Ойрын үед энэ өдрийн талаар худал үнэн нь мэдэгдэхгүй зүйлс цуурцгаан, өтгөс буурлуудын сэтгэл санаа хямраад байгаа гэлцэнэ. Хэн нэгний ярьсан юманд итгэн ингэж олноороо сэтгэл тавгүйтнэ гэдэг хүмүүсийн оюун санаа, ухамсрын хэмжээ ямархуу доод түвшинд байгааг илтгэж буй хэрэг.
Нар гарахгүй тас харанхуйлан, эрс хүйтэрч, монгол гэрт гал түлээд сууж байгаа нь л амьд гарах ухааны инээдтэй зүйлс яригдаж байна. Үүнд итгэсэн зарим нэг нь гэр худалдаж аваад, баахан лаа шүдэнз бэлдэж байна ч гэх шиг, үнэхээр шог...
Аливаа цуурхлын ард ямар нэгэн бизнесийн зальт зорилго нуугдаж байдаг талтай. Хэн нэгэн этгээд гэрийн бизнес хийх гэж иймэрхүү цуурхал дэгдээж буйг үгүйсгэх аргагүй. Монголчуудын мухар сүсэг бишрэл, гэнэн итгэмтгий занг овжин ашиглан, хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож байж болох, ялангуяа тэтгэврийн хөгшчүүдийн.
Майячууд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс бус ертөнцийн төгсгөл ирнэ гэж зөгнөөгүй. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшиг эрс ихэсдэг зүй тогтолтой юм байна. Энэ бүх гаж үзэгдэл 2020 он гэхэд төгсгөл болж цэнхэр гаригт сая нэг амар амгалан ноёлно гэж майячууд зөгнөжээ. Тэгэхээр энэ 12 сарын 21-нд дэлхий сөнөнө хэмээх цуурхал худал болж таарах нь. Иймээс бид айгаад, түгшээд байх зүйлгүй, амар амгалан байж болно гэсэн үг. Муугаар бодлоо гэхэд өмнөхөөс илүү хүйтэрч, нар хиртэхээс арай удаан харанхуйлна биз, өөр юу л болов гэж. Орон сууцанд байдаг нь цонх, балконоо сайн дулаалаад, гэрт амьдардаг хэсэг нь түлээ, нүүрсээ сайн базаагаад авчихвал тэгээд л гүйцээ.
Олон жилийн өмнө, 1967 онд Икар гаригтай мөргөлдөж дэлхий сөнөнө хэмээн манайхан хэд хоног уймарсан гэлцдэг юм. Гэтэл одоо хэдэн он билээ, мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүс ийм өчүүхэн дорой сэтгэлгээтэй байж болмооргүй.
Гадаадад амьдарч буй монголчуудын үгээр бол, манайхаас өөр оронд энэ талаар сүйд болоод сенсаацлаад байгаа юм алга байна гэсэн. Манайхан л харин бөөн айж түгшсэн хүмүүс гадна дотноос үр хүүхдээ дуудаад сандаргаад байгаа бололтой. Хөгшчүүдийн онцлог гэж бас байнаа, хийж сатаарах зүйл багатай, хүүхдийн хүүхдээ хараад, тв үзэж, элдэв болсон болоогүй хов жив сонсож суудаг болохоор захын хүний үгэнд итгэн дорхноо хямраад эхэлдэг. Гэтэл гадаадын тэтгэврийнхний амьдралын хэв маяг тэс өөр, тэд эдлэн газартаа хөдөлмөр эрхлэн, эсвэл янз бүрийн орон улсаар аялж зугаалан, тулга тойрсон хов жив, худал үнэн цуурхлыг огт тоохгүй байх жишээтэй.
Эцэст нь хэлэхэд, энэхүү өдрийн талаар бүгдээрээ эелдэг сайхан, эерэг бодолтой байцгаая! Зөвхөн өнөөдрөөрөө аз жаргалтай сайхан амьдарцгаая! Ингээд нэгэн өөдрөг сэтгэлтэй охины энэ өдрийн талаархи сэтгэгдлийг толилуулахыг хүслээ.
“2012 оны 12 сарын 21-нд миний төрсөн өдөр болно. Би 18 нас хүрнэ. Тэр өдөр зөөлөн бударсан цастай, өвлийн илч муутай нар ээсэн өдөр байгаасай гэж би хүсэж байна. Энэ жил 12 сарын 21 баасан гаригт таарч байгаа болохоор найзуудтайгаа Хандгайт ч юмуу Тэрэлж явж амарна гэж төлөвлөж байгаа. Миний найз залуу 18 насны минь төрсөн өдрийг архи дарсгүй, тамхигүй орчинд эрүүл агаарт, хөгжилтэй, дурсамжтай сайхан зохион байгуулж тэмдэглэж өгнө гэж амласан. Би 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг миний болон манай найзуудын хамгийн дурсамжтай сайхан өдөр болно гэж хүлээж байгаа.” гэжээ.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )