Улс орон, арьс өнгө, ёс заншил, шашин шүтлэг, хөрөнгө чинээ үл ялгаварлан “ Дэлхийн хүмүүсийн нэгдмэл нөхөрлөлийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын “We love you“ ТББ-ын Монгол дахь салбарын дарга Ким Юүл Сан болон хөдөлгөөний төлөөллийг БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга хүлээн авч уулзлаа. Дэд Сайд Б.Тулга тэдэнд байгаль орчныг хамгаалах, гол усны бохирдлыг бууруулах, хүний эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа, хийж бүтээсэн ажлыг нь үнэлж БОНХ-ийн Сайд С.Оюун “ Хүндэт өргөмжлөл” гардуулах болсныг дуулгасан юм. “We love you“ хөдөлгөөн 1995 онд Солонгост байгуулагдсан сайн санааны нийгэмлэг бөгөөд Монголд 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Одоогоор нийслэлийн Баянзүрх, Баянгол,Хан-Уул дүүрэгт 2500 гаруй гишүүд дэмжигчидтэй ажиллаж байгаа. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн улс орон даяар “Clean World” хөдөлгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул энэ ажилд БОНХЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Тус хөдөлгөөн 2009 оноос эхлэн жил бүр “ Эхийн хайрыг бүх дэлхийд” уриан дор Туул, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг багасгах зорилго бүхий их цэвэрлэгээний аян, “ Хүн бүрт эхийн сэтгэлээр хайраа түгээе” цусны донорын хөдөлгөөнийг тогтмол өрнүүлж иржээ. Жил ирэх бүр тус хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд монголын “Альфа Энержи” ХХК тус хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )