Баянхонгор аймгийн Баянхонгор суманд арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дөнгөж төрсөн нярай хүүхдийг халуун усаар түлсэн хэрэг гарсан билээ. Хэдийгээр энэ хэрэг 30-ны өдөр гарсан боловч өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр нийтэд ил тод болсон. Тодруулбал хүүхдийн биеийн 50-55 хувь нь буюу нуруу, хоёр гуя, шилбэ, тавхай гээд бөгсөн бие нь бүхэлдээ түлэгдсэн буюу түлэгдэлтийн гуравдугаар зэрэгтэй байсан гэнэ. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс: Гэмтлийн эмнэлэгт нэгдүгээр сарын 1-нд Баянхонгор аймгаас дөрвөн хоногтой нярайн биеийн байдал маш хүнд ирсэн. Тухайн үед хүүхэд түлэгдэлтийн хордлого, шоконд орсон байдалтай байсан. Тиймээс Гэмтлийн эрчимт эмчилгээний тасагт халдварын хордлого тайлах, дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих, боолт хийх эмчилгээг хийсэн. Эмчилгээг хийхийн хажуугаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нараас байнга утсаар зөвлөгөө авч байсан. Харин өчигдөр эмч нарын хамтарсан зөвлөх үзлэгийн дүнд хүүхдийг ЭХЭМҮТ-ийн нярайн эрчимт эмчилгээний төвд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан. Хоёр эмнэлгийн эмч нар эмчилгээ, боолтыг хамтран хийхээр тохиролцсон.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч н.Чимгээ: Гэмтлийн эмнэлгээс ирсэн дуудлагын дагуу өчигдөр 16:00 цагийн үед очиж үзэхэд хүүхдийн биеийн байдал маш муу байсан. Хүүхэд тайвшруулах тариатай боолт хийлгэсэн учир үзлэгийг мэдрэхгүй байдалтай, бие нь нэлээд хавганасан байсан ч амьсгал зүрхний үйл ажиллагаа хэвийн тогтвортой байсан. Хүүхдийн шинжилгээ гараагүй байсан ч цаашдаа нярайн тасагт эмчлэгдэх шаардлагатай байсан.
Хүүхдийн эмчлэгч эмч н.Энхтуяа: Өнөөдөр Ё.Нэргүй гэх зургаан хоногтой хүүхэд шилжин ирсэн. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч гэсэн орчинтойгоо харьцаатай, хөхөө хөхөж байгаа. Хүүхдийн түлэгдэлтийн талбай том байгаа учир халдварын эрсдэл маш их байна. Шингэн алдалт, цусанд халдвар орох, бөөрний үйл ажиллагаа алдагдах, цусархаг хам шинжүүд илрэх магадлалтай. Эхний авсан шинжилгээгээр хүүхдийн цусанд үрэвслийн өөрчлөлттэй гарсан. Тиймээс халдвараас сэргийлэх эмчилгээг хийж эхэлсэн. Мөн шилбэний жижиг судаснуудаас цус шүүрсэн байдалтай байгаа. Хүүхдийн эмчилгээнд шаардлагатай эм тариа хангалттай байгаа.
-Хүүхдийн усанд оруулах стандарт ямар байх ёстой байдаг вэ?
Хүүхдийн эмчлэгч эмч н.Энхтуяа: Манай улсад хүүхдийг тэр дундаа нярай хүүхдийг усанд оруулах стандарт нь батлагдсан байдаг. Нярай хүүхдийг гадаад орчинд дасан зохицуулах, халдвараас сэргийлэхийн тулд заавал усанд оруулдаг. Ингэхдаа 36-37 градусын хэмтэй усанд оруулах ёстой гэж стандартад заасан байдаг. Хүүхдийг угаахаасаа өмнө дулаан хэмжигч багаж болон сувилагч тохойгоо усанд дүрж шалгадаг. Харамсалтай нь тухайн сувилагч ингээгүйн улмаас хүүхдийн бөгсөн бие тэр чигтээ түлэгдсэн байдалтай байгаа.
-Тухайн үед эмч нар нь согтуу байсан уу? яагаад хүүхдийг халуун усанд хийсэн юм бэ?
Хүүхдийн эмчлэгч эмч н.Энхтуяа: Удахгүй Баянхонгор аймгаас тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл ирнэ. Үүний дараагаар ёс зүйн хороо хуралдана. Бидэнд одоогоор бүрэн мэдээлэл ирээгүй учир согтуу байсан гэж хэлж чадахгүй. Тиймээс амаар мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд албан ёсоор ирсэн тайлангаас харж байж эргээд мэдээлэнэ.
-Хэн гэдэг сувилагч байсан вэ? Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
ЭМ-ийн сайд Н.Удвал: Хариуцлага алдсан сувилагчийг н.Цэрэнлхам гэдэг. Тухайн сумын Засаг дарга эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг шууд хариуцан ажиллах ёстой. Би энэ талаар өчигдөр л мэдэж эмнэлэгийг эмч нар болон гэр бүлийнхэнтэй нь байнга холбоотой байгаа. Аймгийн засаг даргаас ирсэн тайлангаас хамааран бид ямар арга хэмжээ авахаа гаргах ёстой. Гэхдээ тухайн үед бүхий л шаардлагатай тоног, төхөөрөмж байхад ийм хэрэг гарсан учир эрүүгийн хэрэг үүсэж, эмчлэх эрхийг нь түтгэлзүүлэх арга хэмжээ ч авч болно.
-Эмэгтэй хүүхдийн бөгсөн бие нь түлэгдсэн байна. Цаашид энэ түлэгдэлт нь хүүхдийн биеийн байдал болон өсөлт бойжилтонд хэрхэн нөлөөлөх вэ?
ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс: Түлэнхийн эрт үеийн болон хожуу үеийн гэсэн хоёр хүндрэл байдаг. Бидний өмнө нь хэлсэн хүндрэлүүд нь эрт үеийн хүндрэлүүд. Харин хожуу үеийн буюу цус алдах, дотор эрхтнүүдэд нөлөөлөх магадлал үүсэхийг бид үгүйсгэхгүй. Гүн түлэгдэлттэй учир цаашид сорвижиж эдгэрэх байдалтай байгаа. Сорвижиж эдгэрсэний улмаас үе мөчний хүндрэлүүд үүсэж магадгүй. Гэхдээ энэ талаар хэлэхэд эрт байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )