Эмэгтэй гишүүд Цагаан сарыг Ургийн баяр болгохыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

Монголчуудын уламжлалт баярын  нэг болох цагаан сар 2-р сарын 10-ны өдөр болно. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус  бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ удаагийн мэдээллээрээ  цагаан сарыг ургын баяр болгохыг урилав. Үүнийгээ тэд дараах байдлаар тайлбарласан юм. “Айл бүр сар шинийн идээ шүүс, архи дарс, бэлэг сэлт зэрэгт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Өнөөдөр Монгол улсад 730,000 гаруй өрх байдаг бөгөөд өрх бүр Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ 500,000- 2,000,000  төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ нь Монголчууд  нэг их наяд төгрөгийн зардлыг Цагаан сард зарцуулдаг гэсэн үг. Иймээс уламжлалт баярын утгыг алдагдуулахгүй, ахмадуудынхаа амрыг эрэн золгож, хүн болгонд гарын бэлэг тараах биш ураг саднаараа цуглан ургийн бичгээ солилцдог, идээ ундааныхаа хувь хишгийг хүртээдэг байх нь зүйтэй.  Мөн нүүр тулан уулзах нь улам бүр багасч байгаа даяарчлалын эрин үед энэ сайхан баяраа ах дүү, хотол олноороо уулзаж, дуу хуур эгшиглүүлэн, алаг мэлхий өрөн цэнгэлтэй сайхан Ургийн баяр болгох уриалга гаргаж байна” гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top