40 мянган ламыг 1937 он өөрөө буудсан

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Багшийг нь алуурчин гэж цоллоод шавийнх нь хөшөөнд цэцэг өргөн бөхөлзөх Монгол төрийн удирдлагуудыг ээ... Арай Сүхбаатарыг Лениний гарын шавь гэдгийг мэдэхгүй баймгүй л юм...

Хэрвээ... гэдэг үг түүхэнд байдаггүй гэсэн үг бий. Тиймээс монголчууд бид хэрвээ коммунизмийг дагаагүй бол, хэрвээ бид лам нараа хэлмэгдүүлээгүй бол, хэрвээ бид социализмыг цэцэглэн хөгжүүлээгүй бол гэж бодох аргагүй. Хэрвээ социализмыг үзэн ядаагүй бол ч гэхгүй...

“Сур сур, бас дахин сур” хэмээн айлдаж коммунист орнуудад “их багш” хэмээн хүндлэгдсэн В.И..Ленин хүн төрөлхтний тэн хагасыг 100 жил араасаа дагуулжээ. Түүний дотор нэгэн цагт хөгшин европыг сэрээж явсан “Тэнгэрийн элч” Монголчууд ч орж явсан. Их монгол улсын түүхэн шастирт “коминузм, социализм”-ыг мандуулж явсан 70 жил хүссэн ч эс хүссэн ч бичигдэнэ. Үүнийг ямар ч ардчилал, капитализм өөр юу ч үгүйсгэж чадахгүй. Коммунизмаас өөр хоёр зам байсан. Нэгд: Гоминдантой нийлээд Бээжин хот руу элч довтолгох. Хоёрт: Баатар цагаан хааны оргодол, үлдэгдэл, орон гэргүй тэнэмэлүүдтэй нийлэх. Бээжин хот руу элч довтолгосон бол Өвөрмонгол шиг болох байсан нь хөдөлшгүй үнэн. Харин цагаантантай нийлсэн бол хүйс тэмтрүүлэх байсан биз.

XIII зуунд жинхэнэ утгаараа сэргэн мандсан Монгол үндэстэн хөгшин европыг сэрээж явсан нь хөдөлшгүй үнэн. Хожим нь коммунизмын замаар тууштай замнаж, хөгжин мандсан нь бас л үнэн. Учир нь Монголчууд 1921 оны ардын хувьсгалыг бахархан тэмдэглэдэг. 1924 онд баталсан анхдугаар үндсэн хууль, 1965 онд НҮБ-д элссэнээ гайхамшиг хэмээн үзсээр ирсэн, одоо ч тийм байна. Энэ бүхэн бол бүгд Лениний заасан зам юм. Коммунизмыг монголд залж ирсэн, социализмыг хөхиүлэн сайшаасан Д.Сүхбаатарын хөшөөнд манай төрийн өндөрлөгүүд баяр бүхнээр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг.

1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнөөс улбаатай тэмцэл үргэлжилж байх тэр цагт Монголчууд олон салаа замын уулзвар дээрээс “Улаан орос”-уудын туулж буй коммунизм хэмээх замыг сонгон давхисан. Ямартаа ч тэр зам Монголыг 2013 оны босгон дээр эсэн мэнд авч ирсэн байна. Монгол улс тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, 1,5 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хүнээр бол эрүүл саруул идэр залуу хэвээрээ байна.

1921 онд биднээс өөр замаар явсан Өвөр монгол, Шинжан Уйгар, эсвэл Халимаг, Тува нар өнөөдөр ямар байна вэ. Бид өөр замаар явсан бол хаа хүрэх байснаа харж болох толь бол тэд юм.

“ЗХУ-ын эрх баригчид үзэл суртлынхаа нөлөөнөөс болж үндэстэн, угсаа нэгтэй 20 сая гаруй хүнийг цааш харуулсан” гэж иш татдаг. Үнэн хэрэгтээ бол ядуусын Их хувьсгалын үргэжлэл шүү дээ. 1917 онд Орос улсын  амин зүрх Санкт-Петрбург  хотыг  хөвөөлөн урсдаг Нева мөрөн дээр нэрхийсэн буудлага болж  үгээгүй ядуус хүрз, жоо­туугаар зэвсэглэн их хааны­хаа өмнөөс эрслэн босчээ. Ингэж “Агуу их Октъябрийн социалист хувьсгал” эхэлсэн түүхтэй. “Ажилчин ангид гинжнээс өөр алдах зүйл байхгүй” гэсэн К.Марксийн үзлээр олон мянган дарлагдсан ард эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэний ялалт энэ. Октъябрийн хувьсгалын үргэжлэл нь манай “Ардын хувьсгал” билээ.

Энэ хувьсгал хийгээд В.Ленин Монголд авралын бурхан болсон он цагийг мартах эрх бидэнд байхгүй. Октъябрийн хувьсгалчид хоёр түмэн цэрэг, 300  гаруй сэхээтэн, эмч нараа Монгол руу илгээснээр “муу өвчин”-д ээрэгдэж, Хятадын гамин цэргийн хөл дор сүйрэх шахаж байсан Монгол орныг чөлөөлснийг өнөөдөр огт санахгүй байгаа нь инээдэмтэй хэрнээ эмгэнэлтэй хэрэг.  

Мэдээж хэрэг албан тушаал, эд хөрөнгөө алдаж байгаа хүмүүсийн тэмцлийг яриа хэлэлцээрээр шийднэ гэдэг худлаа. “Гучин хэдэн онд Монгол улс 42 мянган хүнийг гарал үүсэл, шашин шүтсэнийх нь төлөө буудан хороосон” хэмээн үздэг. Энэ бол нийгмийн үзэл санааг бүхэлд нь өөрчлөх “Их” хувьсгал байсан. Үнэхээр халагламаар, харуусан гашуудмаар түүх боловч, тэдний буруу гэж хэлэх боломжгүй. “Ардын хувьсгал” шүү дээ. Энэ бол хэдэн мянган жил болсон сэтгэл санааны үзэл суртлыг өөрчлөх тэмцэл. Хэзээ ч ардын хүүхэд улс орныг удирдаж байгаагүй. Энэ үзэгдэл 1917 онд орост, 21 онд монголд болсон түүхэн эргэлт. Эрх мэдлээ хамгаалж тэмцсэн тухайн үеийн Хаант засаг, Эд хөрөнгөө хамгаалж тэмцсэн тэр үеийн баячуудын ч буруу биш. Энэ бол тэр цаг үеийн л давалгаа. 1937-1939 онд Чойбалсан гэдэг хүн 40 мянган лам буудчихсан гэж үздэг нь л буруу. 37 он нь өөрөө буудсан юм шүү. Тэнд Чойбалсан байна уу өөр Дорж, Даш байна уу үл хамаарах үйл явдал.

Хэрэв бид шашин шүтлэгтэй тэр замаар явсан бол Түвд шиг байх байсан. Юу нь ардчилсан хувьсгал, юу нь үсрэнгүй хөгжил... Гэтэл Лениний хөшөөг буулгасан өдрийг баярын өдөр болгож бөх барилдуулах дээр тулж байгаа бололтой. Байж болно л доо. Гэхдээ түүний замаар явсан, буцах аргагүйгээ яаж тайлбарлах вэ гэдэг нь л сонин. Хэрэв бид буруу замаар явсан гэж байгаа бол 1921 оны хувьсгал, 1924 оны Анхдугаар үндсэн хууль, 1964 онд НҮБ-д элссэн нь бүгд л буруу болно. Энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрч чадах уу? Социализмд нэгдэж Монгол улсаа тусгаар улс болгосон Данзан, Бодоо тэргүүтнүүдийн үйл хэргийг алдаа байж ээ гэхүү. Хамгийн сонирхолтой нь багшийнх нь хөшөөг буулгаж, “алуурчин” хэмээн цоллочихоод шавийнх нь хөшөөнд цэцэг өргөж бөхөлзөөд байгаа нь хачин. Сүхбаатар бол Лениний шавь шүү дээ.

Дэлхийн түүхэнд ямар ч хувьсгал хүний амь, эд хөрөнгө сүйтгэхгүйгээр хийгдэж байгаагүй. Амжилт хэдий хэр их байна төдий хэмээний хүний аминд хүрч байсан.

Социализмд олон болохгүй зүйл байсан нь үнэн. Гэвч өдийг хүртэл Монгол улс социализмын үзэл баримтлалаар хөгжиж ирсэн. Барууны боловсрол эзэмшсэн гээд 500 хувьсагчтай тоо яриад байгаа Баярцогт хүртэл бүгд соц боловсролтой хүмүүс. Барууны боловсрол манай бүтээн байгуулалтанд  дөнгөж л нэвтэрч эхэлж байна. Гэхдээ суурь нь соц. Монгол улс ардчилал зах зээлийн капиталист замаар хөгжиж байгаа ч гэсэн бүх зүйл нь хуучин соц ухаарал дээр тулгуурлаж байгаа болохоор ганцхан алхаад л коммунизм руу орох улс бол Монгол.

Дэлхийн үзэл хандлага дахиад ямар нийгмийг бүрдүүлэхийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Угаасаа ардчилсан капиталист нийгэм буруу замаар явбал юу болдгийг хүн төрөлхтөн үзлээ. Захирахад хэцүүг ч мэдэрч байна. Одоо яах тухай эрдэмтдийн толгой гашлаад эхэлчихэж. Чингис хаан найман зууны дараа манддаг шиг, Владимир Ильич Ленин, Адольф Гитлер, Саддам Хусейн мандах цаг үе ирэх ч юм билүү хэн мэдлээ. Түүхээс суралцаж болно. Шүүж болохгүй.

Да.Жаргалсайхан www.talbicheech.miniih.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top