Мянганы сорилтын сангаас Улаанбаатарыг утаагүй болгох зорилгоор “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж, утааг 80% бууруулдаг эрчим хүчний хэмнэлттэй зуухыг бүтээлээ хэмээн сүр дуулиан болгон 2011 оны хавар ерөнхий сайд асан Сү.Батболд анхны галыг нь асаан эхлүүлж байсан билээ.
Мөн жил бүр улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг агаарын чанар сайжруулахад зарцуулж байгаа хэдий ч нийслэл хотын утаа үнэхээр багасжээ гэсэн мэдрэмж бидэнд огт төрөхгүй байна.
Ялангуяа хүн ам хамгийн ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн хувьд утааны асуудал бараг л гамшгийн хэмжээнд хүрэхээр байна гэхэд хилсдэхгүй. Үүний нэг тод жишээ нь, СХД-ийн ЗДТГ-ын урд оршдог “Орчлон” хороолол юм.
Энэхүү орчин үеийн орон сууцны хорооллын ойр орчмын утаа гэж оройн цагаар замбараагүй ихсэн, харагдах орчин харьцангуй бүдгэрдгээс бараг л хүн, машин мөргөлдөх нь холгүй юм болж байна. “Орчлон” хороолол гэсэн нэр нь одоо бүр “Утаан хороолол” хэмээн алдаршаад байгаа бололтой.
Тус хорооллын оршин байгаа газрын онцлог, салхины чиглэлээс хамааран тэр хавийн Баянхошуу, Толгойт, Бага наран, Их нарангийн айлуудын утаа ойр орчмыг нь бүрхдэг бололтой. Энэ байдлаас харахад, утаагүй зуух төсөл төдийлөн үр өгөөжтэй хэрэгжиж буй нь мэдрэгдэхгүй байна.
Гэр хорооллын утаа багасах нь бүү хэл, бүр орон сууцны хороололдоо иймэрхүү гамшгийн байдалтай нөлөөлж байгаа нь тэнд амьдрагсдыг үнэхээр их бухимдуулж, хаалга, цонх, тагт нь бүгд хаалттай хэрнээ гэр доторх зүйлс тортогт дарагдаад байгаа нь ямархуу их утаатай байгааг бодитоор гэрчилж байна.
Утаагүй зууханд түлдэг түлш нь олдоц муутай байгаа гэсэн сураг сонсогдож байсан. Энд бас л манайхны аливаа зүйлийг цогцоор нь шийдвэрлэж чаддаггүй байдал харагдаж байна, “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг.
Үүл баатрын яриад байгаачлан, гэр хорооллыг барилгажуулан, инженерийн шугам сүлжээнд холбож байж л энэ утааны гамшгаас салах бололтой. Тэрнээс биш зуух, гэрийн дулаалга тараагаад төдийлөн үр дүнд хүрээгүй нь нийтэд илт байна.
Хүмүүс өвлийн хүйтэнд дулаацахын тулд л гал түлж гэр орноо халаадаг. Тэгвэл энэ халаалтын асуудлыг л ямар нэг дэвшилтэт эх үүсвэрээр шийдээд өгчихвөл утаагүй болчихоор. Маш хямд цахилгаанаар ч юм уу... гээд мөрөөдөх зүйл их байна даа, энэ утаанаас салахын тулд.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )