Баачка сонгодгийн мангасуудын хажууд өөрийгөө ялаа, шумуултай жишдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

 

Хэдхэн өдрийн өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаалгасан Баачкагийн тухай өгүүлэх хэдэн зүйл байна.  

 

-   Тэр одоо бухимдахаа больсон байх. Рок поп нь  шалдар булдар юмнуудаар дүүрчихээд байгаад, тэгээд өөрөө Улаанбаатарт  хавчигдангуй байгаадаа чамгүй бухимддаг байсан тэр..  Өөрийг нь үнэлэх хэсэг дэндүү жаахан, цөөхөн гэж гутардаг байсан тэр.. Харин өнөөдөр бол тэгж гутрахгүй байгаа байх. Шалдар булдар юмнууд дүүрэн байлаа гээд өөр өнцгийн орон зайд тэгж амар ноёрхож дийлэхгүй юм байна гэдгийг “Нандин шүтээн”-ийхээ дараа биеэрээ мэдэрсэн гэж найдаж байна.

 

-   “...Тоглолт хийх ямар ч сонирхол байхгүй байна. Тэгээд нэг тоглолт хийлээ гэхэд би чинь аймаар гоё нүсэр тоглолт хийнэ гээд л зүтгэчихнэ ш дээ. Зүгээр нэг миа тоглолт хийхгүй. Тэгж хийхээр олж байгаа ашиг маруухан. Тэгээд дээр нь зритель бага цуглавал бүр хэцүү...  Ийм нийгэмд, ийм хүмүүст тоглоод ч яах юм гэж боддог.” хэмээн Баачка  гурван жилийн өмнө ярьж байсан.  Харин одоо бол тэр өөр зүйл ярина гэдэгт бат итгэлтэй байна. Өнгөрсөн жил “Никитон”  хамтлаг яаж бут авлаа даа..  Тэгтлээ өөрийгөө тунхаглаж,  тэгтлээ сүр хүчээ мэдэрчихээд байж  “Тоглолт хийх ямар ч сонирхол байхгүй байна...” гэж тэр одоо  тийм итгэлтэй хэлж дийлэхгүй байх. Түүний фэнүүдийн өмнөөс тэгж найдаж байгаа юм.

 

-  Тэр өөрийгөө сонгодгийн мангасуудын хажууд бол ялаа, шумуултай зүйрлэсэн ч, монголдоо бол хэнээс ч илүү дээд түвшинд боловсорсон гэдэгтээ харин дэндүү итгэлтэй байдаг. Хөгжим бүжгийн коллежийн тааруухан сурлагатнуудын нэг явсан 13-хан насандаа  “Янаг цэцэг”-ийг зохиочихоод байхад нь хувийн хэрэг дээр нь “авъяас муу, сонсгол дунд зэрэг” гэхчлэн тодорхойлолтуудыг бичиж үлдээсэн багш нарт нь одоо бол хэлэх үг байхгүй л болов уу.  Тэр 19 настайдаа  өдгөө  алдаршсан “Хос хунгийн дууль”-иа зохиож байсныг нь бодохоор, нөгөөх хувийн хэрэг дээрх муу тодорхойлолтууд нь түүнийг  ирлэсэн ч юм бил үү гэх сэтгэгдэл төрөхөөр..  

 

 - Тэр их олон төрлийн найзтай гэж өөрөө хэлсэн байсан. Гэхдээ түүний ганцаардлыг тэдгээр төрөл төрлийн найзууд нь хэдий хэмжээнд хугасалж байсныг хэн мэдэх билээ. Магадгүй, тэр одоо харин уран бүтээлчийн хувьд төдийгүй хувийн амьдралын хувьд ч ганцаардахгүй байгаа болов уу. Эхнэр, хүү хоёроосоо тусдаа Улаанбаатартаа төвхнөсөн өнгөрсөн жилүүдийнх нь ганцаардмал амьдрал ч түүнийг гутранги байхад нөлөөлсөн байж мэдэх юм. Гэхдээ  түүнийг сайн мэдэх хүмүүсийнх нь хэлж буйгаар бол Баачка өөр хайртай учирсан гэсэн. Тэр хувь тавилангаа даган шинэ амьдралаа зохиож буй байх. Тийм болохоор л түүнийг ганцаардахгүй байгаа байх гээд байгаа юм. Хэдийгээр тэр өөрийгөө романтик хүн биш, хүүхэнд дурлаад ч юм уу дуу зохиодог хүн биш гэж байсан ч, магад шинэ хайрандаа хөглөгдөж байгаа болов уу.

 

- Мэдээж түүний тухай ярьж буй бол өвөөгийнх нь тухай заавал тодотгох ёстой юм. Монголын рок попын том үзэгдэл болж цаашид үлдэх нь тодорхой Баачкагийн аав  Ж.Батсайхан нь нэрт хуурч Г.Жамьян гуайн хүү юм. Г.Жамьян агсан бол орчин цагийн морин хуурын хувьсалд үнэлэшгүй хувь нэмрийг оруулсан хуурч билээ. Виолэнчелло дээр үндэслэж морин хуур тоглох шинэ сургалтын аргыг боловсруулан  маш чухал эргэлтийг хийсэн нэрт хуурч Г.Жамьянгийн ховорхон хоолойтой ач хүүгээр монголын рок попын урлаг бахархаж, бардамнахаас ч яах билээ.

 

-  “Никитон”-ы Б.Батчулуун Америк  явсанаа, тэнд өнгөрүүлсэн долоон жилээ маш зөв сонголт байсан гэж ярьдаг.  Эргэж ирсэнийхээ дараа хийсэн бүтээлүүдээ тэс өөр болсон гэдэгт бат итгэлтэй байдаг.  “Янаг цэцэг”, “Ялгуун”, “Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”-ийн араас бүтээсэн  “Нандин шүтээн”, “Би чамд хайртай”-гаа илүү өөр төвшнийх гэж хэлдэг.  “Би чамд хайртай”-гаа монголын амьд хөгжмийг  харуулахаар хийсэн дуу даа хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Тэгэхдээ л 13-хан настайдаа анх зохиосон “Янаг цэцэг”-ээ хувирашгүй үнэнч сэтгэлээр хайрлаж явдагаа бас л хэлдэг юм.

 

-Түүнийг төмөр хүлгээс бас жинхэнэ хурдан хүлгээс илүүтэй нохойнд жигтэйхэн хоббитойг ойр тойрны хүмүүс нь сайн мэднэ. Тэрчлэн түүнд нилээд хэдэн нохой бий. Ер нь хошигноод хэлэхэд, тэр нэгэн нохой Баачкад таалагдсан л бол түүний гэр бүлийн үнэ хүндтэй гишүүн болж байгаа азтай хэрэг юм. Ямартаа л, хайртай овчаркандаа “Никитон” хамтлагийнхаа нэрний Ники-г нь өгч байхав дээ.

 

Баяр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top