Манайхны авилгын талаарх төсөөлөл тун ядмаг бөгөөд хэт гэнэн. Авилгадагч нь том гэгч дипломат цүнхэнд, эсвэл “лаг том” шуудайд дүүрэн “ногоон” чихэж үүрчихээд авилгачийн гэрт юмуу албан өрөөнд орж ирнэ. Зарим нь бүр заавал баригдах гэж байгаа юм шиг “гэрч” буюу зуучлагчтайгаа орж ирдгийм ш дээ. Тэгээд ширээн доогуур нь түүнийгээ сэмхэн гулгуулна. Авилгач тэрийг нь тосч аваад “түй” гэж байгаад л мөнгөө “нэг нэгээр нь” тоолоод л, сейфэндээ өрж хийгээд л…Ёстой атаархаж үхмээр…”Яааааг”, энэ үед нь л “бариад авах” ёстой байхгүй юу. “Яааая”, энийг л “баримтжуулаад” авсан бол ёстой “янзтай”, даанч манайхан ингэж чадахгүй л дээ гэж олонхи монгол иргэн үнэн сэтгэлээсээ харамсах. “Манайхан” гэдэг нь АТГ юмуу даа, би сайн “ойлгодоггүй” юм.. .
“Гадаад” судалгаа
Манайхан авилгалыг лавтайяа 20 шахам жил судалж байна. Сүүлдээ авилгын судалгаа өөрөө авилга болчихож байгаа юм чинь. Би ч эхлээд гадаад арга зүйгээр судлах “моодонд” орж, тэдний “онол”-д хэт үнэмшиж явсан үе байсаан. Сүүлдээ энэ “хэт стандарт” судалгаанаас залхах болж, өөрийнхөө “монгол арга”-аар судлах нь хавьгүй илүү гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон юм.
Тэгсэн чинь би гэдэг хүн “хоцрогдсон”, судалгааны “шинэ арга зүй мэдэхгүй”, “зөрүүд”, “гаж сэтгэдэг” зэрэг олон хоч зүүчихдэг байна ш дээ. Тэр ч байтугай “гадаадынхныг огт тоодоггүй” гэсэн ялд хүртэл унасан гээд л бодчих.
Манай монгол, миний ард түмний нийгмийн харилцаа, менталитет, сэтгэл зүйг огт ойлгохгүй байгаа хүмүүсийг би яагаад “тоох” ёстой, тэр тусмаа яагаад тэдний үгэнд заавал орох ёстой гэж ?!
Монголд авилгын талаар хэдэн төсөл хэрэгжүүлж, хэдэн компюьтер “шатааж”, хэчнээн валют “идэж”, түүгээр хэдэн хүн “амьдарч” байгааг би нэг муу юм гадарлаад байдаг юм аа.
Байж байгаад л нэг “мундаг” судалгаа хийгээд л, “авилгын индекс” төд өд байна гэж зарлах. Их л сайндаа хамгийн “их авилгатай” нь багш, эмч, цагдаа гээд л тоочино биз. Дараагийн судалгаагаар цагдаа, эмч, багш гээд дараалал нь солигддог ухаантай. Тэрүүгээр чинь ямар үхснээ хийхийм ?!
Тэгээд ч тэр “индекс миндекс” гэдгийг нь мэдэх хүн тун цөөхөн, түүнийг нь анхаараад сүйд болох хүн бараг байхгүй дээ, манайд.
Ухаандаа хувалзыг өсгөх гэж биш, харин устгах гэж л судалдаг гэж би ойлгодог. Аль эсвэл биш юм уу ?! Ингэж “балайртлаа” судалж байх хооронд чинь одоо наад хувалзууд чинь биднийг бараг “идээд” дууслаа л даа…
Ингээд би өөрийнхөө монгол арга зүйг Уншигч Та бүхэнд ойлгуулах гэж үүнийг бичиж байгаа царай нь энэ.
Дасан дассаар…
Эрт урьдын цагт нэг нөхөр том дарга болж гэнэ ээ. Тэгээд нэг их удалгүй эхнэр нь байрныхаа мөнгийг төлөх гэж банкныхаа салбарт очжээ. Тэгсэн чинь хэн нэгэн “сайн санаат хүн” байрных нь мөнгийг тэдний өмнөөс төлчихсөн байх юм гэнэ. Кассны хүн мэдээж “Танайх мөнгөө төлчихөж өө” л гэж таарна. Ихэд гайхсан эхнэр гэртээ ирж нөхөртөө хэлжээ. Их ажилтай байсан нөхөр нь нэг их анзаарсангүй “хачин юм аа” гээд л өнгөрч. Ахиад очтол нөгөө “сайн санаат” бас л өмнөөс нь төлчихсөн байж. Эхлээд эвгүйрхэж байсан эхнэр хэн нэг “найз маань” тус болж байгаа юм байлгүй гээд л өнгөрч. Ийнхүү жил гаруй болоход энэ нь заавал байх “ёстой” юм шиг санагдах болж. Ингээд хэдэн жил болмогц “сайн санаат”-д бүр дасч орхино биз дээ. Нэг удаа “сайн санаат” мөнгөө төлөлгүй “санамсаргүй” хоцроочихож гэнэ. Тэгсэн чинь уур нь хүрдэг болчихож гэнэ ээ, нөгөө эхнэрийн…
Энэ мэтчилэн өөр зөндөө “олон юм” өөрөө “төлөгдөөд” сүүлдээ энэ нь хэвийн үзэгдэл болжээ. Одоо бол өөрөө төлөгдөхгүй юмыг тэд нар гэр бүлээрээ үзэн ядах болтлоо “дасчээ”. Энд ямар ч авилга огт байхгүй л байгаа биз дээ…
Өөрөө өсдөг хөрөнгө
Мань дарга болон түүний эхнэр насан өндөр аав, ээж хоёртой юмсанжээ. Байр майрны мөнгө “өөрөө төлөгдөхөд” дасчихсан байсан үе байх л даа. Нэг удаа рашаан сувиллын хувьчлал болох үеэр насан өндөр аав, ээжийнх нэр дээр “бэв бэлэн”, “ёстой жинхнээсээ” хувьцаа “гэв гэнэт” ороод ирж гэнэ ээ. Хөгшид хөрөнгөтэй болж байхад юу нь болохгүй гэж ?! Ямар мань хоёр авилга авсан биш, хүмүүс зүгээр л хөгшдөд “тусалж” байхад чинь…
Хэрэв эцэг эхээ жинхнээсээ хайрлаж байгаа хүн бол насан өндөр хөгшиддөө нэг сайн байр, жип авч өгөөд, бүр нэмээд жолооч, сувилагч, тогооч нар авч цалинжуулаад “За аав ээж хоёр минь Та хоёрынхоо ачаар бид өдий зэрэгтэй боллоо. Одоо нэг жаргаж үз. Гадаад дотоод дуртай газраа яв, юу хүссэн юмаа үз, хийж бай” гэж хэлж болох л байсан байх…
Харин тэд “дасчихсан” болохоороо огт ингэж бодохоо больчихож гэнэ ээ. Ахиад бүр ч олон хувьчлал болж байгаа, иймээс “зүгээр хувьцаа” заавал “орж ирэх” ёстой гэдэгт үнэмштлээ “дасчихсан” хэрэг л дээ…
Тэр ч бүү хэл хөгшчүүд нь хүртэл яам маам, элдэв хангайн төслийн зөвлөх болж гэнэт л өөрөө албан тушаалд “дэвшээд” байх болжээ. Энд чинь ямар авилга байгаа юм ?! Хөгшин хүн албан тушаалд орж, дэвшиж яагаад болохгүй гэж ?!
Улмаар мань хоёрын ах дүү, амраг садангууд нэг л мэдэхэд энд тэндгүй “өөрөө өсдөг” хөрөнгөтэй болоод ирж гэнэ. Ингэхлээр чинь мань хоёрын “өөрийн” хөрөнгө шууд л геометр прогрессоор өсөх нь мэдээжийн хэрэг. Ямар албан тушаалаа өсгөнө гэсэн “зовлон” байгаа биш.
Сүүлдээ шинэ пүүс компани байгуулагдмагц шууд л “тавин хувийн хувьцаа” өөрөө ороод ирдэг “жам”-тай болсон юм байх. Иймэрхүү байдлаар олон жил яваад ирэхлээр “өөрөө өсдөг хөрөнгө” нь Монгол Улсын ДНБ-ний нэлээд хувийг (?!) эзлэх болтлоо зузаардаг юм шиг байгаа юм. Энийг бодож олох гэж нэг их “онол монол” болоод давхиад байх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л монгол аргаар амархаан бодчихож болдог эд л дээ. Даанч “хувийн өмч тоолсон” хэргээр шоронд орчих гээд л байдаг болохоос биш. Энд ямар ч авилга байхгүй байгаа биз дээ…
Энэ бүхний хариуд нэг их “том юм” огт нэхэхгүй л дээ, тэр “сайн санаат” хүмүүс. Ердөө л нэг муу тендер, гаалиар хэн ч гаргаад өгчих нэг муу “ногоон гэрэл”-ийн гарын үсэг, тогтоол могтоолхон, татварын хөнгөлөлт, өршөөл мэтийн “жижиг сажиг” хууль, бас нэг жижигхэн агентлаг, ганц хоёрын зэрэг лиценз, алга дарам газар, гадаад дотоод томилгоо байхад л болоо. Тэгээд энэ мэтийн хүмүүс нэлээд олон болоод холбогдоод байнгын үйл ажиллагаа явуулаад аятайхан болмогц л “авилгын сүлжээ”, “аалзны тор мор” гээд сүржигнээд байдаг юм, энэ ”муусайн юмнууд”…Энэ одоо юу нь болохгүй байгаам ?! “Хүн хүнээсээ юм гуйж болохгүй” гэж лав л Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй дэг…
Ингээд “Авилгатай Тэмцэх Газар”-аасаа эхлээд гадаадынхтай “яг ижилхэн”, “ёстой ориг”, “сонгодог” авилга хайгаад ёстой “махаа цайтал” ажиллаад байхад чинь. Ийм “гадаад” аргаар судлаад байвал хэдэн сар жилээр ч үргэлжлүүлэн “судалж” болно. Ингэлээ гээд монголоос ганц ширхэг ч “олигтой” авилга олохгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлнэ…
Энэ удаад Уншигчид маань “анхдагч” ойлголттой болсон гэж санаж байна. Уг нь ч цаашаагаа бол үүнийг судлах маш олон “монгол арга” байдгийм л даа. Гэхдээ “хүн үнэмшихгүй” нь даанч нэг сайхан даа…
Нээрээ ч “тэнэг” царайлчихаад, “ядуугаа мэдэхгүй”, “атаархаж үхчих” гээд, “албатай юм” шиг, “хүний муу үзэх” гэж дурлаад, хувийнхаа “өш хонзонг” авах гэж, огт “байхгүй юм”-ыг заавал “байлгах” гээд л “шизо”-той монгол судлаач зүтгээд байхаар ингэх нь ч аргагүй биз…
Монголд авилга огт байхгүй ээ, байхгүй…Харин би “хоцрогдсон” ч гэсэн монгол аргаараа судлаад Энхбаяризмыг “огт өөрөөр” гарцаагүй нотлох л болно доо ?! Энэ нь “шинэ” Ерөнхий сайдад тун ч их хамаарах хэрэг шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )