Зэвсэгт хүчний алба хаагчид эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ байгалийн гамшиг, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог. 1966 оны үер, Хөтөлд 1996 онд гарсан холёрын дэгдэлт, 1994 оны зуднаас эхлээд жил бүрийн өвөл хөдөө орон нутагт зам, даваа хаагдах, хүнс, тэжээл хүргэх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт цэргийнхэн голлон оролцдог.
Энэ жилийн хувьд 15 аймгийн 55 сумд өвөлжилт хүндэрсэн тул Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан иргэд, малчдад туслах үүргийг гүйцэтгэж байна. Энэ талаар тус ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндоржоос утсаар тодруулахад: 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн манай ангийн 13 жолооч ахлагч 6 ширхэг ЗИЛ-131 авто машинтайгаар Есөнзүйл, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан суманд хүнс тэжээл хүргэх, айл өрх нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн машин болон Улсын нөөцийн газрын өвс тэжээлийг тээвэрлэн яваа авто машинуудад зам гаргах, цаснаас татан гаргах ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн ЗХЖШ-аас тушаал ирвэл Хархорин суманд 2 авто машин гарган үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна” гэв.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )