байна. Хураангуйлбал ийм шархыг Монголын насанд хүрсэн хүн амын 80 хувь авч байгаа.

Чухам ийм л байгаа учир “Өргүй Монгол” хөтөлбөрийн тухай анхны санаа гарсан. Гэвч хөтөлбөр гэхээсээ эдийн засагт шинээр хандах концепци гэмээр. Яагаад гэхээр хэрэгждэггүй олон хөтөлбөртэй түүнийг адилтгах хэрэггүй. Яагаад гэхээр өргүй байх асуудал банк, санхүү, зээлийн тогтолцоог шинээр зохион байгуулахтай холбоотой асуудал юм.

Өнөөдөр Монголд 14 арилжааны банк байна. Үндсэндээ бүгд гадаад эзэнтэй болжээ. ХААН банк гадаад эзэнтэй. ГОЛОМТ банк гадаад эзэнтэй. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК гадаад эзэнтэй. ХАС банк гадаад эзэнтэй. Ил далдаар бүгд гадаад эзэнтэй.

Монголын эдийн засгийг УИХ, Засгийн газар, Монголбанк зэрэг төрийн хариуцлагатай байгууллагууд удирдаж байгаа гэж Та бодож байгаа. Үгүй дээ. Манай арилжааны банкуудын гадаад эзэд монголын эдийн засгийг удирдаж байна.

Дээрх банкуудын төлөөлөгчид УИХ-д, Засгийн газарт, Сангийн яаманд аль эсвэл зөвлөхүүдийн албан тушаалд багширахын учир нь ердөө л бид эдийн засгаа удирдах үүрэг ролио гадныханд алдчихаад байгаагийн жишээ болж байгаа юм.

Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь инфляци өндөр байгаагаас болж байна гэх үлгэрийг гадныхан зохиодог. Манайхан тоть шиг давтдаг. Үнэндээ зээлийн өндөр хүү инфляцийг хөөрөгдөөд байгаа гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Өөрийн толгойгоор биш хүний толгойгоор сэтгэдэг хүмүүсийг өндөр боловсролтой гэж хэлмээргүй байна.

Хүүгүй зээл олгодог зээл, санхүүгийн тогтолцоо олон оронд байгаа. Хүүгүй зээл олгох давуу тал нь банкуудад хүний эд хөрөнгийг барьцаалж мөнгө хүүлэх ажлыг хийлгэхгүй байх, харин банкуудыг жинхэнэ бодит эдийн засагт хэрэгжүүлэх бизнес төслийн ашиг хуваагч болгодгоороо чухал юм.

Мөнгө хүүлэх бол хамгийн том нүгэл хэмээн Библи, Коран, Буддын сударт заасан байдаг юм. Юуг мөнгө хүүлэх гэж хэлэх вэ гэдэг асуудал байгаа.

Японы Төвбанкны бодлогын хүү жилд 0.15 хувь байсныг их байна хэмээн үзээд тэглэх жишээтэй. АНУ бодлогын хүүгээ жилд 6.5 хувь байгааг их байна хэмээн үзээд 0.25 болгосон байна.

Зээлийн хүү хямралын үндэс гэдгийг олон орон хардаг болчихож. Манай эрх баригчид үүнийг олж хардаггүй. Тархийг нь гаднынхан угаачихсан юм. Мөнгө хүүлэх арга замаар монголчуудын бүтээж байгаа баялаг гадагш урсаад байгаад хэргийн учир байна.

Манай банкуудын чадавхийн судалгааг ихэвчлэн гадныхан хийдэг. Монголын арилжааны банкууд гадаад эзэдтэй болж байгаа нь том ололт шүү гэдгийг бичсэн байна лээ. Хэл ам үүсгэх чадвартай монгол мэргэжилтэн байхгүй болж. Тийм судалгааг шагайж харах улс төрч ч байхгүй болж.

Энэ зуур монголчууд өр зээлээ төлөх гэж чардайсаар…. Арилжааны банкууд гадаад эздийнхээ мөнгөний хүүг мөн төлөх гэж гүрийсээр ….. Жижиг зээл авсан хүмүүс л ихэнхдээ зээлээ төлөх гэж чармайдаг. Том зээл авсан нь банкийг эргүүлж хахуульдаад луу унждаг.

Өөрөөр хэлбэл томчуудын зээлийг ард түмэн төлж байна гэсэн үг. Шударга явдал мөн үү. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг нь ард түмний соёл. Өртэй хүн баян гэдэг нь олигархийн соёл. Жижиг зээлдэгчид, олигархиуд хоёрыг үүгээр нь хольж хутгах хэрэггүй.

Бүхэлдээ улс орон, хувийн хэвшлийнхний хамтаар өрөнд унаж эдийн засгийн тусгаар тогтнол алсарсаар бид колони орон болон хувирч байна. Ингээд бодохоор “Өргүй Монгол” гэдэг бол том концепци асуудал болж байна. Асуудлыг МАХН, МҮАН өдөөж тавилаа.

Монголчуудын хамтын оюун ухаанаар “Өргүй Монгол” бодлого гарч хэрэгжих учиртай байна.

Энэ аймшигтай сүлжээг таслан зогсоох асуудлаар МАН, АН, МАХН, МҮАН, бусад бүх улс төрийн намууд ухаан бодлоо дайчлах шаардлагатай болжээ.

Шийдэл монголчуудын хүсэл зоригоос хамаарна. Дээр хөндөж ярьж байгаа асуудлыг уул нь ойлгож цөхөөд байх зүйлгүй. Ухаан дутаад байгаа биш ёс суртахуун дутаад байгаа гэдгийг энд хэлмээр байна. Ялангуяа энэ үгийг ард түмнээсээ тасарсан олигархи бүлэглэлд хаяглаж байна. Ухаарах нэгэн байхад ухаарахгүй нь олон байгааг өөрчилье.

 

Мэндсайханы ЭНХСАЙХАН. 2011 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top